“Нүүргүй эмэгтэй”-н эрэлд

Герман, Австри, Францын нутгаар нэгэн алуурчин мөрөө үлдээхгүй явсаар. Түүний араас 15 жилийн турш мөшгөж, өч төчнөөн зардал гаргасны эцэст 2009 онд баривчилжээ. Тэр үед гэмт хэрэгтэн 71 настай байж. Хурууны хээ, гэрч, мэдээлэгч гээд гэмт хэрэгт холбоотой нэг ч “мөргүй” цэвэрхэн ажилладаг тэр хүний эхний хохирогч нь 62 настай Лизелотта Шленгер. Германы Идар-Оберштайн хотод амьдардаг, мууранд хайртай, гэртээ төрөл бүрийн амттан хийх дуртай, жирийн сайхан эмэгтэй.

1993.05.23.

Хатагтай Лизелотта Шленгер хөршүүдээ нимбэгтэй жигнэмгээр дайлахаар урьжээ. Тэдний нэг нь товлосон цагтаа тэднийд очоод, гэрийнх нь хонхыг дарлаа, тогшлоо, чанга нүдлээ. Хариу алга, дотор хүн байгаа шинжгүй, ямар ч чимээгүй. Тэрбээр цагдаагийн байгууллага руу утасдаж, мэдээлэв. Удалгүй дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан Л.Шленгерийн гэрийн хаалгыг эвдэн ороход эзэгтэйн цогцос зочны өрөөний голд байжээ. 

Тэрбээр зочдодоо зориулан ширээгээ засаж амжжээ. Цэцэг, цайны чамин гүц, аяга гээд бүгд жин тан болсон ширээний хажууд байх цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тайланд “Хохирогчийн хоолойг хөшгөөр боосны улмаас амьсгал хураасан” гэж бичжээ. Хэргийн газраас хэрэгтний ул мөр олдсонгүй, аяган дээр эмэгтэй хүний ДНХ-гийн “тасархай” үлдсэнийг эс тооцвол. Тиймээс мөрдөгчид талийгаачийн хөрш 10 эмэгтэйг байцаасан ч сэжиглэх зүйл гарсангүй.

2001.

Фрайбург-им-Брайсгау хотод эртний эдлэлийн дэлгүүрийн эзэн, 61 настай Йозеф Вальценбах бусдын гарт амиа алджээ. Түүнийг нарийхан олсоор боосон байв. Алуурчин бага хэмжээний мөнгөнөөс өөр зүйл аваагүй бөгөөд дэлгүүрээс гарахдаа хаалганд нь “Хаалттай гэсэн бичиг зүүгээд явжээ. Хохирогчийн цогцос, дэлгүүрийн лангуу, хаалга гээд хэд хэдэн зүйл дээрээс эмэгтэй хүний ДНХ илрүүлсэн нь найман жилийн өмнөх хэргийн газар буюу Л.Шленгерийн гэрийнхтэй таарч байлаа. Эл хэрэгт мөн л ямар ч сэжүүр ололгүй зургаан жил болж байтал дахин нэг хүн алуурчны гарт өртөв.

2007.04.10

Хайльбронн хотод эрэгтэй, эмэгтэй хоёр буудуулж амиа алдсан хэрэг гарлаа. Хохирогчид нь цагдаагийн ажилтан, Хар тамхитай тэмцэх албаны офицер байв. Мөрдөгчид тэдний цогцсыг зоогийн газрын авто зогсоол дахь машинаас нь олжээ. Үдийн хоолоо идэхээр тэнд очсон тэднийг машины арын эгнээнд суусан хоёр хүн буудаж, тэлээнд нь байсан гавнуудыг нь аваад оджээ. 

Хэрэг хэдхэн секундэд болсон нь цагдаагийн ажилтнууд буундаа хүрч амжаагүйгээс илт. Офицер эмэгтэй М.Кизеветтер газар дээрээ нас барж, хамтрагч нь хэдэн сарын турш ухаангүй байсаар хорвоог орхижээ. Машины арын суудлын түшлэгнээс эмэгтэй хүний ДНХ илэрлээ. 1993, 2001 онд болсон хүн амины хэргийн газрынхтай мөн л таарах нь тэр.

Мөрдөгчид өмнөх болон илрээгүй өөр олон хэргийн хавтаст хэргийг нягталж, “шиншилж”, хоорондоо холбоотой байх магадлалтай болгоныг бүдүүвч зургаар тоймлон үзүүлэн гаргав. Ингэхэд сүүлийн 15 жилийн хугацаанд үл мэдэгдэх алуурчин эмэгтэй Герман, Австри, Францын нутагт аллага, дээрэм, хулгай зэрэг хэдэн арван гэмт хэрэг үйлдсэн гэсэн зураглал гарчээ. 

Мөн Германы Вайнсберг хотын Хеппенхайм голоос олсон, гүрж гаралтай гурван хүний цогцостой холбоотой гэж таамагласан байна. Түүнийг гэрчлэх хүн нэг ч гарсангүй. Тиймээс “Нүүргүй эмэгтэй” гэж нэрлэх болсон бөгөөд энэ талаар Германд бараг “домог” болжээ.

Ийм нэгэн хэрэгтнийг улс дамнан эрж хайхдаа олон улсын цагдаа нар зоогийн болон цэнгээний газар, эмнэлэг, дэлгүүр гээд хаа сайгүй арчдас авч, ДНХ-тэй нь харьцуулан хэдэн мянган удаа шинжилгээ хийсэн байна. Үр дүнд нь 2003-2007 онд Германы Баден-Вюртемберг мужийн хэд хэдэн хотоос түүний ул мөрийг илрүүлсэн бөгөөд хар тамхи хэрэглэдэг болохыг нь ч тогтоожээ. Дараа жилийнх нь хавар “Нүүргүй эмэгтэй” Нидерштеттен хотын нэг айлын гаднаас хийлдэг бассейныг нь авч одсон нь түүний 40 дэх хэрэг байлаа. Гэсэн ч түүнийг харсан, эсвэл гэрчлэх хүн гараагүй аж.

Цагдаагийнхны дэвшүүлсэн нэг таамгаар бол тэрбээр байнга шөнө “ажиллаж”, нэг хамтарсан хүнтэйгээ дахиж хэзээ ч нийлдэггүй. Гэхдээ л хууль хүчнийхний ухаан, ур чадварыг чамлаж болохгүй. “Нүүргүй эмэгтэй”-н гурван хамтрагчийг мөрдөгчид олж тогтоон, баривчилжээ. Словак, молдов, серби гаралтай тэд “босс”-ынхоо талаар ганц ч үг унагасангүй. 

Ингээд олон улсын мөрдөгчид нөгөөх л ДНХ-гээс өөр зүйлгүй байсаар, цаг хугацаа ч явсаар. Австрийн цагдаагийнхан генийх нь шинжилгээгээр гэмт хэрэгтэн эмэгтэйг цэнхэр нүд, шаргал, цайвар үстэй, Европын зүүн зүгийх, тодруулбал, Оросоос гаралтай байх магадлалтай гэж үзлээ. Мөн хулгай хийхдээ дандаа бага хэмжээний мөнгө, эд зүйлээс өөрийг авдаггүй нь хар тамхиар солих зорилготой гэсэн хувилбар дэвшүүлжээ.

Нөгөөтээгүүр, сүүлийн хэд хэдэн хэргийн газарт тэрбээр илүүтэй “алдаж” цагдаа нарт ямар нэгэн сэжүүр үлдээгээд байснаас үзэхэд тэрбээр мансууруулах бодист донтсоны шинж гэж олон улсын мөрдөгчид санал нийлэв. Түүнчлэн Европын орнуудаар хэсэж, хэрэг хийдэг нь тогтсон орон гэргүйн илрэл гэж үзжээ. Эсвэл тэр эмэгтэй цыган байх магадлалтай.

Зөвхөн 2008 онд Германы цагдаагийнхан хэргийн эзнийг тогтоох ажилд 18 сая ам.доллар зарцуулж, орон гэргүй болон хар тамхинд донтсон 3000 гаруй хүнээс цусны шинжилгээ авчээ. Харамсалтай нь, хайсан хүн нь тэдний дунд байсангүй. Маш олон хувилбараар Европ даяар хайгаад ч олсонгүй, түүнийг. Харин архив “онгичож” байгаад нэг зүйл олов. 2006 онд Германы баруун хэсэгт орших Саарбрюккен хотын нэг дэлгүүрийг өнөөх хүн тоносон нь батлагдсан бөгөөд түүний ам зургийг робот гаргасан нь богино үс, бага зэрэг сахалтай залуу байлаа. 

Тэгэхээр “Нүүргүй эмэгтэй” трансжендер байх магадлалтай, эсвэл эрэгтэй төрхтэй бүсгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Энд тэнд явсныг нь ДНХ нь батлаад байхад хэрэгтнийг Европын цагдаагийнхан баривчилж чадахгүй байгаа нь гутамшиг гэж иргэд төдийгүй мэргэжлийнхэн өөрсдийгөө шүүмжилж байлаа.

2009 оны дөрөвдүгээр сард Германы цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд “Нүүргүй эмэгтэй” хэн болохыг олж тогтоосон бөгөөд тэрбээр польш гаралтай, 71 настай, нүүр цэвэрлэгч хөвөнгийн “Тиссау” үйлдвэрт олон жил ажилласан гэж дурджээ.

Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)