Нөөцийн махыг 40 орчим хувиар хямд борлуулав

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ХХААХҮЯ-наас нөөцийн мах борлуулах ажил зохион байгууллаа. Нийслэлийн зургаан дүүрэгт 10 цэгээр борлуулсан үхрийн ястай мах нэг кг нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байв. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд 09.00-13.00 цагт хоёр тонныг борлуулаад байв.

Нэмж гурван тонныг худалдахаар төлөвлөснийг борлуулагч нь дуулгалаа. Мах авахаар урт дараалалд дугаарласан иргэдээс гадна тэнд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны ажилтнууд хэв журам сахиулж байв. Тус хорооны Засаг дарга Ц.Бат-Эрдэнэ “Худалдааны төвийн гадна мах борлуулж буй нь нийтийг хамруулах зорилготой. Манай хорооны ажилтнууд 07.00 цагт ирж бэлтгэлээ ханган, иргэдийг журамтай дугаарлууллаа. Мөн нэг хүнд 2.5 кг-аар савласан дөрвөн уут махнаас хэтрүүлэхгүй хэмжээгээр олгож байна. Бямба гарагт дөрвөн тонныг борлуулсан” гэв. 

Иргэн Б.Батчимэг “Хоёр цаг орчим зогсож байгаа ч авч чадаагүй байна. Ганцхан машинд ачин ирж, ганц хүн худалдаж байгаа тул ахиц алга. 2-3 борлуулагч хэрэгтэй шүү дээ. Ингэж хүлээчихээд мах нь дуус чихвал харамсалтай” гэсэн юм. Ташрамд дурдахад, энэ хавар махны үнэ бусад жилийнхээс харьцангуй өндөр үнэтэй байна. Өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” захад үхрийн мах жи жиглэнгээр 11 000-13 000, хониных 9500-10 500, ямааных 9500-10 000 төгрөгийн ханштай байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)