Нүхэн жорлонгоор бүслэгдсэн Гүнжийн нүдэн нуурыг цэвэрлэхгүй

ногоон нуур

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дахь Гүнжийн нүдэн нуурын хажуугаар саяхан явлаа. Модон саравч нь нурж унаад, хогонд дарагджээ. Өнгөрсөн баасан гарагт дахин зориход нуур үерлэж, ус нь замаг, хогоор хучигдаад ногоорсон байв. Явган хүний замын хавтанг нь хуулж аваад бөөгнүүлжээ. Нуурын эрэг орчимд ус туучин тоглох хэдэн хүүхдээс өөр зугаалах хүнгүй байлаа. Хамгийн жаахан нь нэг ойтой. Том нь есөн настай аж. Есөн настай Э.Хүслэн “Энд тоглох гоё. Гэхдээ ус руу орж болохгүй гэж ээж захисан. Гулгуураас өөр тоглоом байдаг бол бохир ус руу орохгүй. Хүүхдүүд халуун өдөр энэ нууранд ирж усаар байлддаг” гэлээ.

Хувцсаа шалба норгосон хүү толгойгоо даавуугаар боожээ. Явган хүний зам дээр овоолсон замын хавтанд тээглэж унаад духаа шалбалсан гэнэ. Гулсуур нь энд тэндээ цоорчихсон тул хүүхдүүд тоглох боломжгүй байлаа. Энэ нуур оршдог Сонгинохайрхан дүүргийн дээрх хороонд 0-18 насны 4000 гаруй хүүхэд байдаг аж. Тэдэнд тоглох боломжтой талбай тоотой хэдхэн байдгийн нэг нь эл нуур боловч тэнд хүүхэд унаж бэртэх, цаашлаад усанд осолдохгүй гэх баталгаа алга.

Нуурын эрэг орчимд модон гүүр байдаг ч тал нь нураад уначихжээ. Зарим хүн модыг нь хулгайлж авдгийг нуурын хажууд гэр барьж буусан айлынхан хэлсэн. Гүүрээр алхахад банз нь холбирч, хөл алдав. Ойр орчимд шар айраг, ундааны хуванцар сав, нэг удаагийн цаасан аяга хог болж хөвөх аж. Түүгээр ч зогсохгүй нуурын ус өмхийрсөн нь арчилж, тордох эзэнгүй болсны илэрхийлэл гэмээр байв.

Нуур хөрсний усны ундаргатай учраас бороо орох бүрт үерлэж, зарим айлын хашаа усаар дүүрдгийг ойр орчмын оршин суугчид нь хэлсэн. Ийм байдал жил болгон л давтагддаг аж. Тус хорооны Нуурын долдугаар гудамжинд оршин суудаг н.Сүхбаатар “Ус хальж, үерлэсэн үед автомашинтай зорчиход ч хүндрэлтэй. Зам нь энхэл, донхол болсон. Заримдаа гэрээсээ гарахад ч бэрх. Уг нь гурван жилийн өмнө нуурыг тойруулж засмал зам тавьсан юм. Одоо тэр нь байхгүй гэхэд хилсдэхгүй. Зам тавьсан компани нь ч чанаргүй юм хийсэн, нуурын ус байнга хальж гарч ирснээс болсон байх” гэлээ.

Уг нь нуурын ус хальж гарч ирэх асуудлыг шийдэхээр төрийн бус байгууллага, сайн дурынхан, Сонгинохайрхан дүүргийн VIII хорооныхон чадлаараа ажилладаг гэнэ. Гэвч 2014 оноос хойш гудамж, талбай усанд автдаг нь одоо болтол хэвээрээ л байна.

Гүнжийн нүдэн нуур орчмыг ашиглалтад оруулснаас хойш хэд хэдэн удаа тохижуулсан боловч нэг ч удаа усны түвшнийг нь тодорхойлоогүйг дээрх хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа хэлсэн. “Нуур хоггүй, архигүй орчин”, “Хогоо саванд хийнэ үү” гэсэн бичигтэй самбар байршуулсан боловч “Ус руу унах аюултай” гэсэн тэмдэглэгээ байхгүй аж. Энэ нууранд хүүхэд унаж, амиа алдсан тохиолдол 2014 онд гарсныг сануулахад илүүдэхгүй болов уу. Нуур орчмыг одоо хэн хариуцаж байгааг хорооны Засаг даргаас тодруулахад “Ерөнхийдөө манайх хариуцдаг. Төрийн бус байгууллагууд цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд тусалдаг юм. Энэ жил тохижуулахаар “Неон гэгээ” компанийнхан тендерт шалгарсан. Тэд саравч, гүүр, явган хүний замыг улсын төсвийн хөрөнгөөр шинэчилнэ. Иргэд модон саравч, гүүрний банзыг нь хулгайлчихдаг юм. Тиймээс нуур орчимд байрлаж ажиллах харуултай болж байгаа. Мөн хяналтын камер суурилуулахаар төлөвлөсөн” гэлээ. Нуурын усыг цэвэрлэж, түвшнийг нь тодорхойлох, эсэх, тохижуулахад улсаас хэдэн төгрөг төсөвлөснийг тэрбээр мэдэхгүй гэсэн.

“Неон гэгээ” компанийнхан тохижилтын ажлаа энэ сарын 18-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-нд дуусгах ёстой. Одоогоор тэдний ажил явган хүний замын хавтанг нь хуулж, саравчнуудыг буулгаснаас хэтрээгүй байгаа юм. Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй учраас ажил нь бага зэрэг удааширчээ. Ажлын явц ямар байгааг тус компанийн ерөнхий захирал О.Нацагдоржоос тодруулахад “10 хүрэхгүй хувьтай байна. Гадна тохижилт, автомашины болон дугуйн зам хийнэ. Ус хальж гардаг учраас нуурын түвшнийг өндөрлөнө. Уг нь нуурын ус хальж гарахаас сэргийлж, ундаргыг нь төвийн шугамтай холбох шуудуу татсан юм билээ. Тэр нь энэ зун бөглөрчихсөн байсныг бид засахаар болсон. Мөн геологийн судалгаа хийж байна. Түүгээр усны түвшин, ундарга, хөрсний бохирдлын хэмжээ тодорхой болно. Урьд нь ийм судалгаа хийж байгаагүй гэсэн. Нуурын ойролцоох айлууд бүгд нүхэн жорлонтой учраас хөрсний бохирдол ихтэй байхыг үгүйсгэхгүй. Ургамал, мод ургах боломжгүй гэж би харж байгаа. Ямартай ч хариуцсан ажлаа хугацаанд нь дуусгана” гэв.

“Цолмон сан” төрийн бус байгууллагынхан өнгөрсөн оны тавдугаар сард эл нуур орчимд 1000 гаруй мод тарьжээ. Түүнээс нэг нь ч ургаагүй байна. Хөрс нь бохирдсон учраас мод ургахгүй байхад хүүхдүүд нууранд шумбах нь холгүй тоглож байна. Дээрх компанийнхан ч нуурын усыг цэвэрлэхгүй гэдгээ хэлсэн. Манай улсад хөрсний бохирдол гол, нуурын усанд яаж нөлөөлдөг талаар судалгаа хийдэг байгууллага байдаггүй аж. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан Туул гол орчмын хэд хэдэн цэгт тусгай багаж байрлуулан, гурван сар тутамд голын бохирдлын түвшнийг судалдаг ч хөрснөөс шалтгаалсан, эсэхийг тодорхойлдоггүй гэнэ.

Хөрсний бохирдлоос үүдэн гэдэсний халдварт өвчин гарах эрсдэлтэйг мэргэжилтнүүд байнга сануулдаг. Бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч 25-100 төрлийн нян 100-150 хоног амьдрах чадвартайг шинжлэх ухаан баталсан. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгардаг. Нуур айл, өрхүүдээс 100 гаруйхан метрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, Гүнжийн нүдэн нуур нүхэн жорлонгоор бүслэгджээ. Харамсалтай нь, тухайн бүсийн хөрсний бохирдол нуурын усанд яаж нөлөөлж буйг мэдэж чадахгүй нь.

Хүүхэд гэлтгүй томчууд ч эл нуурыг бараадан шөнийн цагаар дураараа дургидгийг захын хүнээс асуухад хэлж байгаа юм. Нуурын хажууд хүүхдэд зориулсан номын сан барьжээ. Дотор нь 10-13 настай дөрвөн хүүхэд ном уншиж байв. Тэд нуурын ойр орчмоос согтууруулах ундааны лааз, хуванцар сав түүж уутанд хийснээ ярилаа. Э.Анхзаяа “Энд ирж төрөл бүрийн ном уншдаг. Өдөр ирэхэд номын сангийн шатан дээр шар айргийн сав хаячихсан байсан. Найзууд, гэрийнхэнтэйгээ нийлж заримдаа энэ хавийг цэвэрлэдэг. Оройн цагаар дэлгүүр орчихоод явж байхад согтуу хүмүүс нуур луу бие засаад зогсож байхыг харсан” гэлээ. Нуур орчмыг цэвэрлэх сэтгэлтэй нэгэн байхад, гүүр, саравчнаас нь мод хулгайлж түлэх айлууд ч байдгийг тэд хэлсэн юм.

Нуур орчмыг анх 2014 онд улсын төсвөөс 441 сая төгрөг гарган тохижуулсан байдаг. Гэвч иргэдийн аминчхан зан, хариуцлагагүй эздээс болж дээрх мөнгө салхинд хийссэн гэхэд хилсдэхгүй нь. Ямартай ч ирэх аравдугаар сард нуурын эрэг орчмыг тохижуулж, усны түвшнийг багасган, манаачтай болгох нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)