НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган онлайн хэлбэрээр явагдана


Өнөөдөр буюу Мягмар гарагт /2020.09.22/ Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган болно. НҮБ нь байгуулагдаад тэмдэглэлт 75 жилийн ойгоо угтаж байгаа тул энэ удаагийн чуулган их өргөн дэлгэр болох байтал цар тахлын улмаас өөр шинэ хэлбэрээр явагдах болжээ. Тус байгууллагын бүх гишүүн орны тэргүүн нарыг өөрсдийн хэлэх үгээ урьдчилан видео бичлэгээр явуулахыг хүссэн байна. Тиймээс 75 дугаар чуулган дэлхийн түүхэнд хамгийн том олон улсын онлайн арга хэмжээ болох нь. Ерөнхий Ассамблейн танхимд зөвхөн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкыр болон гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид улсынхаа тэргүүн гарын үгийг толилуулахаар оролцох юм байна. Уламжлал ёсоор чуулганы талбарт зохиогддог хоёр талт уулзалтын үеэр "гүүр барих" өвөрмөц боломж энэ удаа алдагдаж байгаад дипломат мэргэжилтнүүд харамсаж байгаа аж. "Дипломат байдал нь олон нийтийн өмнө болон тайзны ард дахь гэж хуваагддаг бөгөөд тулгарсан асуудлын шийдэлд хүрдэг тэрхүү тайзны арын уулзалтууд хохирлоо" гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэг гишүүн орны байнгын төлөөлөгч “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Гэсэн хэдий ч гэнэтийн байдлаар онлайн хэлбэр бас эерэг талтай аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр мэтгэлцээнд улс орнуудын удирдагчид тус байгууллагын түүхэнд байгаагүй олноороо оролцох гэнэ. Учир нь видео бичлэг илгээх нь Нью Йорк руу биечлэн нисэхээс хамаагүй хялбар байдаг. Урьдчилсан жагсаалтын дагуу 119 төрийн тэргүүн, 54 засгийн газрын тэргүүн виртуал индэр дээрээс үг хэлэх юм байна. Цар тахал нь чуулганы гол сэдвүүдийн нэг болох нь ойлгомжтой . Цар тахал нь тухайн улс орон бүрд ийм гамшиг тохиолдоход бэлэн байх тухай хэлэлцүүлгийг бий болгоод зогсохгүй НҮБ-аас орчин цаг үеийн сорилтод шуурхай хариу арга хэмжээ авах чадварын тухай асуудлыг хурцаар тавьж байгаа билээ. Цар тахлын асуудлын талаар тусгай арга хэмжээ зохиогдох бөгөөд уулзалтад ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейсус мөн Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нар үг хэлэх аж. Коронавирусийн эсрэг вакцин, эмчилгээний эм бэлдмэлийг бүх улс оронд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь гол сэдвүүдийн нэг байх болно. Үүний зэрэгцээ дэлхийн цаг уурын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эрх, Ираны цөмийн гэрээ зэрэг дэлхий дахинд тулгараад байгаа олон чухал асуудлыг авч хэлэлцэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)