“НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам өгнө”

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталж, ирэх оноос хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэл хийв. Манай улс сүүлийн 10 гаруй жил Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэлийг эс тооцвол татварын хуульдаа “гар хүрээгүй”. 

Энэ хугацаанд эдийн засаг тэлж, бизнесийн харилцаа өргөжин, техник, технологийн дэвшил хурдацтай хөгжсөн нь дээрх хуулийг шинэчлэх үндэс болжээ. Шинэчилсэн хуулийг хэрэгжүүлснээр татварын орлогын хэмжээ төдийлөн өөрчлөгдөхгүй бөгөөд аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлж, үйл ажиллагааг нь ил тод болгон, далд эдийн засгийг хянах боломж бүрдэн, татвар төлөх суурь өргөжихийг Сангийн сайд онцолсон юм.

Арилжааны банкуудын гадаад, дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох 10 хувийн татварыг шинэ хуульд тав болгон бууруулжээ. Мөн барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 40 жил байсныг 25 болгосон аж. Бас амьдрах зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, барьсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг зургаа болгон нэмснийг дурдлаа. 

Нийслэлээс 500 км-ээс хол зайд алслагдсан аймаг, сумд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэний төлсөн татварыг 50, 1000 км-ээс дээш зайд алслагдсан нутгийнхны төлсөн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын орлогоор нь ангилан, татварын тайлан гаргах хугацааг багасгасан бөгөөд 0.3-1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудын татвар ногдуулах орлогоос 10 хувиар тооцон авч, төлсөн татварынх нь 90 хувийг буцаан олгохоор болжээ. 

Энэ мэтчилэн аж ахуйн нэгж болон иргэдэд учрах татварын дарамтыг багасгасан, тайлагнах хугацааг цөөрүүлсэн, бүх төрлийн зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж тооцсон заалт нь зээлийн хүүг бууруулах, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн өсөлтийг дэмжих, эдийн засгийг тэлэхэд эергээр нөлөөлөх юм байна. 

Түүнчлэн улс дамнасан корпорацуудын санхүүг хянах, татвар төлүүлэх боломж бүрдүүлэх бөгөөд дэлхийн 100 орчим улстай татварын мэдээлэл солилцох нөхцөлийг шинэчилсэн хуулиар бүрдүүлсэн гэв. Шинэчлэн найруулсан татварын хуулийг ирэх оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэх бөгөөд холбогдох 43 журмыг боловсруулах ажлын хэсэг томилжээ.

Энэ үеэр сэтгүүлчид Сангийн сайдаас зарим асуултад хариулт авсан юм.

-Шинээр мөрдөх татварын хуульд татварын байцаагчийн эрхийг хэтрүүлж, хувь хүн, аж ахуйн нэгжийн эрхэд хэт халдсан заалт орсон гэх яриа гарч байна. Үүнд тайлбар өгнө үү.

-Ямар ч зүйл заалтад тийм агуулга байхгүй. Харин ч татварын байцаагч буруу дүгнэлт гаргахаас сэргийлсэн заалт бий. Буруу дүгнэж, иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан тохиолдолд байцаагчаар хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байхаар тусгасан.

-Татварын өртэй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн нь хүний эрхэд халдаж буй хэлбэр юм биш үү?

-20 сая төгрөгөөс дээш хэмжээний татварын өртэй, барьцаалах хөрөнгөгүй, ямар нэг авлагагүй гадаадын болон харьяалалгүй иргэдийн л Монгол Улсын хилээр гарах боломжийг хязгаарласан. Ингэснээр гэмт хэрэгтэн бултан зайлах боломжгүй болох юм.

-Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогоос татвар авахаар ойлгогдож байна. Татварыг орлогод бус, ашигт ногдуулдаг биз дээ?

-Хуулийн хэллэгээс шалтгаалан орлогоос татвар авч буй мэт ойлголт төрүүлсэн болов уу. Татвар ногдуулах орлогоос авна гэдгийг ашгийн татвар гэж ойлгох хэрэгтэй.

-Татвар төлөгч болон байцаагчийн хооронд татварын хувь, хэмжээтэй холбоотой маргаан өрнүүлэхэд заавал дэнчин тавихаар болжээ. Энэ нь ямар учиртай вэ. Дэнчингийн мөнгөгүй тал нь хохирох юм биш үү?

-Татварын маргаан зарим талаар иргэдэд ашигтай байдал үүсгэн, татвар төлөхөөс зайлсхийх, хугацаа хожих боломж олгодог. Үүнийг цэгцлэхээр дэнчингийн хэмжээг тогтоосон. Хэрэв татвар төлөгчийн талд маргаан шийдвэрлэгдвэл дэнчинд тавьсан мөнгөнд хүү тооцон буцаан олгох юм.

-НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг өсгөх үү?

-Үгүй. Манай улс НӨАТ-ын төлөлтөөс иргэддээ буцаан олгодог цөөн орны нэг. Буцаан олголтыг жилд нэг бус, улирал тутам өгөхөөр шийдвэрлэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)