Нүүдэллэдэг загасанд нүүрлэcэн аюул

Загасчлалын спортод хорхойтой залуусын “Ирлээ, явлаа” бүлгэмд нэгдлээ. “Ухаант хүн та хоёр сар намайг барихгүй, зарахгүй, идэхгүй тэвчвэл бид хорь дахин өснө. Лусын гүнж гуйж байна” гэсэн бичиг бүхий зурагт хуудсыг тэнд нийтэлжээ. Залуус өнөөх зургийг “Хэн гээч нь ийм зүйл хийж суудаг байна” гэх зэргээр шүүмжлэх аж. Хэн, хаанаас, хэр зэрэг хэмжээтэй загас барьснаа гайхуулахдаа “Төчнөөн лусын дагина авлалаа” хэмээн маазарна. Тэр ч бүү хэл, загасны дайсан (шинжлэх ухаанаар нотлоогүй) гэгддэг хар галууг хэдэн арваар нь хөнөөж, булж, шатааж устгаснаа саймшран ярьцгааж байлаа.

Үржлийн үед нь буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-нд загас барих, агнахыг хуулиар хориглож, зөрчсөн тохиолдолд 3000 нэгжтэй дүйх хэмжээний төгрөгөөр торгож буй ч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг албаныхан хэлсэн. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид дөрвөн сарын хугацаанд Хар ус болон Хар нуур, Цахиуртын хоолой, Шижигтийн хавцлаас загасны 800 гаруй тор илрүүлж, устган, хууль бусаар загасчилсан 600 иргэнийг саатуулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сар (хориотой үе)-д энэ төрлийн 200 гаруй зөрчил бүртгэгдсэнийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан хэлэв.

Тиймээс холбогдох байгууллагууд иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх зурагт хуудас бүхий ухуулга, сурталчилгааг түгээж буй юм. Гэтэл амьтанд хамгийн ойр, загасчлалыг зохистой талаас нь таниулах чиг үүрэгтэй залуус ийнхүү хөгжилдөж суугаа нь эмгэнэлтэй. Харин дэлхий нийт загасны нөөцийг хамгаалахад зөвхөн хууль, журмын хүрээнд ажиллах хангалтгүй, дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ амьтны нөөцөд аюул ойртсоныг анхааруулж байна. Ингэхдээ зүгээр нэг уриалсангүй, хэлсэнгүй. Баримт, статистик дэлгэв.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан талуудын оролцоотой хийсэн “Амьд ертөнцийн индекс, цэнгэг усны нүүдэллэдэг загас-2020” тайлангаа хэдхэн хоногийн өмнө олон нийтэд танилцууллаа. Энэ нь нүүдэллэдэг загасны популяцын анхны тайлан юм.

1970 онооос хойш энэ төрлийн загасны нөөц 76 хувиар буурчээ. Хамгийн их сөрөг өөрчлөлт ажиглагдсан хэмээн судлаачид үзсэн 1970 онд загасны нөөц 3.9, 1990 онд 4.5, 2010-2020 онд 7.7 хувиар багассан байна. 2000-аад оны үед харьцангуй тайван байсан бол 2011 оноос жинхэнэ аюул эхэлжээ.

Дэлхийд 30 мянга гаруй зүйлийн загас байгаагаас тэн хагас нь цэнгэг усны индикатор, нүүдэллэдэг тодотголтой гэнэ. Энэ ангилалд багтсан загасны нөөц сүүлийн таван жилд Европт 93, Латин Америк, Карибын тэнгисийн арлуудад 84 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Азид 40 орчим хувиар буурсан дүн гарсан байна.

Загасны нөөц ийн багасахад хууль бус агнуур голлон нөлөөлжээ. Дараа нь байгаль, цаг уурын өөрчлөлт, далайн бохирдол нөлөөлсөн гэж онцолсон. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Энэхүү тайлан цочирдом статистик, мэдээллийг ил болгосон ч үүнийг өөрчлөх арга зам, боломж бийг давхар сануулж байна. Ихэнх загас үржлийн үедээ хэдэн зуу, мянган түрс шахдаг. Хууль бус агнуур, усны бохирдол, хог хаягдал зэрэг гаднын нөлөөг бууруулж, таатай орчин бүрдүүлж чадвал загас үржиж, нөөц нь сэргэх боломжтой. Түүнчлэн нүүдэллэдэг зүйлүүдийг тэтгэдэг гол, мөрөн, нууруудыг хамгаалах шаардлагатай” хэмээн онцолсон юм.

Дэлхий нийтэд байдал ийм аж. Харин Монголд энэ талаар хийсэн үндэсний хэмжээний тайлан, судалгаа үгүйг ШУА-ийн Газар зүй, геокологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын судлаачид хэллээ. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхнаас ч энэ талаарх баримт, статистик бий, эсэхийг сураглахад аль 2016 онд хийсэн Монголын байгаль орчны төлөв байдлын тайлан, судалгааг онцлов.

Манай мэргэжилтнүүд Хар ус, Хар, Буйр, Өгий, Толбо, Ачит зэрэг нуурыг хэсэгчлэн, тул, нохой сугас, говийн эрээлж, шивэр хилэм, хадран, зэвэг зэрэг загасыг тусгайлан судалсан ч үндэсний хэмжээнд үнэлсэн нь үгүй аж. Тэр ч байтугай хамгийн их доройтож, бохирдсон, өнгөрсөн жил зэвгийн 80 мянга гаруй жараахай нутагшуулсан Туул голд ч 1980 оноос хойш энэ чиглэлийн судалгаа хийгээгүй, ойрын хугацаанд хийх шаардлага тулгарсныг тус хүрээлэнгийн загас судлаач Б.Мэндсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Хамгийн тулхтай судалгааг манай эрдэмтэд 2012 онд хийсэн аж. Монголд долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий гэж эл судалгаанд тэмдэглэсэн байна. Дүгнэлтэд нь “Манай орны загасанд нүүрлэх аюул өсөн нэмэгдсээр буй бөгөөд нөлөөлөл нь илүү ноцтой боллоо. Хууль бус агнуур дийлэнх зүйлийн загасны популяцад сөргөөр нөлөөлж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигтай хоршсон тохиолдолд Монгол орны загаснууд амьдрах чадвараа алдаж, аажмаар устах аюултай” хэмээн бичжээ. Манай улс загасны нөөцөө ул суурьтай, бүрэн тодорхойлж, үүнд үндэслэн гол, нууруудыг хамгаалах оновчтой бодлого боловсруулах, арга хэмжээ авах шаардлага “хоолойд тулсныг” дээрх дүгнэлт сануулжээ. “Амьд ертөнцийн индекс, цэнгэг усны нүүдэллэдэг загас-2020” тайлан ч холбогдох байгууллагынханд хийх ажлынх нь чигийг зааж, анхааруулга өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)