НҮБ Сүрьеэгийн асуудлыг хөндөн, авч хэлэлцэхээр зэхэж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний энэ өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Манлайлагчдыг хайж байна. Та ч байж болно. Түүхийг бүтээ” уриан дор хамтран нэгдэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ-аас хамтран мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Нарантуяа : НҮБ ирэх 9-р сараас Сүрьеэгийн асуудлыг хөндөн, авч хэлэлцэхээр зэхэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухайд 2016-2020 оны төлөвлөгөөнд сүрьеэтэй тэмцэхээр нэлээдгүй ажлыг хийж байна. Эхний ээлжинд ХӨСҮТ-тэй хамтран сүрьеэгийн талаар хоёр судалгаа хийсэн.

Судалгаагаар нэг сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүний цаана гурван сүрьеэгийн далд хэлбэрээр өвчилсөн оноштой хүмүүс байна. Тиймээс бид одоогийн байдлаар ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүмүүст шинжилгээ хийж байгаа.

Түүнчлэн, сүрьеэгийн өвчлөл хүүхдүүдийн дунд гарч байна. Энэ асуудалд бид БСШУСЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад гарц, шийдэл хайж байгаа. 

Эмчилгээний тухайд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгох зорилгоор олон улсын хамтарсан “СТРИМ” судалгааг хийж, 24 сар эмчлэх хугацааг 9 сар болгох боломжтой болж байна.

Хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Глобаль сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулан идэвхтэй ажиллаж байна. Засгийн газраас энэ мэт ажлуудыг хийж байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал юм шүү" гэв.

"2017 онд ДЭМБ дэлхийн сүрьеэгийн байдлын тайланг гаргасан. Энэ тайлангаар 2016 онд 10.4 сая хүн шинээр сүрьеэгээр өвчилсөн. Эдгээр хүмүүсийн 90 хувь нь насанд хүрэгчдийн дунд, 65 хувь нь эрэгтэй, 10 хувь нь ХДХВ-ийн хавсарсан халдвартай байна. 

Сүрьеэ нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд орж байгаа. Нийт нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудын дунд бүртгэгдэж байна. Ийм учраас сүрьеэ нь дэлхийн дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна" гэв.

ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од "Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэгийн үүсгэгчийг нээснээс хойш  30 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. 

2015-2017 онд Сүрьеэгийн эмэнд тэсвэрлэлтийн судалгааг хийсэн. Энэ судалгаагаар өвчлөгсдийн дунд 16.5 хувь нь эмэнд тэсвэржилттэй гарсан. Энэ бол сүрьеэгийн халдвар бидний дунд өндөр байгааг харуулж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд ХӨСҮТ 200 ортойгоор сүрьеэгээр өвчлөгсдийг хүлээж авдаг. Үүнээс 2017 оны байдлаар 1,981 хүн хэвтэж эмчлүүлсэн бөгөөд 611 хүнд сүрьеэгийн чиглэлээр хагалгаа хийгдсэн байдаг

Манай орны хувьд 2017 онд сүрьеэ өвчний 3,779 шинэ тохиолдол бүртгэгдсэний 2,211 нь Улаанбаатар хотод, 1,518 нь аймаг орон нутагт, 50 нь хорих байгууллагад бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварт өвчний 8.5 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үеэс 266 тохиолдлоор буурсан байна" гэлээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)