Нүхэнд унаж, цахилгаанд цохиулахгүй амьдрах сан

Хориод настай залуу зам товчлох гэж төмөр хашаан дээгүүр харайж гарах үедээ хөл алдаад шовх үзүүрт нь булчингаа сэтэлснийг мэднэ. Настай хүн халтирч унахдаа байрныхаа гадаах мод, зүлэгний хайсны ирмэгт чихээ ховх татчих шахсан байсан. Барьж буй барилгын дээрээс унасан элдэв биетэд цохиулж амиа алдсан хүн хэд билээ. 2020 оны эхээр гэхэд халамцуу нөхөр харанхуйд барилгын цахилгаан шатны нүх рүү унаж нас барсан. Энэ мэтчилэн тоочоод байвал тохиолдол барагдахгүй. Траншейны нүх, замын ус зайлуулагч онгорхой байж л байдаг. Цахилгааны утас ил гарчихсан байх нь олонтоо. Ийм байдлаас болж харамсалтай хэрэг удаа дараа гарч байлаа. Дурдаж буй бүхэн орчны аюулгүй байдал хангагдаагүйн жишээнүүд юм.

Траншейны нүх, замын ус зайлуулагч онгорхой байж л байдаг. Цахилгааны утас ил гарчихсан байх нь олонтоо. Энэ байдлаас болж харамсалтай хэрэг удаа дараа гарч байлаа. Дурдаж буй бүхэн орчны аюулгүй байдал хангагдаагүйн жишээнүүд юм.

“Дугаарын онцлох сэдэв” буландаа өмнө нь сургуулийн орчны аюулгүй байдлын талаар асуудал хөндөн бичиж байлаа. Сургуулийнхаа биеийн тамирын талбайд хөл бөмбөг тоглохоор очсон хүү хаалгачийн хаалганы шонд цохиулаад амиа алдсанаас үүдэн уг сэдвээр бичихдээ зөвхөн сургуулийн гэлтгүй нийслэл, орон нутагт ч амьдрах орчин аюултай байгаа тухай ярилцаж, тусгайлан хөндөх хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдсэн юм.

Дээрээс унах элдэв юм, үзүүртэй зүйл, цахилгааны ил задгай утас зэргээс гадна гудамжинд хаясан шүлс, нус, цэр өвчин үүсгэх аюултай тул нийтийн эрх ашгийн үүднээс гудамжинд шүлс, нус, цэр хаясан хүмүүсийг торгох шийдвэр гаргаж, мөрдөж эхэлсэн нь сайн хэрэг. Энэ ажил үр дүнтэй байгаа. Дээр нь бас нэгэн “глобал” аюул нэмэгдсэн нь шинэ коронавирус.

Дэлхий нийтийг хамраад буй энэ аюулыг дэглэм журам, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахиж гэмээнэ давж гарна гэдгийг бүгд мэддэг болсон хэрнээ манай улсад халдвартай

хүний тоо харьцангуй цөөн байгаад санаа нь амарч байна уу, сүүлийн өдрүүдэд хаана, хаанаа налайгаад ирсэн нь түгшүүртэй. Олуул бөөгнөрч болохгүй гэснийг умартан найз нөхдөөрөө нэгнийдээ цуглан биеийн тамирын дасгал сургуулилалт хийж буйгаа бахархалтай нь аргагүй нүүр номоороо харуулах юм. Агаар муутай, чийглэг орчинд вирус хурдацтай тархдаг гэдгийг хөнөөлт вирусийн хөлд чирэгдэж буй улс орнуудын эмч, судлаачид хэлж буйг огт тоохгүй байна. Эхэн үед байгууллага бүр ариутгал хийж, наанадаж хаалганы бариулаа ариутгагч бодистой алчуураар боогоод байсан, сүүл рүүгээ нүдний гэм болов. Амьдрах, амьсгалах орчин улам аюултай болсоор байна. Хэдийгээр илт мэдэгдэх юмгүй ч төрийн зүгээс энэ асуудлыг хариуцсан байгууллагууд дор бүртээ ажилласаар буй.

Гэхдээ энэ цаг үед хувь хүмүүсийн ариун цэвэрч, хариуцлагатай байдал, соёл, мэдлэгээс гэр бүлүүд, улс орны ирээдүй ч ихээхэн хамаарах нь ээ. Энэхүү булангийн “Албаны хүний үг” хэсэгт мэдээлэл өгсөн нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал “Стандарт гэдэг нь төрийн, аль эсвэл аливаа хоёр байгууллагын хооронд яригдах асуудал биш юм. Сая гаруй хүн амтай хотын иргэн өөрөөсөө стандарт шаардах ёстой. Хотод амьдрахын тулд би ямар стандарт хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгээ хамгийн түрүүнд бодох ёстой. Ил задгай бие засаад байх юм уу, шүлс, нус, цэрээ хаа таарсан газраа хаясаар байх уу. Тэр бүү хэл, хотын иргэний алхах, гишгэх хүртэл стандарттай. “Надад хэн юу хэлэх юм” гэх лүгээ адил хаана ч зоргоор авирлах нь бусдад хүндрэлтэй, хотын соёлд харш, аюулгүй орчны стандарт ч зөрчиж буй хэрэг. 

Ялангуяа УОК-оос онцгой байдал зарлаад байгаа өнөөдрийн нөхцөлд хувь хүн бүр өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлын төлөө ариун цэврийг урьд урьдынхаас илүү сайтар сахих хэрэгтэй болж байна” гэсэн юм. Түүнтэй санал нэг байна. Орчин хаана аюултай байна, өөрөөр хэлбэл явах, гүйх зам, хүүхдийн тоглоомын талбай гээд ер хаана бэртэж, гэмтэх аюул байна, тэр тухай хамаарах байгууллага, хүмүүст дуулгаж, мэдээлж, дараа нь засаж залруулсан, эсэхийг асууж, нягталж байхад гэмгүй нь ээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Аюулгүй байдал алдагдуулсан байгууллага гурван сарын дотор арилгах үүрэгтэй

Хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулж, барилга дээрээс унасан төмөрт цохиулж, орон сууцын гаднах тоглоомын талбай стандартад нийцэхгүйгээс болж бэртэх зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр. Өнгөрсөн онд хийсэн судалгаанаас үзвэл нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдал, дүрэм, журмыг зөрчсөн 5423 зөрчил гарчээ. Эл зөрчлийг гурван сарын дотор арилгах үүргийг холбогдох аж ахуйн нэгжүүдэд өгдөг. Гурван сар гэдэг богино хугацаа биш. Гэвч аж ахуйн нэгжүүдийн буруутай үйлдлээс болж дээрх хугацаанд олон хүн бэртэж, гэмтэхийг үгүйсгэхгүй. Хүн амын төвлөрөл ихтэй хотын төв орчимд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй ямар зөрчлүүд байгааг сурвалжиллаа.

Хэдхэн хоногийн өмнө “Улсын их дэлгүүр”-ийн дээврийн төмөр салхинд хийсэж, унах эрсдэлтэйг анхааруулсан бичлэг цахим ертөнцөд тавигдсан. Бичлэг цацагдсан даруйд дээрх дэлгүүрийнхэн арга хэмжээ авч, төмрийг буулгаж авсан байв. Иргэд нэг нэгэндээ сэрэмжлүүлсний ачаар ямар нэгэн ноцтой осол гаралгүй өнгөрчээ.

Орчны аюулгүй байдал алдагдсан нь бидний өдөр тутмын амьдралд энгийн үзэгдэл мэт болсон гэхэд буруудахгүй. Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт байрлах “Найман шарга” валют арилжааны төвийн дэргэдэх өндөр хүчдэлийн шонгоос тасарсан цахилгааны утас унжсантай таарав. 4-5 метрийн урттай цахилгааны утас салхинд хийсэж, ойр хавьд нь байсан иргэд замын эсрэг талаар явахаас өөр аргагүй болсон юм. Үүнээс холгүй Урт цагааны урд талд байрлах “Авзага трейд” ХХК-ийн барьсан орон сууцын гадна хананд өлгөсөн зарлалын самбарын төмөр салхинд “санжганаж” байлаа. Засгийн газрын XI байр буюу Тусгаар тогтнолын талбайн зүүнд талд орших “өндөр яамны” барилгын гадна хананд өлгөсөн суртачилгааны самбар унан, салхинд хийсэж, ойр хавьд нь явж байсан иргэдийг айдаст автуулав. Уг барилга 13 давхар. Гадна талд нь зарлалын хоёр самбар байдаг бөгөөд барилгынх нь өндөртэй тэнцдэг. Ийм том самбар хүчтэй салхинд хүн гэмтээх нь энүүхэнд. Хоорондоо нэг км хүрэхгүй гурван газарт нөхцөл байдал ийм байна. Хүмүүс цахилгааны утсыг тойроод гарч болох хэдий ч хүүхдүүд тэр бүр сэрэмжилж чадахгүй л болов уу. Харин зарлалын самбар хэзээ, хэний дээрээс унаж гэмтээхийг хэн ч мэдэхгүй. Гэвч иргэдийн аюулгүй байдалд үүнээс ч илүү халтай зөрчлүүд байсаар. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоо 2-3 цайны газар бий. Уг газрууд агааржуулалтын сэнсээ явган хүний зам дагуу өлгөжээ. Тогтоосон төмрийнх нь боолт суларч, сэнс эргэлдэх тоолонд ганхах нь хэзээ мөдгүй унаж болзошгүйг илтгэж байгаа юм. Хэрэв 30-40, зарим нь 50 кг жинтэй агааржуулалтын сэнс хүний толгой дээрээс унавал амь, биед халтай нь ойлгомжтой.

Эдгээрээс гадна орчны аюулгүй байдлын дүрэм зөрчдөг гол салбар бол барилга. Төмөр, тоосго, блок гээд барилгаас унахгүй зүйл гэж үгүй. Олон ч хүнийг гэмтээж, аминд нь хүрсэн. Гэхдээ дан ганц баригдаж буй барилга л аюултай юм биш. Чингэлтэй дүүргийн XVII хороонд сүүлийн жилүүдэд цөөнгүй шинэ барилга ашиглалтад оруулсан. Тус хорооны иргэн Ш.Баярцэцэг “Манайх шинэ байранд ороод хоёр жил болж байна. Энд тоглоомын талбай байхгүй, барилгын ажил явагдаж буй учир хүүхдээ тоглоход нь байнга дагаж гардаг. Саяхан хүүхэд минь толгойдоо хүнд гэмтэл авсан. Манай байрны хажууд барилгын ажлаа эхлүүлээгүй боловч шав тавих гээд газрыг нь ухаад, хайрга овоолчихсон. Хоёр настай хүү минь тоглож байгаад хайрганд бүдэрч, ухсан нүх рүү унаж толгойгоо гэмтээсэн юм. Тоглож байгаад бүдэрч унасан болохоор хэл ам хийлгүй орхисон. Гэхдээ өөр хүүхдүүд илүү хүнд бэртэхийг үгүйсгэх аргагүй. Барилгын ажил эхлүүлж байгаа бол гадуур нь хашаа босгох хэрэгтэй шүү дээ” гэв.

Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдээгүйн наад захын жишээ энэ. Хүмүүс ганцхан өдрийн дотор дээр дурдсан шиг олон аюултай нүүр тулж байхад түүнийг нь засахын тулд гурван сар зарцуулна гэдэг харамсалтай.

Бэлтгэсэн: Ж.Туул

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Улаанбаатар хотын иргэдийн амьдарч буй орчин аюулгүй, тав тухтай байгаа, эсэх талаар лавлалаа.

С.ЭНХТУЯА: (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн)

-1970 оноос хойш манай хороонд хэдэн гэрлийн шон болон шат тавьсан байх. Өөр олигтой ажил хийгээгүй. Манайх VII хорооны 11 дүгээр хэсэгт харьяалагддаг. Хоёр гудамжны цаана Далан давхрын оршуулгын газар бий. Энэ хавийн агаарт хорт хийн агууламж их хэмээн судлаачид ярьж байхыг нэг бус удаа сонссон. 2010 онд Далан давхарт оршуулсан хүмүүсийн цогцсыг чандарлаж, цэцэрлэгт хүрээлэн сүндэрлүүлнэ хэмээн амлаж байсан ч хэрэгжүүлсэн нь үгүй. Хавар болохоор айлуудын жорлон, гудамжинд асгасан бохир усны өмхий үнэртэж эхэлдэг. Цэвэрхэн байхыг хүсдэг ч гудамж шороон замтай учир таван минут алхаад л гутал, хувцас тоостой болно. Урд жалганд байх хогийг цэвэрлэж, явган хүний зам тавиасай гэж хүсэж байна. Хорооны нийгмийн ажилтан ямар нэг төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан гэж хэлдэг ч эцэст нь юу ч хийдэггүй. Ер нь нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд анхаарч ажиллах нь муу байна. Хааяа нэг ганц гэрлийн шон зоохдоо зөв ч байрлуулахгүй. Жишээлбэл, манай гэр лүү эргэж ордог гудамжны үзүүрт гэрлийн шон тавьсан нь машин орж, гарахад төвөг учруулдаг болсон. Дэд бүтэц сайжруулж гэрэл, камер, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх нэн шаардлагатай.

Г.СҮРЭНБАТ: (Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн)

-Би энд амьдраад 20 жил болж байна. Энэ хугацаанд нийслэлээс манай гэрийн ойр хавийн аюулгүй байдлыг хангах талаар олигтой арга хэмжээ аваагүй. Үнэнийг хэлэхэд юм хийнэ гэж үргэлж ярьдаг ч хэрэгжүүлсэн зүйл юу ч алга. Манай гудамжинд тоос шороо, гэрэлтүүлэг, явган хүний зам гэх зэрэг шийдвэрлэх асуудал олон бий. Цас их орсон жил шар усны үер буудаг. Нэг гэрэл тавьсан ч тэр нь долоо хоног асаад, ажиллахаа больсон. Одоо гудамжны мухарт хэрэггүй төмөр гозойгоод байж л байна. Энэ хавийг мэдэхгүй хүн явж байгаад хохирох эрсдэлтэй. Мөн байгалийн шар усны үерээс хамгаалах далан, шуудууг байгуулж өгвөл их баярлана.

С.СУВД-ЭРДЭНЭ: (Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн)

-Гудамжинд явж байхад барилга дээрээс юм унах эрсдэлтэй. Оройн цагаар ганцаараа явахад аймар санагддаг. Мөн салхитай үед өмхий үнэртэж, дотор муухай оргиулна. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлж тоглох талбай байхгүй. Байр луу алхаж орох явган хүний замгүй учраас авто замын хашлага даган алхдаг.

Ч.МӨНХ-БААТАР: (Сонгинхайрхан дүүргийн ХXVII хорооны иргэн)

-Амьдарч байгаа газар минь цэвэрхэн, тухтай, элдэв асуудал гардаггүй. Манай энд гэрэлтүүлэг сайтай бөгөөд явган хүний зам бий. Хажууханд байх далан руу согтуу хүн унаж, бэртэх аюултай байж магадгүй.

А.ХҮСЛЭН: (Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэн)

-Гэрийн гадаа тоглоомын талбай байдаггүй учир зун найзуудтайгаа гудамжинд тоглодог. Хааяа өмхий үнэртэх нь муухай. Мөн их шороотой болохоор гутал, өмд минь амархан бохирддог. Бас гэрэлгүй учраас том нүхэнд бүдэрч унаад, өвдгөө шалбалж байсан.

Н.НЭРГҮЙ: (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)

-Ер нь манай энэ хавьд тайван бөгөөд элдэв асуудал байхгүй. Өмнө нь муу усны нүхээс өмхий үнэртэж, явган хүний зам эвдэрсэн байсныг засаж янзалсан. Сүүлд хорооны эргүүл гэж ногоон хувцастай хүмүүс явдаг болсон нь нүдээ олсон ажил. Ямар нэг хэрэг гарвал тэр хүмүүст хэлэхэд байр, орцны ойр хавьд сэжигтэй, аюултай хүмүүсийг ойртуулдаггүй.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Анхааруулах тэмдэг, камер чухал нөлөөтэй

Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй гэдэг. Үүн шиг манай гаргийн хаана ч аюулгүй байдлыг хангахад анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, камер, хяналт чухал үүрэг гүйцэтгэж байна.

Британийн авто замыг арчилгаа хамгийн сайтайд тооцдогийн сацуу тус улсын тээврийн хэрэгслийн жолооч хүссэн газраа эсэн мэнд хүрэх магадлал дэлхийд өөр хаана ч байхгүй өндөр гэнэ. Зам, тээврийн осол хамгийн бага гардаг буюу 100 мянган хүнд амиа алдсан 5.4 тохиолдол ногддог. 1970-аад оноос хойш уг үзүүлэлт хэлбэрэлтгүй буурчээ. Ослын 30 гаруй хувь нь жолоочийн анхаарал сарнисантай холбоотойг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс жолооч осол гаргахад өөрөө, эсвэл зорчигч тамхи татаж явсан бол хэрэг хүндрэх нөхцөлд тооцохоор Замын хөдөлгөөний дүрэмдээ тусгажээ. Нийтийн тээвэр, албаны машин жолоодож явахдаа тамхи татахыг эрс хориглоно. Умард Уэльст жолоо барьж явахдаа хоол идсэн, нидерланд жолоочид найман долоо хоног хорих ял оноосон байна.

Гадаадын жолооч нар Британид замын цагдаа харагдахгүйд баярладаг ч үнэн хэрэгтээ хаа сайгүй камер байрлуулсан байдаг. Гэхдээ энэ нь дүрэм зөрчигч илрүүлэх, эсвэл торгох бус, замын аюултай хэсгүүдэд хурдаа сааруулахыг анхааруулагч аж. Үүний сацуу жолооны үнэмлэх авах босго өндөр буюу 3-4 удаа оролдсоны эцэст авах нь том азад тооцогддог гэнэ.

АНУ-д ч зам, тээврийн ослоор амиа алдагсдын тоо эрс буурчээ. Ослын 40, үүнээс болж амиа алдагсдын 60 хувь нь жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс болж гарсныг судалгаагаар тогтоосон байна. Хоёр дахь том хүчин зүйл нь жолоо барьж явахдаа гар утас хэрэглэсэнтэй холбоотой байв. Тиймээс ачаалал ихтэй зам дагуу байрлуулсан тусгай дэлгэцүүдэд жолооны ард гар утас хэрэглэх нь хууль зөрчсөн хэрэг болохыг анхааруулсан байдаг аж.

Турк улсад замын цагдаагийнхан авлига авсан тохиолдол эрс өссөн дуулиан дөрвөн жилийн өмнө дэгджээ. Харин цагдаагийн машины олонхыг камертай болгож, замын хөдөлгөөн зохицуулагчийн үйлдлийг ажигласнаар уг хэрэг намжсан байна. Мөн торгуулийн хэмжээг жил бүр өсгөдөг нь ослын тоо буурахад нөлөөлсөн аж.

Бельгид сүүлийн жилүүдэд зам, тээврийн ослын тоо үлэмж цөөрчээ. Энэ нь юуны түрүүнд, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох журмыг чангатгасантай холбоотой гэнэ. 17 нас хүрч, жолооны эрхтэй болохыг хүссэн хүн эхлээд дүрмийн дамжаанд явж, шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд түр үнэмлэх олгож, туршлагатай жолоочтой гурван сар дадлага хийдэг. Үүний дараа дахин шалгалт өгч, хоёр удаа унавал нэмэлт зургаан цаг онолын хичээлд төлбөртэй хамрагдах шаардлага тавина. Ер нь жолоо барих эрхтэй болох үйл явцад 1500 евро зарцуулдаг гэнэ.

Финландын замд хандгай, бугатай мөргөлдсөн гэх осол жил бүр хэдэн мянга бүртгэгддэг. Үүнтэй холбоотойгоор замд амьтан явааг анхааруулсан тэмдэглэгээ ийм төрлийн осол буурахад нөлөөлжээ.

Бэлтгэсэн: З.Гал

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Хашаа, хайс ямар байхыг бүгдийг баримт бичигт тусгалаа

Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргалаас мэдээлэл авлаа.

-Нийслэлд иргэдийн амьдрах орчин аюултай хэвээр байгаа гэж үзэхээр байна. Танай газрын зүгээс юу гэж үздэг вэ, ямар үзүүлэлтээр хэмждэг вэ?

-Өнгөрсөн онд төвийн зургаа болон алслагдсан гурван дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган замаар зорчиж буй иргэд, барилгын орчны аюулгүй байдал, авто зам, гүүр, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ гэх мэтчилэн олон чиглэлд ажиллах хүрээндээ иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж буй 5423 зөрчил илрүүлсэн. Зөрчил их байна гэсэн үг. Арилгах, арилгуулах ёстой. Эрсдэл, зөрчил ихтэй нь барилгын салбар. Барьж буй барилгын доогуур, хаяагаар нь гэж хэлнэ дээ, хүмүүс явганаар, тээврийн хэрэгслээр ч зорчдог. Ийм нөхцөлд иргэд хэр олноор зорчдогийг судалсан юм. Гурван барилга сонгоод, тэдгээрийн хажуугаар өдөрт явж өнгөрсөн хүмүүсийг тоолоход нэгнийх нь доогуур л гэхэд давтагдсан тоог оролцуулахад 15-20 мянган иргэн зорчсон. Хөл хөдөлгөөн ийм их. Иргэд барилга дээрээс унасан мод, чулуу, төмөрт цохиулж амиа алдсан тохиолдол цөөнгүй байдаг. Цаашид ийм байлгахгүйн тулд өнгөрсөн онд юуны өмнө зөрчилтэй гэж үзэх 379 барилга байгааг тогтоосон. Хамгаалалтын хашаа нь стандарт бус, саравч хийж, тор татаагүй байсан. Иргэдийг аюулгүй зорчуулахын тулд гаднах хашаанаас дээш, барилга чиглэлд 20 градусын налуугаар саравч үүсгэж, дээрээс юм унахад тохиох аюулын эрсдэлийг бууруулах зорилгоор тор татах ёстой. Ийм олон барилга дахь зөрчлийг арилгуулахын тулд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд хоёр байгууллагын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргасныг зөрчилтэй байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн. Одоо тавдугаар сарын 1 гэхэд дүгнэх юм.

-Мэдэгдэл хүргүүллээ. Өөр ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид хамтарч мэдэгдэл өгөөд зүгээр суусангүй. Газрын даргын тушаалаар манай долоон албан хаагч, дүүргүүдийн ажилтнуудтай хамтарч дээр дурдсан 379 барилгад шалгалт хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 294-д нь хүрч очиж, өөрсдийн боловсруулсан “Барилга, замын ажлыг гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” товхимлоо өгсөн. Үүнд барилгын орчны аюулгүй байдал гэж юу юм гэдгийг тайлбарласнаас авхуулаад барилгын ажлын явцад иргэдийг хамгаалах чиглэлд юуг, хэрхэн хийх талаарх зөвлөгөө бий. Шалгалтыг гуравдугаар сарын 4-нд эхлүүлсэн, энэ сарын 15-нд дуусна. Үлдэж буй хугацаанд бусад хэсэгт ажиллана. Тавдугаар сарын 1 болоход байгууллагууд удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байвал торгууль ногдуулна.

-Танайх торгох эрх мэдэлтэй байх нь?

-Хамтарч ажиллаж байгаа БХБЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, зураг зүйн төв зэрэг байгууллагад эрх нь бий. Торгохоос гадна барилгын ажлыг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм. Бидэнд тийм сонирхол байхгүй. Гагцхүү тавьж буй шаардлагад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулаач ээ гэж байгаа юм. Үнэхээр биелүүлэхгүй бол дээр дурдсан арга хэмжээг авахаас өөр аргагүй.

-Өөр ямар салбарт орчны аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байна?

-2020 онд улс, нийслэл, дүүргийн төсвөөр хийж, хэрэгжүүлэх зам, гүүр, явган зам, тохижилтын ажил удахгүй эхэлнэ. Эдгээр ажлыг хийхдээ дагаж мөрдөх стандарт, норм бүхий холбогдох баримт бичгүүдийг боловсруулсан. Гадна, дотно тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, хашаа, хайс хийхэд тавигдах шаардлага, нийтийн тээврийн үйлчилгээ, такси болон дугуйн зогсоолын төлөвлөлт ямар байх, явган замыг яаж хийх, архитектурын жижиг байгууламжууд болох сандал, хогийн сав зэрэг нь ямар стандарт хангасан тохиолдолд нийтийн эзэмшлийн талбайд тавих вэ, хүлээж авах комисс нь ямар үзүүлэлтээр дүгнэх юм гэх зэргийг заасан 14 баримт бичиг боловсруулаад байна. Тэгэхээр энэ жилийн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд чанар, стандартыг эрхэмлэнэ. Иргэд аюулгүй орчинд амарч, зугаалах, тухалж суух хэсэг, талбайнуудыг бий болгоно. Тэдгээр нь загвар, өнгө сайтай байхын сацуу аюулгүй байдлын стандарт хангасан байна гэсэн үг. Манай улсад мөрдөж буй 6199 стандарт, 619 норм, дүрэм, зургаан итгэлийн баримт бичигт тулгуурлаж ажиллах юм. Бидний гаргасан баримт бичгүүд хэмжээ, загвар, өнгө зэргийг тодорхой гаргаж өгсөн загвар зураг бүхий мэдээлэлтэй. Тиймээс хэрэглэх хүмүүст тодорхой. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг үүний дагуу явуулна. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайд хурц ирмэгтэй юм байлгахгүй, зөөлөн, дулаан материалаар хийнэ. Хашааны сараалжийг хүүхдийн толгой ороод гацчих хэмжээний зайтай байлгахгүй, эрэг, боолт заавал тагтай байна гэх зэргээр бүгдийг зааж, хэлж өгсөн.

Бэлтгэсэн: Р.Оюунаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)