Нөхөн сонгуулийн “марафон”-д Цэц л цэг тавина

- АН, МАН, МАХН, ИЗНН, Үнэн ба зөв нам сонгуульд оролцох албан ёсны шийдвэрээ гаргаад байна –

УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцох албан ёсны шийдвэрээ өчигдөр АН, МАН, ИЗНН, Үнэн ба зөв нам төлөөллийн байгууллагаараа дамжуулан гаргасан бол МАХН уг хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд хэн байх вэ гэдгийг шийдэх тус сонгуульд улс төрийн намууд албан ёсны хүсэлтээ өнөөдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой.

Одоогийн эрх баригчдад дүн тавих, ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох, цаашлаад нам доторх сэв, хагарлыг сэдрээх, эсэхийг шийдвэрлэх эл сонгууль Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн маргаантай холбоотойгоор болох, эсэх нь тодорхойгүй ч ийнхүү намууд хуулиа баримтлан оролцохоо илэрхийллээ.

УИХ хаврын чуулган завсарлахын өмнө 62 дугаар тогтоол баталж, чөлөөлөгдсөн гишүүн Д.Гантулгын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс эхлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг аравдугаар сарын 7-нд хийхээр болоод буй.

Харин уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар Цэц өнгөрсөн сарын 18-нд маргаан үүсгэх тогтоол үйлдэн, шалгаж эхлээд байгаа юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар нэгэнт маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. Юутай ч зарим иргэний төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхийг хязгаарлах нөхцөл бүрдүүлж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулж буй уг тогтоолтой холбогдуулан Цэцээс СЕХ-нд албан бичиг илгээж, тайлбар гаргуулахаар хандсан.

Хариуг нь СЕХ энэ сарын 20 гэхэд илгээсэн байх учиртай. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан 30 хоногийн дотор амжиж тайлбар ирүүлэх ёстой гэсэн үг. Гэхдээ тухайн маргаан нь ээдрээ, түвэгтэй гэх шалтгаанаар дээрх хугацаанд хуралдаанд бэлтгэж амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан байдаг.

Энэ тохиолдолд уг маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан есдүгээр сарын 20 хүртэл хойшлох магадлалтай. Гэтэл сонгуулийг товлон зарлахтай хамт СЕХ тогтоол батлан, 42 дугаар тойрогт явуулах сонгуулийн цаг хугацааны хуваарийг нарийвчлан баталсан. Өөрөөр хэлбэл, уг сонгуулийн дүнг гарган, нийтэд мэдээлэх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд эл хуваарийг л баримтлах ёстой.

Үүний дагуу СЕХ-ны тогтоолоор аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан. Мөн улс төрийн бүхий л намд зөвлөмж хүргүүлээд буй. Цэцийн үүсгэсэн маргаантай холбоотойгоор нөхөн сонгууль товлосон хугацаандаа болох, эсэх нь эргэлзээ дагуулж буй ч СЕХ УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, баталсан хуваариа ягштал мөрдөх учиртай. Нөхөн сонгуулийн “марафон”- д Цэц л цэг тавина.

МАН-ын дарга У.Хүрэлсүх бага хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ-ын нөхөн сонгуулийг товлон зарласан тогтоол түдгэлзэх заалттай. Есдүгээр сар хүртэл уг маргааныг хэлэлцэхгүй байхаар харагдаж байна. Дээрх хугацаанд улс төрийн нам “сонгуульд оролцоно” гэдгээ илэрхийлэхээс эхлээд бусад бэлтгэл ажлаа гүйцэтгэх үүрэгтэй” хэмээн онцолно лээ. Чухам ийм үндэслэлээр намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн нь энэ.

Сонгуульд оролцох тухай намын их хурал, эсвэл төлөөллийн төв байгууллагын шийдвэрийг СЕХ юуны түрүүнд шаарддаг. Энэ үүднээс харвал хоёр “эзэн”-тэй мэт болоод удаж буй МАХН-ын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авах, эсэх нь бас эргэлзээ дагуулж буй. Учир нь МАХН дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлэх гэж хоёр дахиа хандаад байгаа.

Улсын дээд шүүх тэдний хүсэлтийг ийн удаа дараа хүлээж авахаас татгалзаж буй нь тэрхүү дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталсан хурлыг хуулийн хүрээнд явуулсан гэж үзэх үндэсгүй байгаатай холбоотой. Хамгийн сүүлд буюу тавдугаар сард МАХН-ын хүсэлтийг хангахаас татгалзахдаа Дээд шүүх “Намын ээлжит II их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байдаг.

Улмаар Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс өнгөрөгч сарын эхээр ээлжит бус их чуулган хийж, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө хэлэлцэн, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад буй. Өөрөөр хэлбэл, эл чуулганыг нь ч бас холбогдох хууль, намын дүрэмд нийцсэн гэж Дээд шүүх үзэх, эсэх нь өнөө хэр эргэлзээтэй байна. Үүнээс гадна уг намын удаах “эзэн”, УИХ-ын гишүүн О.Баасанхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын хуралдуулсан ээлжит бус их чуулганаас гарсан шийдвэр нь хууль бус гэж үзэж буйгаа мэдэгдээд зогсохгүй өөр хүнийг тус тойрогт сойж, өрсөлдүүлэхээ хэдийнэ хэвлэлээр уламжлаад амжсан.

Юутай ч СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх, эсэх тухай шийдвэр гаргана. Харин ирэх сарын 4 гэхэд хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн болон улс төрийн хүрээнийхний таамагт бүрэн итгэхэд өнөөдөр эртэднэ. Гэхдээ өчигдөр МАН-ын бага хурлын хуралдааны үеэр зарим “нэр дэвшигч”-ийн байр суурийг сонсож чадсан юм.

Тухайлбал, МАН-аас тус тойрогт нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж буй, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Миний хувьд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нэр дэвших боломжгүй. Дэвшлээ гэхэд өрсөлдөгч тал унагахыг хүсвэл “Энэ хүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна” гэнэ.

Энэ утгаараа би хамгийн хэврэг нэр дэвшигч болж хувирна. Хэрвээ нэр дэвших байсан бол би зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуультай” гэсэн юм. Мөн намын дарга нь тус тойрогт нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй болохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв. У.Хүрэлсүх УИХ дахь намын бүлгийн хуралдааны үеэр нөхөн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдсэн гэдэг.

АН: БҮЛЭГ, ФРАКЦААР ТАЛЦДАГ ЯВДАЛ БАЙХГҮЙ БОЛСОН

АН-ын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд хуралдав. Хурлыг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нээж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцлоо.

Ротацаар ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын 10 хүний ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батламжлан, АН-ын үнэмлэх гардуулах, намын үзэл баримтлалын төсөл хэлэлцэх, Намын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний тухай болон Төрийн сонгуульд АН-ыг зохион байгуулж, оролцуулах байгууллагын тухай, Намын гишүүний ёс зүй, сахилгын тухай, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай журмыг батлах гэх мэт 12 асуудлыг тус хурлаар хэлэлцсэн юм.

АН УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэсэн нь ҮБХ-ны хурлаас гаргасан хамгийн гол шийдвэр байв. 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул нөхөн сонгуульд зориулж өөр мөрийн хөтөлбөр боловсруулахгүй байна.

ҮБХ-ны хурлын талаар болон цаг үеийн бусад асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-ҮБХ-ны IV хуралдаан хэр үр дүнтэй, ажил хэрэгч болж байна вэ?

-Энэ хурлаар нийт 12 асуудал хэлэлцэж, амжилттай баталлаа. УИХ-ын 42 дугаар тойрогт аравдугаар сард болох нөхөн сонгуульд АН оролцохоо илэрхийлж, тогтоол, шийдвэрээ батлан албажууллаа. УИХ болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмаа баталлаа. Үүнийгээ СЕХ-нд хүргүүлнэ.

Өнгөрсөн онд болсон намын VI их хурлаас хойш бид АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийг шинэчлэх ажлыг хийж байгаа. Үндсэн дүрмийг шинэчлэх ажил амжилттай дууссан. Шинэ дүрмийн дагуу намын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Үзэл баримтлалын төслийг нэлээд урт хугацаанд, олон шат дамжлагатай хэлэлцэж байгаа. Гурван ажлын хэсэг гаргаж ажиллуулснаа энэ оны гуравдугаар сард нэг том ажлын хэсэг болгож нэгтгэсэн.

Ажлын хэсгийнхэн үндэсний хэмжээний гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хамгийн сүүлд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хороонд намын анхан, дунд шатны бүх байгууллагыг хамруулж, үзэл баримтлалын төслөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эдгээр хэлэлцүүлгийн явцад гишүүд, дэмжигчдээс гарсан саналыг нэгтгэж, тусгасан үзэл баримтлалын төслийг ҮБХ-гоор сайшааж, тогтоол баталлаа.

Ингэснээр АН-ын дараагийн их хурлаар үзэл баримтлалыг батлахад бэлэн болгож байгаа юм. Үндсэн дүрэм, үзэл баримтлалаа шинэчлэн баталснаар АН-ын шинэчлэл оргилдоо хүрлээ гэж үзэж болно. АН-ын цаашдын бүх үйл ажиллагаа энэ хоёр баримт бичгийн хүрээнд өрнөх юм.

-Шинэчлэл шувтарч байна гэж ойлгож болох уу?

-Ер нь АН төдийгүй бусад улс төрийн намд шинэчлэлийн үйл явц байнга өрнөж байх ёстой. Тэгэхээр шинэчлэл дуусна гэж байхгүй.

-АН-ын дотоод уур амьсгал ямар байгаа вэ?

-АН-ын явуулж буй үйл ажиллагаа, гадаад, дотоод бодлогын асуудалд ямар нэг санал зөрөлдөөн байхгүй. Хуучных шиг бүлэг, фракцаар талцаж, хуваагддаг, хоорондоо маргалдаж, хэрэлддэг явдал эцэс болсон гэж хэлж болно.

-Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцсан уу?

-Нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа болоогүй байгаа. Ирэх сарын 4-ний дотор нэр дэвшигчээ зарлана.

-Нэр дэвшүүлэх журмаа өөрчилсөн гэсэн. Ямар шалгуураар нэр дэвшүүлэх вэ?

-Манай намын шинэчлэлийн гол амин сүнс нь “Бүх асуудлыг гишүүдийн саналаар шийднэ” гэж байгаа. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг энэ зарчмаар тодруулж, өнөөгийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсэн. Энэ зарчим цаашид үргэлжлэн хэрэгжинэ. Нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд юуны өмнө тухайн тойргийн анхан, дунд шатны намын байгууллагуудаар хэлэлцүүлнэ. Мөн судалгаа хийх шаардлагатай. Эцэст нь намын Улс төрийн зөвлөлөөр ярьж байж эцсийн шийдвэрээ гаргана.

-УИХ-ын гишүүн Д.Муратын шүүх хурал маргааш болно. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль, шүүхийн байгууллага энэ гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох биз. Бид бол үүнийг ямар нэг хууль, дүрэм зөрчсөн, эрүүгийн хэрэг биш гэж харж байгаа. Харин ёс зүйтэй холбоотой, гэр бүл, хувь хүний хоорондын харилцааны асуудал байх.

-Ээлжит бус чуулган зарлах, эсэх нь тодорхойгүй байна. АН ээлжит бус чуулган зарлахыг дэмжиж байгаа юу?

-Ээлжит бус чуулганыг АН дэмжиж байгаа. Нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг харахад ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага байна. Асуудлыг УИХ дахь олонхын бүлэг доторх зөрчил төдийгөөр харж болохгүй. Эрх баригчид эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрсэн, мөнгөний урсгал нэмэгдэж байна гэж ярьж буй боловч бодит амьдрал дээр энэ нь мэдрэгдэхгүй байгаа.

Иргэдийн гарт очиж байгаа мөнгө нэмэгдсэнгүй, сагсан дахь гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөж байна. Шатахууны үнэ литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэгдлээ. Цаашид ч өсөж болзошгүй. Засгийн газар үүнийг яагаад зогсоохгүй байгаа юм бэ, нефть импортлогчид ингэж дураараа авирлаад байхад тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ гэдгийг ярих нь зүй ёсны асуудал. Тиймээс манай намын Бодлогын зөвлөлөөс Ерөнхий сайдад асуулга тавьж, санал хүргүүлсэн.

Ээлжит бус чуулган хуралдах юм бол хүлээгдэж буй асуудал олон байна. Үүнийг ярих нь зүйтэй. Хүмүүс ээлжит бус чуулганыг УИХ-ын даргыг огцруулах, аль нэг Засгийн газар огцрох, эсэхтэй холбож хараад байна. Бид бол өөрөөр харж байгаа. Хариуцлага тооцох шаардлагатай бол хэнтэй ч хариуцлага тооцох л ёстой. Өвлийн бэлтгэлээс эхлээд улс орны амьдралд ярих зүйл бишгүй байна.

АН-ын эмзэглэж, анхаарч байгаа өөр нэг зүйл нь эдийн засаг өсөж, мөнгөний урсгал, орлого нэмэгдээд байгаа хэрнээ эдгээр нь юу руу орж, юунд шингээд байна вэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрх баригчид ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийсэн бэ. Аль чиглэлд хэдэн км зам тавив, хэдэн айлын орон сууц ашиглалтад оруулав. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслөө хөдөлгөв үү.

Яривал маш олон зүйл байна. Эдгээрийг ярих цаг нь болсон. Өнгөрсөн хоёр жилд АН “Нэгэнт сонгогчдын дийлэнх олонх нь саналаа МАН-д өгсөн. Тиймээс эрх баригчдад ажиллах боломжийг нь олгоё” гэж асуудалд хүлээцтэй хандсан. Үйл ажиллагаанд нь саад болохгүйг хичээсэн. Одоо бидний хүлээх цаг дууссан. Улс төрийн дараа дараагийн алхамд шилжиж, хариуцлага тооцох ажил руугаа орно. Ер нь энэ намрын чуулган нэлээд ширүүхэн болох байх.

МАН: ЭВ НЭГДЭЛ ГЭДГИЙГ МУУ, МУУХАЙ ЗҮЙЛЭЭ НУУЖ, ХАА ГЭСЭН ҮГ ГЭЖ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА

300 гаруй гишүүнтэй бага хурлын хуралдаан 53.5 хувийн ирцтэй эхэлж, үд болохоос өмнө өндөрлөв. Ингэхдээ тэд нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлснээс гадна үүнд нэр дэвшүүлэх, санал хураах журмаа баталсан юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх хуралдааныг хааж хэлсэн үгэндээ “Бидэнд өнгөрсөн хугацаанд дүгнэлт хийхэд хэд хэдэн алдаа байжээ. Засаад явж байгаа. Нэгдүгээрт 2012- 2016 онд тооцоо судалгаа, шинжлэх ухаанд суурилсан эдийн засаг, санхүүгийн бодлого явуулж чадаагүй. “Чингис”, “Самурай”, “Дим Сам” бонд гээд их хэмжээний өр, зээл тавьсан нь эдийн засгийг дампууруулах үндэс болсон.

Төрийн албаны сахилга бат, дэг журам суларсан, ажлын хариуцлага үгүй болсон нь эдийн засагт ийн нөлөөлсөн. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг, дарамталдаг, хууль бус татвар авдаг байдал даамжирч сүүлдээ тэдний итгэл, найдварыг алдсанаас ийм байдал үүслээ. Ерөнхий сайд бөгөөд намын даргын хувьд тавьж байгаа хоёр зорилт бол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам тогтоох, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх. Энэ хоёр зорилт дотор бүх зүйл агуулагдаж байгаа шүү. Намын даргын эрхэмлэн авч явдаг зүйл бол эв нэгдэл. Энэ бол манай намын бага хурлын бүх гишүүн бодож явах ёстой зүйл. Гэхдээ би эв нэгдэл гэдгийг муу муухай зүйлээ нууж, хаа гэсэн үг гэж ойлгохгүй байгаа. Эв нэгдэл шударга ёсон дээр тогтдог” хэмээн онцолсон байна.

Хаалттай хийсэн хуралдааны талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулсан юм.

-“60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тооцох тухай Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг бага хурал хэлэлцэх үү?

-Хяналтын ерөнхий хороо хурлын талаарх албан ёсны шийдвэр, баримтаа ирүүлээгүй байна. Тэр шийдвэрийг гар дээрээ авсны дараа бид Удирдах зөвлөл, бага хурлаа хуралдуулна. Улс төрийн нам, улстөрчдөд итгэх итгэл буурсан цаг үед нам хэрхэн ажиллаж, ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. үүний хүрээнд намаас сонгогдсон, томилогдсон хүмүүсийн ёс зүй, намын мөрийн хөтөлбөрийг хэр зэрэг хэрэгжүүлж байна вэ гэдгийг шат шатандаа дүгнэж явах ёстой.

Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа ч улс төрийн намын гишүүн бол дүрэмд нь захирагдах ёстой.

-42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээр байна вэ?

-Бид тус тойрогт судалгаа хийж байгаа. Манай намаас төрийн, орон нутгийн болон улс төрийн намын түвшинд ажиллаж буй, нэр дэвшүүлэх боломжтой хэд хэдэн хүн бий. Хийсэн судалгаандаа тулгуурлаж, ялалт байгуулах боломжтой хүнийг нэр дэвшүүлнэ.

-Бага хурлын гишүүнээс чөлөөлөх талаар намын дүрэмд ямар зохицуулалт байдаг юм бэ?

-Бага хурлын гишүүнээс гарсанд тооцох хэд хэдэн заалт бий. Нэгдүгээрт, хуралдаа идэвхтэй оролцох ёстой. Хоёрт, бага хурлын гишүүний татварыг цаг хугацаанд нь төлөхийг шаарддаг. Гуравт, Бага хурлын гишүүн болсны хувьд намын нэр хүндийг өндөрт өргөж, ажилдаа хариуцлагатай хандах ёстой.

МАХН: ЦЭЦ МАРГААН ҮҮСГЭСЭН НЬ УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ЯВУУЛГА

Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсний дараа тус намын дэд дарга Ц.Оюунбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “МАХН улс төрийн гурван том хүчний нэг. Тиймээс ч 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцохоор холбогдох бичиг баримтаа хүлээлгэн өглөө. Энэ удаагийн сонгууль МАНАН бүлэглэлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. МАХН-аас хэн ч нэр дэвших боломжтой.

Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрын нэг нь нэр дэвших нь гэж талаар хэвлэлүүд бичиж байна. Бид намын дүрмийн дагуу бага чуулганаа албан ёсоор хуралдуулсны дараа нэр дэвшигчээ тодруулах болно. Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуультай холбоотой маргаан үүсгэсэн нь улс төрийн захиалгат явуулга гэж харж байна. Төрийн албанаас хэн нэр дэвших гээд эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ.

Харин ч Хэнтий аймгийн ард иргэд УИХ-д төлөөлөлгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна” гэв. Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “Эрх баригчид ямар янзтай байгааг бид харж байна. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр арга байхгүй. Хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаж буй улс төрийн хүчнүүдийн дэргэд манай нам цэвэр нам. МАНАН бүлэглэлд ард түмэн их итгэсэн. Гэсэн ч үр дүн алга. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр аргагүй” хэмээв.

ТҮҮЧЭЭ

Нөхөн сонгуульд нам, эвсэл 102, нэр дэвшигч 92 сая төгрөг зарцуулна

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоож, ерөнхий аудитор тушаал гаргасан байна. Тодруулбал, нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102, нэр дэвшигч 92 сая төгрөг байх аж. Үүнийг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны УИХ-ын болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан тооцоолсон аж.

ОУВС-гийн Монголыг хариуцсан захиралтай уулзав

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Хохюн Жаныг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар Хохюн Жаныг шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн сацуу Монгол Улсад хэрэгжиж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв.

Гүйцэтгэх захирал Хохюн Жан тус хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, тав дахь шатны үнэлгээний үр дүнг удахгүй Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэхээ мэдэгдсэн. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсад бэрхшээл тулгамдсан хүнд цаг үед ОУВС хөтөлбөртөө хамруулж, дэмжлэг үзүүлсэнд талархаад, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй эл хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна гэлээ. Мөн гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд ажиллаж байгааг дурдав.

Монгол, Сингапурын бодлогын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болох нь

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсад болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн Бүсийн чуулганы Сайд нарын 25 дугаар уулзалтад оролцов. Энэ удаагийн уулзалтаар хоёр сарын өмнө Сингапур хотод болсон АНУ, БНАСАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, энэхүү уулзалтын ололт, амжилт, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөрийн асуудал, Солонгосын хойгийн нөхцөл байдал, Мьянмар, Бангладешийн хооронд буй Рохинджагийн дүрвэгсдийн зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтад оролцох үеэрээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй байр суурийг илэрхийлж, үг хэлсэн байна. Мөн Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ази, номхон далайн орнуудын асуудал хариуцсан орлогч Нг Тек Хеантай хоёр талт уулзалт хийж, Монгол, Сингапур хоёр улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн харилцаа, цаашид авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд Монгол, Сингапурын бодлогын зөвлөлдөх уулзалтыг ирэх сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)