Нүүрсний замаар: Нууц төслийн ил ажил

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Төслийг хэрэгжүүлж буй “Тавантолгой төмөр зам” компанийнхнаас төмөр замын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд “Нууцын зэрэглэлтэй учраас боломжгүй” гэсэн хариултыг хоёр ч удаа сонссон. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн ордоос хатуу хучилттай замаар зүүн өмнө зүгт давхихад мөнөөх нууц төслийн барилгын ажил ид үргэлжилж буйтай тааралдана.

Тийш хөдлөхийн өмнө “Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш (өнгөрсөн долоо хоногийн бямба гараг) төмөр замын бүтээн байгуулалттай танилцах гэнэ” гэсэн мэдээг уурхайчид дуулгав. Тэд “Ерөнхийлөгч байсхийгээд л ирж төмөр замын барилгын ажилтай танилцдаг” гэж ярьж байлаа. Ингэхдээ сүр дуулиан болж, хэвлэл мэдээллийнхнийг дагуулахгүй, сум, орон нутгийн засаг захиргааныханд дараа болохгүй сэмхэн ирээд буцдаг гэнэ. Нууцын зэрэглэлтэй төсөл учраас ингэх шаардлагатай биз.

Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар 2008-2012 онд ажиллаж байх үедээ энэ төмөр замыг тавих ажлыг эхлүүлсэн. Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллахдаа ч “Монголын төмөр зам” компанийг мэдэлдээ байлгаж, төмөр зам тавих ажлыг нь бодлогоор дэмжиж байлаа. Хожим Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тэрбээр 2011 онд эхлүүлсэн ч гацсаар өдий хүрсэн уг төслийг бодлогоор дэмжиж, хараа хяналтнаасаа салгахгүй байгаа бололтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг Х.Баттулга өөрөө ч, өөр хүмүүс ч улс төрийн шалтгаанаар гацааж байсан удаатай. Төмөр замын бүтээн байгуулалтыг ялих шалихгүй шалтгаанаар дахиад зогсоочих вий гэж болгоомжлохдоо ихэд нууцалж байна гэж ойлгоё.

Тавантолгойн ордоос холгүй, уурхайчид зургаа гэж нэрлэдэг газарт хүрлээ. Тус ордоос Гашуунсухайтын боомт хүртэл хүнд даацын хатуу хучилттай 270 км авто зам тавьсан. Замын км тутамд шон босгон, уурхайгаас хэдэн км алсарч буйг нь илтгэн тоог нь бичжээ. Үүнийг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан, уурхайчид газрын баримжаа, нэршил болгон ярьж хэвшжээ. Тэд зургаагийн төмөр замын эхлэл, 33-ын дугуй засвар, 57-гийн коксын үйлдвэр гэх мэтээр нэрлэн ярих аж. Тавантолгойгоос 57 км-т коксын үйлдвэр байдаг гэсэн үг. Зургаа дээр хагас км орчим зайд төмөр замын гурван зорчих хэсэг эгнүүлэн тавьжээ. Хамгийн баруун талын зам дээр хэдэн вагон араас нь зүүсэн, улбар шар өнгөтэй зүтгүүр “зогсоосон” байв. Галт тэрэгнээс арай жижиг энэ зүтгүүрийг төмөр зам тавих техник байх гэж таагаад, цааш хөдөллөө. Үнэн хэрэгтээ ямар нэртэй, зориулалттай техник гэдгийг нь хэлж мэдэхгүй юм.

Гашуунсухайтыг чиглэсэн төмөр замын далан говийн шаргал талыг шугамдсан мэт хуваан Цэций уулын зүүн талын намхан хөтлийг даван зурайна. Төмөр замын далангийн баруун талаар говийн хөрсийг тэгшлэн шороон зам тусгайлан тавьжээ. Бид хатуу хучилттай авто замаа орхин, төмөр замын далангийн хайрга чулуу ачсан хүнд даацын машинуудтай уралдан, мөнөөх “шороо”-гоор өмнийг зорилоо. Төмөр замын даланг дурандан зогсож буй мэргэжилтэн, далан дээр хайрга чулуу асган, түүнийгээ нягтаршуулагч машинаар “индүүдэж” буй ажилчид тааралдана. Мөн төмөр замын даланд гүүр, малын гарц барьж байгаа барилгачид байсхийгээд тааралдсан. Говьд тэнгэр бүүдийн, шороон шуурга тавьж эхлэв. Нүүрсний экспорт багассаны улмаас Тавантолгойн ордын үйл ажиллагаа хумигдан, эль хуль болсон бол төмөр замчид шороон шуургыг үл ажран ажиллана. Төмөр зам дагасан замаар өмнө зүгт давхих зуурт бөөрөндөө “Бодь интернэшнл” гэсэн бичигтэй, Японы “Тоёота” үйлдвэрийн ижил загварын жийпүүд хэдэнтээ зөрлөө. Тавантолгойн ордоос төмөр замын даланг 70 км даган барилгачдын кэмп хүртэл явахад ийм дүр зургийг үзэв.

“Бодь интернэшнл” бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон компани. Уг замыг тавих туслан гүйцэтгэгчид нь бүгд үндэсний компани гэнэ лээ. Засгийн газрын 2018 оны шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам”-ыг хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих компани байгуулах үүрэг өгсөн. Эл шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцааных нь 66, “Монголын төмөр зам” 34 хувийг нь эзэмших “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой төмөр зам” компани Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт руу нүүрс тээвэрлэх төмөр замын эзэн нь, захиалан бариулж буй этгээд гэсэн үг. “Бодь интернэшнл” компани төмөр замын газар шороо, дээд бүтэц, өртөөний барилга, эрчим хүч, холбоог барьж байгуулах гэрээ хийсэн.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр зам нь хоёр өртөө, таван зөрлөгтэй байх аж. Үүнээс гадна уг төмөр зам 25 тоннын даацтай, 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтай байх гэнэ. Төмөр замын терминал нь хоёр цагт 107 вагонд нүүрс ачих хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр хоногт тус бүр 107 вагон бүхий 12 галт тэргээр нүүрс тээвэрлэх боломжтой юм байна. Тавантолгойн ордоос хөдөлсөн галт тэрэг Гашуунсухайт хүртэлх замыг дөрвөн цаг туулна. Ингээд тооцохоор уг төмөр замаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэх тооцоо гарчээ. Шинээр тавьж буй төмөр замаар ийм хэмжээний нүүрс тээвэрлэхийн тулд 1900 хүн ажиллах шаардлагатай гэнэ. Тодруулбал, эл мега төслийг хэрэгжүүлснээр дээрх тооны ажлын байр говийн бүсэд шинээр бий болно гэсэн үг.

Өдгөө Тавантолгойн ордоос хүнд даацын машинаар нүүрс тээвэрлэж буй. Автомашинаар нэг тонн нүүрсийг Гашуунсухайтын боомт хүртэл тээвэрлэхэд 32 ам.долларын зардал гаргадаг гэсэн тооцоо бий. Тэгвэл төмөр замаар нэг тонн нүүрс тээвэрлэх зардал найман ам.доллар байх аж. Өөрөөр хэлбэл, нүүрс тээврийн зардал дөрөв дахин хямдарч, 24 “ногоон”-ы хэмнэлт гарах нь. Ингэхээр нүүрсний үнэ уурхайн аман дээр 24 ам.доллароор нэмэгдэнэ гэсэн үг. Одоо компаниуд уурхайн амнаас тонн нүүрсээ 50-70 “ногоон”-оор борлуулж байгаа. Төмөр замыг ашиглалтад оруулсны дараа үнэ нь 40 орчим хувиар өсөх тооцоо гарч байна.

Бүтээн байгуулалтын ажлыг нь шуурхайлсан төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Дээр дурдсанчлан аль 2011 онд анх эхлүүлсэн ч санхүүгийн гачигдал, улстөрчдийн үзэл бодлын маргаанаас үүдэж, олон жил гацсан төмөр зам 10 жилийн дараа ийн ашиглалтад орох нь. Эл төмөр зам нүүрсний тээврийн зардлыг бууруулан, ажлын байр олноор бий болгож, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах нь дээрх тооцоонуудаас тодорхой харагдах болов уу. Төслийг хэдэн төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх, эдийн засагт хэр өгөөжтэй байх зэрэг тооцооллыг нууцалж байгаа гэсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтээс харахад “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд 318.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн” гэсэн агуулгатай мэдээлэл олдлоо. Өмнө нь уг төмөр замын даланг бараг хил хүртэл тавьчихсаныг монголчууд мэднэ. Төмөр замын далан барих ажлын 86 хувийг өмнө нь гүйцэтгэсэн гэсэн албан мэдээлэл бий.

Өмнийн говийн уудам шаргал хөндий дундуур тэнгэрийн хаяаг шугамдсан мэт тэв тэгш эмжин зурайх төмөр замын даланг даган довтолгоход Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсгээс баяжуулсан нүүрс экспортолдог “Энержи ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл “Хэн барих нь хамаагүй. Энэ төмөр замыг хэн нэгэн нь л барих хэрэгтэй байна. Тэгвэл нүүрсний экспорт, цаашлаад Монгол Улсын эдийн засагт ихээхэн тустай” гэж ярьж байсан нь санаанд буулаа.

Үргэлжлэл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)