“Нөөц” хуулийн хэргийг гаргах уу

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд ээлжит өөрчлөлт оруулахаар удахгүй УИХ-д төсөл өргөн барих нь. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд дэмжжээ. Баталснаас нь хойш нэг ч удаа хэрэглэж үзээгүй ганц хууль байдаг нь энэ. 1995 онд баталсан уг хууль 20 гаруй жил “тоосонд даруулан” хэвтсэний эцэст өмнөх парламентын үед шинэчлэн найруулсан юм. Ердөө жил гаруйхны өмнөх хэрэг л дээ. Гэвч энэ “гоё” хуулиа хэрэгжүүлж чадаагүй. 

Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар сонголт хийлгэх шаардлагатай болсон, эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулах боломжтой байдаг. Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт хийх талаар сүүлийн хоёр жилд хоёр дахь санаачилга гараад буй нь “нөөц” хуульд дахин нэг удаа салхи оруулах шалтгаан болоод байна. 

САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ОРОЛДЛОГО 

2011.07 сар. Манай улстөрчид сонгуу­лийн өмнөх жилийн төгсгөлд хуулиа өөрчилдөг уламжлалтай. Энэ ёсоор 2011 оны зун УИХ-ын чуулганы үеэр сонгуулийн ямар тогтолцоотой болохоо ард түмнээс асууя гэсэн яриа хөөрөө гарч байв. АН-ынхан Үндсэн хуулиар, МАН-ынхан сонгуулийн тогтолцоогоор иргэдийн дунд санал асуулга явуулъя хэмээн санаачилсан. Гэвч “Сонгуулийн тогтолцоогоо иргэдээс асуу­даг улс манайхаас өөр алга, дэлхийд ийм жи­шиг үгүй. Биднийг л шийд гэж УИХ-д сонго­сон шүү дээ” хэмээн зарим гишүүн эсэргүүцэж байв. Улмаар АН-ынхан “Дэмий зардал гаргах хэрэггүй. Сонгуулийн тогтолцоогоор ард ний­тийн санал асуулга явуулах шаардлагагүй” хэмээн үзсэн юм. Харин МАН-ынхан “Үүнд 3-4 тэрбум төгрөгийн зардал л гарна. Есдүгээр сард санал асуулга явуулж болно. Сонгуулийн тогтолцоо тойрсон маргааныг иргэд хагалаг” гэж байлаа. Тухайн үед намууд холимог тог­толцоон дахь мажоритар, пропорционалын харьцаан дээр тохирч чадахгүй байсан билээ. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг ир­гэдээс асуухад цаг их орно. Тиймээс арван­ хоёрдугаар сард санал асуулга явуулъя гэж МАН үзэж байсан бол АН-ынхан 2012 оны сон­гуультай зэрэгцээд асуучихъя гэсэн. Жижиг, том асуудал, иргэдээс асуух зүйл мөн, биш хэ­мээн маргасаар энэ яриа замхарсан. УИХ дахь бүлгүүд зөвшилцөж, Сонгуулийн хуульд өөрч­лөлт оруулсныг уншигчид санаж буй байх.

2015.11.07. Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруу­лах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив. 2011 онд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсантай уг хуульд нийцүүлж буй хэмээн санаачлагч тухайн үедээ тайлбар­ласан. Тэр үед Тусгаар тогтнолын баяраар буюу арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулах талаар ярьж байв. Гэвч төслийн хэлэл­цүүлгийн явцад УИХ-ын гишүүд хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах хэрэгтэй гэсэн санал гаргасан тул буцаан татсан юм. 

2016.01.14. Төслийг шинэчлэн найруулаад дахин өргөн барив. Улмаар хоёрдугаар сарын 5-нд баталсан байна. Үүгээр гадаадад амьдарч буй монгол иргэд бүх нийтийн санал асуул­ гад оролцох боломжийг нээхээс эхлээд зарим дэвшилтэй заалт оруулжээ. Гэвч ашиглаж ам­жилгүйгээр УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуу­саж, хууль дахин “нөөцөндөө” үлдсэн билээ. 

ЯАРВАЛ ДААРНА 

Тэгвэл одоо үнэмлэхүй олонх болсон МАН дээрх хуулийг анх удаа хэрэглэхээр төлөвлөж байна. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруула­хыг иргэдээс асуух санал асуулгыг ирэх са­рын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд да­хин засвар хийх гэж буй аж. Уг хуульд “Санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэснийг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр тө­сөлд тусгасан байна. Ингэхгүй бол хугацаа тул­чихсан хэрэг л дээ. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асууд­лаар зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зо­хион байгуулж, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд зургаан чиглэлээр саналаа хэлсэн. Эндээс парламентын хоёр танхимтай, Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно гэсэн хоёр заалт дэмжлэг аваагүй. Харин Ерөнхий сайд танхимын гишүү­дээ томилох, Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхгүй болгох, Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдын нэрийг Үндсэн хуулиар зааж өгөх зэрэг бусад заалтыг олонх дэмжсэн юм. Уг зөвлөлдөх санал асуулгаас гарсан дүнг харгалзан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнийг гишүүн Д.Лүндээжанцан ахалж буй. Ажлын хэс­гийн боловсруулсан төслийг хэлэлцэх, эсэхийг эхлээд УИХ шийднэ. Үүний дараа тодорхой, онцлох гурваас хэтрэхгүй асуудлыг нь сонгож ард нийтээс санал асууна. Учир нь хуульд санал асуулгыг гурваас илүүгүй асуудлаар зо­хион байгуулна гэсэн заалт бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг 76 гишүүний дө­рөвний гурвын дэмжлэгээр, заалт бүр дээр са­нал хурааж шийддэг. Нэг нам үнэмлэхүй олонх болсон учир энэ тал дээр асуудал гарахгүй гэж үзье. Гэвч төсөл боловсруулах, хэлэлцэхэд ху­гацаа хэрэгтэй. Дараа нь иргэддээ мэдээлэл өгнө. Үүнд сар гаруйхны хугацаа багадах мэт санагдана. Энэ бүхнээ эртнээс тооцож, судалж төлөвлөж байж санал асуулгаа явуулах ёстой. Гэвч манай улстөрчид аливааг цаг тулган, яарч сандран хийх дуртай бололтой. Өмнө нь цаг тулгаад санал асуулгаа явуулж чадаагүй туршлага бий. 

Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг ард нийтээрээ хэлэлцэх нь зайлшгүй. Гэвч “эцэг” хуулийг өөрчлөх нь жирийн нэг хуульд засвар хийхээс өөр, маш чухал ажил. Төсөл бо­ловсруулахад ч, иргэдээс санал авахад ч нухац­тай хандах ёстой. Тиймээс 22 жил “нөөцөлсөн” Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэглэж, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруу­лахыг иргэдээс асууж амжих, эсэх нь одоогоор бүрхэг харагдаж буй юм. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, гэвч яарч хэлэлцвэл хиргүй хууль гарах нь бас юу л бол. Бас ард нийтийн санал асуулгаар нэгэнт шийдсэн асуудлыг ойрын таван жилд дахин хөндөх боломжгүй гэдгийг эрхэм түшээд санаж байгаа болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)