НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тэрбээр “Дээрх төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулж буй болон импортын бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг таван хувь болгон бууруулахаар тусгасан. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдсэн зэрэг сайн нөлөө гарч буй. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь инфляци өсөх, дотоодын нийт бүтээгдэхүүн буурах эрсдэл дагуулж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан ч олонхын дэмжлэг аваагүй. Тиймээс шинэ Засгийн газар байгуулсантай холбоотойгоор өнөөдөр өргөн барилаа” хэмээв. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж буй НӨАТ-ын хувь хэмжээг багасгах хэлбэрээр иргэдийн орлогыг дээшлүүлэх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ. Үүний үр дүнд ойролцоогоор нэг их наяд төгрөгийг иргэдэд буцаан олгох аж.

Бэлтгэсэн: Б.Нархан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)