Нөөцийн махны олдоц, эрэлт бага байна

Нийслэлийн зарим дэлгүүр, үйлчилгээний төвд өнгөрсөн пүрэв гаргаас нөөцийн мах борлуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах борлуулах болсон зарим дэлгүүрт уг бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт ямар байгааг сонирхлоо. Баянгол дүүрэг дэх, бидний нэрлэж заншсанаар “ТБД андууд”-ын баруун талын “Стар” төвийн нэгдүгээр давхарт байрлах хүнсний дэлгүүрт өнгөрсөн бямба гаргийн 11.00 цагт нөөцийн мах байсангүй. Мах худалдан авахаар 10 орчим үйлчлүүлэгч хүлээж байв. Харин 12.00 цагт түгээлтийн автомашин ирсэн юм. Тус дэлгүүрт 2-3 кг-аар савласан, нийт 500 кг мах авчирснаас 250 кг нь хониных, үлдсэн нь үхэр, ямааных байв. Ер нь нөөцийн мах борлуулах дэлгүүрүүд өдөрт 500 кг-аас илүүгүйг худалдах бөгөөд иргэд хоёроос дээш уут мах авбал нэгт нь ямааных байхаар хуваарилж өгөх ёстойг “Стар” төвийн менежер С.Отгонбаяр хэллээ.

Дээрх дүүргийн XIX хороонд байрлах “Бэст” дэлгүүрт тухайн өдрийн 13.00 цагт нөөцийн мах авчраагүй, өмнөх өдрийнх нь үлдэгдэл, бага хэмжээтэй байв. Үдээс хойш нь 300-500 кг-ыг авчрах, нөөцийн махны эрэлт төдийлөн их биш байгаа талаар тус дэлгүүрийнхэн хэлсэн юм. Харин нөөцийн махыг хоёр салбараараа дамжуулан борлуулна гэсэн “Дүүхээ” төвд нөөцийн мах байсангүй. Нөөцийн мах борлуулах байсан ч бэлтгэн нийлүүлэгчидтэй нь тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас зарахаа больсон гэдгийг зохион байгуулагч нь дуулгалаа. Ташрамд дурдахад, нийслэлд зургаан дүүрэгт, 400 орчим үйлчилгээний төв, дэлгүүрээр 12 000 гаруй тонн мах борлуулах бэлтгэл хангасныг ХХААХҮЯ мэдээлсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)