Нөөцийн махны үнэ 7000 төгрөгөөс хэтрэхгүй

Манай улс 66 сая малтай бөгөөд жилд 10-12 сая толгойг нь нядалж, хүнсэндээ хэрэглэдэг. Гэтэл махны үнэ ялангуяа хаврын улиралд тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог нь уламжлал болжээ. Мал болон иргэдийн тооны харьцаа, эсвэл нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд толгой цохидгоосоо шалтгаалдаг уу, бид жил бүрийн хавар нөөцөлсөн махыг зах зээлийн үнээс хямд өртгөөр худалдаанд нийлүүлэхийг эрмэлздэг. 

Үүний хүрээнд намрын улиралд мал тарган, мах хямд байх үед бэлтгэн, хөлдөөж, хавар борлуулдаг махны хэмжээ 2010 он хүртэл жилд 20 000 тонноор хэмжигддэг байсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хэлж байна. Тэгвэл энэ хавар иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж хэдий хэр мах нөөцөлсөн, ямар үнээр худалдах болон ер нь махны ханш ямар байгааг тодрууллаа.

Хамгийн хямд махыг нийслэлчүүд худалдан авч болох худалдааны төвийн нэг “Хүчит шонхор”-т өчигдрийн байдлаар үхрийн мах нэг кг нь 10 000-12 000, хониных 7000-8000, ямааных 6800-7300, адууных 7500-8000 төгрөгийн үнэтэй байсан бол тэмээнийхийг 6800-7200-гаар борлуулж байв. Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” хүнсний захад ямаа, тэмээ, адууны мах бараг байгаагүй бөгөөд үхрийн цул мах кг нь 12 000-13 000, хониных ясгүй нь 8500-9000 төгрөг байв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс махны үнэ дийлэнх дэлгүүр, худалдааны төвд дунджаар кг тутамдаа 1500-3000 төгрөгөөр өссөн дүн гэдгийг статистикийн мэдээллээс харж болно.

Жил ирэх бүр мах, махан бүтээгдэхүүний үнэ өссөөр буй нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, бухимдал төрүүлсээр байгаа юм. Тухайлбал, нэг кг махаар таван ам бүлтэй айл хоёр орой хоол хийнэ гэвэл сард 15 кг-ыг хэрэглэнэ гэсэн үг. Кг-ыг нь 10 000 төгрөгөөр худалдан авбал сар бүр 150 000 төгрөгийг мах авахад зарцуулах ба энэ нь сарын 600 000 төгрөгийн цалинтай хүний орлогын 25 хувь юм.

“Таван-Эрдэнэ” захаас мах худалдан авч байсан Баянгол дүүргийн XVIII хорооны иргэн Г.Хүрэлхүү “Тэтгэврийн хөгшчүүл бид мах авах аргагүй боллоо. Ялангуяа хаврын хаварт үнэ нь тэнгэрт хадчих юм. Ганц кг мах 10 000 гаруй төгрөгт хүрэхээр иргэд бусад хэрэглээндээ ямар мөнгө зарцуулах болж байна вэ. 

Мах ч гэлтгүй, хонины хуйхалсан толгой, элэг, сүүл, үхрийн гэдэс зэрэг дайвар бүтээгдэхүүний үнэ ч өсчихөж. Хэдэн жилийн өмнө өдийд жижиглэж, хөлдөөсөн, хямд үнэтэй нөөцийн мах борлуулаад эхэлчихсэн байдаг сан. Тарганаас нь худалдан авдаг байж билээ. Сүүлийн 2-3 жил би лав нөөцийн махны бараа харсангүй. Хаагуур, хэдэн төгрөгөөр зараад өнгөрдөг юм бүү мэд” гэсэн юм.

Энэ жил аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, нөөцийн мах бэлтгүүлэхээр 2019 оны улсын төсөвт хөрөнгө “суулгажээ”. Уг мөнгөөр мах бэлтгэн, энэ хавар зах зээлд нийлүүлэх хүсэлтээ мал нядалгаа, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон компани ХХААХҮЯ-нд ирүүлсэн аж. Арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээлийг гурван аж ахуйн нэгж л авч чадсан байна.

Тэд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэжээ. Нөөцөлсөн махаа дөрөвдүгээр сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулахаар төлөвлөж буй аж. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30-ыг нь үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй гэлээ. Ер нь сүүлийн 6-7 жил манай улс жилд 10 000 гаруй тонн мах нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн онд 12 000 тонныг бэлтгэн, хөлдөөж байж. Харин энэ жил нөөцийн мах ны хэмжээ ийнхүү буурсан шалтгааны талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох “Нөөцийн мах бэлтгэх компаниуд банкны шалгуураар, өөрсдийн хүчин чадал, эдийн засгийн чадамжид тохирсон хөрөнгө авчихаад байгаа нь энэ. 

Улсын төсөвт суулгасан хөрөнгөөр аж ахуйн нэгжүүд мах бэлтгэдэг бөгөөд энэ жил 1-2 дугаар сард мөнгөө авсан. Тиймээс намрынхаас үнэтэй мал худалдан авч, мах бэлтгэсэн гэж ойлгож болно. Ер нь компаниудад хэдий хэр мөнгө олгох болон бэлтгэх махны хэмжээнд яам шууд оролцох боломжгүй. Шаардлага хангах компаниудыг сонгон шалгаруулж, банктай холбодог. Банкны шалгуураар л зохицуулагдана гэсэн үг. Энэ жил нөөцийн махны кг-ын үнийг 7000 төгрөгөөс хэтрүүлэхгүй” гэсэн юм.

Мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ жил ирэх тусам өсөж байна. Өнгөрсөн жил 70 000 гаруй тонныг экспортолсон нь 2016 оныхоос бараг 3-4 дахин ихэссэн дүн юм. Ийнхүү экспорт нэмэгдэж буй нь дотоодын зах зээлд махны үнэ өсөхөд нөлөөллөө гэх хүмүүс ч бий. Энэ талаар Т.Гантогтох “Экспортын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж буй нь малчдын орлогыг өсгөх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж юм. 

Яамны зүгээс үүнд хяналт тавьдаггүй. Тухайн компани экспортын шалгуур ханган, зах зээлээ олж үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Харин манай сүргийн бүтэцтэй холбоотойгоор адууны мах гаргахад л хязгаар тогтоодог. Экспорт нэмэгдэх нь дотоодын зах зээлд тухайн бүтээгдэхүүний үнэ өсөх шууд шалтгаан болохгүй, ер нь бүх төрлийн таваарын үнэ зах зээлийн зарчмаар тодорхойлогдоно” гэсэн юм.

Энэ хавар худалдаанд нийлүүлэхээр 4000 тонн мах нөөцөлсөн нь хангалтгүй хэмжээ тул нэмж 1000 тонныг нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийн дунд өнгөрсөн гуравдугаар сард ахин сонгон шалгаруулалт явуулсан аж. Зургаан компани оролцсон шалгаруулалтад хоёр нь тэнцсэн бөгөөд 1000 тонн мах нийлүүлэх үүрэг хүлээсэн гэнэ. Тэдгээр компани шинээр мал нядалж, мах бэлтгэхгүйгээр өөрсдийн нөөцөлсөн махаа зах зээлийн үнээс хямд борлуулахаар ХХААХҮЯ-ныхантай тохиролцжээ. Гэхдээ 1000 тонн мах бэлтгэх ажил хараахан дуусаагүй байна гэв.

Зүй нь мах бэлтгэхэд 10-11 дүгээр сар хамгийн тохиромжтой бөгөөд мал тарган, мах хямд байдаг үе. Гэтэл энэ үеэр хөнгөлөлттэй зээл олгодоггүй аж. Он гарч зээл өгч эхэлсэн ч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгө, чадавхыг харгалзан өөрсдөд нь тохирсон байдлаар бага хэмжээний санхүүжилт олгосон нь энэ хавар нөөцийн махны үнэ өндөр, хэмжээ бага байхад нөлөөлсөн биз ээ.

Нөөцийн мах нийлүүлэх болзол ханган, 500 орчим тонн мах бэлтгэчихээд буй “Сүхбаатар мах маркет” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхантай уулзахад “Манай компани Сүхбаатар аймагт мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад цөөнгүй жил болсон. Хоногт 120 бод, 6000 бог нядлах хүчин чадалтай төдийгүй 6000 тонн мах хадгалах багтаамжтай зоорьтой зэрэг нь банкны шалгуур хангахад нөлөөлсөн болов уу. Мөн зөвхөн Сүхбаатарт махны чиглэлээр үржүүлдэг малын амт чанартай мах бэлтгэдэг юм. 

Одоогоор бид хүчин чадлынхаа 60 орчим хувийг л ашиглаж буй нь эргэлтийн хөрөнгө багатай холбоотой. Энэ жил 1000 тонн мах нөөцлөх хүсэлт гаргасан нь ч банкны шаардлагатай холбоотойгоор 500 тонныг л бэлтгэх мөнгө авч чадсан. Мөн зээл авсан даруйдаа шинээр мал худалдан авч, нядалж, мах бэлтгэж эхэлсэн тул мал харьцангуй үнэтэй үед ажлаа эхлүүлж, саяхныг хүртэл үргэлжлүүллээ. Бид кг махыг 5000 төгрөгөөр бэлтгэх төсөв авсан гэж ойлгож болно. Харин зах зээлд үхрийн нэг кг махыг 7200, хониныхыг 6000, ямааныхыг 5500 төгрөгөөр борлуулна. Энэ долоо хоногт салбарын яамныхантайгаа ярилцан хэзээ, аль худалдааны цэгүүдээр борлуулахаа шийднэ” гэсэн юм.

Эндээс харахад, энэ жил нөөцийн махны нэг кг-ын үнэ өнгөрсөн жилийнхээс үхрийнх 1500-1700, хонины мах 700-800, ямааных 1000-1200 төгрөгөөр нэмэгдэх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)