Нөөцгүйн зовлон

“Ковид-19” вирусийн тархалтын улмаас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосноор улсын эдийн засгийн идэвхжил үлэмж суларлаа. Эдийн засгийн идэвжил удаан хугацаанд суларвал ажилгүйдэл газар авна. Үүнээс болгоомжилсон эдийн засагчид ажлын байрыг хамгаалах алсын хараатай бодлого явуулахыг төр, засгаас нэхэж байна. Иргэд ажлын байртай, орлоготой байх нь эдийн засгийн суурь үзүүлэлт. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэд нь ажилгүй болбол айл өрх орлогогүй болж ядуурна. Айл өрх ядуурвал улс ч доройтно. Эдийн засгийн утгаар нь авч үзвэл олон хүн ажилгүй болбол хямрал нүүрлэх юм. Хэрэв эдийн засгийн хямрал нүүрлэвэл “анагаахад” ихээхэн хугацаа шаардагдах агаад хөрөнгө мөнгө их хэмжээгээр зарцуулдаг учиртай. Тиймээс эдийн засагчид, улстөрчид, банк санхүүгийн байгууллага, бизнесийн төлөөлөл эдийн засгаа хүндрүүлэхгүйгээр, ажлын байрыг хамгаалан хэцүү үеийг хэрхэн давах вэ гэж тархиа гашилгаж, санаа бодлоо уралдуулж байна. Тархиа одоо сайн гашилгах хэрэгтэй. Эс бөгөөс хожим толгойгоо шаах хэрэг гарна.

Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоогоод бараг хоёр сар болж байна. Мөн хоёр хөршийнхөө хилийг хаасан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Шинэ коронавирус тархахаас сэргийлсэн хөл хорионы улмаас хамгийн их алдагдал хүлээж, боломжоо алдаж буй хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Худалдааны төвүүд, үйлчилгээний газруудын орлого буурсан нь тодорхой. Зарим худалдаачид лангуугаа хаагаад гэртээ сууж байна. Нээсэн ч тэд бараг бараа зарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийг гэрээс нь ажиллуулах, үйлчилгээгээ зогсоохыг шаардсанаар орлого буурч байгаа. Цар тахлын тархалт хэзээ зогсох нь тодорхойгүй нь байдлыг улам ярвигтай болгож буй.

Хувийн хэвшлийнхэн МҮХАҮТ-д хандан татвар хөнгөлөх, төлөх хугацааг 3-6 сараар хойшлуулах, зээлийн хүүг бууруулах санал гаргаад байна. Тус байгууллагынхан ч хүсэлтийг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжилсан. Харин хөнгөлөлт чөлөөлөлт, эдлүүлэх ямар нэг шийдвэр төр, засгаас өдий хүртэл гаргасангүй. Санхүүгийн хүндрэлд орсон компани, аж ахуйн нэгж давагдашгүй хүчин зүйл тохиолдсон энэ үед “эцэг” болсон төр, засгаасаа ийм зүйл гуйна. Төрөөс хөнгөлөлт, эдлүүлэхгүй бол хувийн хэвшлийнхэн зардлаа танаж эхлэх нь ойлгомжтой. Борлуулалт нь багассан тэдэнд хүн хүч хэрэггүй. Тиймээс ажилчдаа гэртээ суухыг тушаах нь ойлгомжтой. Ажилгүйдэл нэмэгдэхийн эхний дохио энэ. Тэгэхээр төр ажлын байрыг хамгаалахын тулд зарим нэг татвараа хөнгөлж, хурааж авах хугацааг нь хойшлуулах хэрэгтэй болох нь.

МҮХАҮТ-аас орон нутагт соёлын төв, засаг захиргааны байр барих төсвийн хөрөнгө оруулалтыг “царцааж”, түүнд зарцуулахаар төлөвлөсөн 220 тэрбум төгрөгөөр аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн хүүгийн 50 хувийг гурван сарын хугацаанд төрөөс даах санал гаргаж байгаа. Тэдний саналыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Төсвийн тодотгол хийхгүй” гэсэн байр суурь няцааж буй. Эдийн засгийн хүндрэлийг төсвийн хөрөнгө оруулалтыг танахгүйгээр харин ч нэмэгдүүлж даван туулах арга бий. Төсвийн зардлыг бууруулахгүйгээр тодотгол хийгээд, хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлж яагаад болохгүй гэж. Засгийн газар ацан шалаанд орж магадгүй юм. Орлогогүй болсон учраас хуримтлалгүй аж ахуйн нэгжүүд үнэхээр сандарч байгаа. Гэнэтийн санхүүгийн бэрхшээл тулгарахад хуримтлалгүй иргэн хэрхэн сандардаг билээ. Яг түүн шиг л мэдрэмжийг аж ахуйн нэгжүүд амсаж буй нь дамжиггүй. Хуримтлалгүй хүн санхүүгийн дутагдлаа зээл авч нөхдөг.

Энэ үед Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөсөн нь сайн хэрэг болов. Төсвийн дэмжлэг авч чадахгүй байгаа хувийн хэвшлийнхний аминд зээл л орно. Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувиар бууруулж, найм болгосноор 320 тэрбум төгрөг суларсан гэж мэдэгдлээ. Эл мөнгө аж ахуйн нэгжүүд зээл авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэм болох нь ойлгомжтой. Бодлогын хүүг нэг хувиар бууруулсан. Монголбанк өөрт буй боломжийг өнөөгийн нөхцөлд тохируулан арга хэмжээ авч байна гэж ойлгох хэрэгтэй. Төвбанкнаас ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ нь орлого нь тасарсан иргэдэд тустай шийдвэр. Иргэдийн санхүүгийн дарамтыг ийн бууруулчихлаа.

Тэгвэл аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг хэрхэн бууруулах гэж байна вэ. Дээр дурдсанчлан Монголбанк эдийн засгийн нөхцөлд тохируулан өөрийн боломжоор мөнгөний бодлогыг зөөлрүүллээ. Шийдвэрийн үр дүн эдийн засагт хэр далайцтай нөлөөлөх нь тодорхойгүй. Санхүүгийн салбарынхан заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувиар бууруулсан нь сарын дараагаас эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байна. Мөн бодлогын хүүг нэг хувиар бууруулсан нь 3-6 сарын дараа нөлөөлнө гэж тайлбарлав.

Харин Сангийн яамнаас хувийн хэвшлийнхэнд татвар төлөх хугацаа хойшлуулах, хөнгөлөх зэрэг дэмжлэг үзүүлэх, эсэх нь бүрхэг хэвээр. Ч.Хүрэлбаатар сайд манай эдийн засагт түр зуурын хүндрэлийг даваад гарах суурь, нөөц ч бүрдсэн гэж тайлбарласан. Тэрбээр нөөц гэж Ирээдүйн өв санд хуримтлуулсан 600 гаруй тэрбум төгрөгийг хэлж буй. Гэхдээ Ирээдүйн өв сангийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж хэлээгүй. Одоогоор төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн барим тавим мэдээлэл гарах болов. Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ хямдарч байгаа учраас төсвийн орлого буурах нь тодорхой болсон. Орлогын дутагдлыг Ирээдүйн өв сангийн хуримтлалаар нөхөөд цааш явна гэсэн бодол Сангийн сайдад байгаа бололтой. Бага боловч хуримтлал үүсгэснийхээ ашгийг монголчууд энэ үед гаргах нь.

Зарим эдийн засагч Ирээдүйн өв сангийн хөрөнгө хангалттай хүрэлцэх нөөц биш гэж үзэж буй. Үүнээс илүү, тэр тусмаа гадаадад валютаар хадгалсан нөөцтэй байсан бол эдийн засгийн хүндрэлийг сандрахгүйгээр давах боломжтой гэж тэд үздэг. Уг нь манай улс Төсвийн тогтворжуулалтын сандаа 400 гаруй тэрбум төгрөг хуримтлуулсан. Түүнийг энэ онд зарцуулахаар тооцоод төсвийн хуульд тусгачихсан. Төсвийн тогтворжуулалтын болон Ирээдүйн өв сангаа хоослон байж хүндрэлийг давах нь. Эдийн засгийн аливаа хүндрэлийг давахад төлөвлөгөө хэрэгтэй гэж эдийн засагчид ярьж буй. Тэгвэл эдийн засгийн түр зуурын ч бай, урт хугацааны ч бай хүндрэлийг давахад улс оронд нөөц чухал гэдгийг монголчууд ойлгосон болов уу. Нөөц ихтэй бол түүндээ тохирсон төлөвлөгөөг боловсруулаад, ажлын байраа хадгалаад хүндрэлийг даван туулах байлаа. Гэтэл бид өдгөө тэднийх зах зээлдээ төдөн тэрбум ам.доллар нийлүүлж байна, эднийх тэдийг гаргах нь гэж атаархан ярилцаж сууна. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалахад хүрэлцэх нөөцтэй байсан бол бид нөмөрч ирсэн бэрхшээлээс айх шаардлагагүй. Нөөц бүрдүүлж чадаагүй учраас зовлонгоо эдэлж байна. Цар тахлын үе аливаа эрсдэл тулгарахад хувь хүн ч, улс ч тэр нөөцтэй, хуримтлалтай байх хэрэгтэйг ч ойлгуулж байх шиг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)