Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гэсэн мэдээлэл ХУДАЛ болох нь тогтоогдлоо

"Архиндаа хөлчүүрхсэн эцэг нялх хүүхдээ ганц шил архиар зарна гээд сугавчилсан явна" гэх мэдээлэл өчигдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдөр цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслүүдээр тархсан. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэлэхдээ "Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээгээр "Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гэв үү" гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл гарсантай холбогдуулан мөн тухайн иргэдээс хүний нэр хүндэд халдлаа гэх мэдээллийн дагуу ЦЕГ-аас шалгалтын ажиллагааг хийж эхлүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 113 дүгээр зүйл буюу Хүн худалдаалах гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсан. Тухайн хэрэг дээр СХД-ийн цагдаагийн хэлтэс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл буюу Гүтгэх гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлээд явж байна. Шалгалтын явцад дээрх мэдээлэл нь ор үндэслэлгүй худлаа гэдэг нь тогтоогдсон. СХД-ийн VIII хорооны н.Доржсүрэн гэх 70 гаруй настай иргэн зээгээ гадаа салхилуулж байх явцад нь зургийг нь зөвшөөрөлгүй аваад олон нийтийн мэдээллийн сүлжээнд тавьсан байсан. 

Ер нь ОНМХ-ээр цагдаагийн газартай болон иргэнтэй холбоотой худал мэдээллүүд нэлээд гарч байна. Өчигдөр нэгэн мэдээллийн сайтад "Цагдаагийн байгууллагын 4 хурандааг 100 гаруй цагдаа хамгаалж, шүүх хуралд оролцуулж байна" гэсэн ор үндэслэлгүй худал мэдээлэл гарсан байсан. Тухайн хэрэг нь иргэн н.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан учир цагдаагийн байгууллагын Тухайн субьектыг мөрдөх хэсэгт шалгуулахаар шилжүүлсэн. Уг хэрэг прокурорын хяналтанд явж байгаад шүүхэд шилжсэн. Мэдээлэлд дурдагдсан 100 цагдаа нь Баянзүрх дүүргийн цагдаагийн гурван хэлтэс баривчлах ялтай Захиргааны арга хэмжээ авагдаж буй иргэдийг шүүхээр оруулах гэж очсон байсан. Тиймээс иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ор үндэслэлгүй, эх сурвалжгүй мэдээллийг гаргахгүй байхыг хүсэж байна" гэлээ.

Мөн хэвлэлийн бага хуралд зурагт өртсөн нялх хүүхдийн ээж Д.Дэлгэрмөрөн болон охины өвөө болох иргэн н.Доржсүрэн нар оролцсон юм.

Д.Дэлгэрмөрөн "Цахим сүлжээгээр охин болоод аавын минь зургийн зөвшөөрөлгүй аваад, худал тайлбар тавьж байршуулсан байсан. Уг хэрэгтээ намайг дэлгүүр гараад ирэх хооронд 70 гаруй настай аав минь охиныг минь дэлгүүрийн гадаа салхилуулж байсан юм. Тиймээс бид энэхүү буруу мэдээлэл гаргасан хүмүүст хариуцлага тооцуулахаар холбогдох газар нь хандаж байна" гэлээ.

н.Доржсүрэн "Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Энэ хооронд зургийг минь авч худлаа тайлбартайгаар цахим сүлжээгээр тавьсан байна лээ. Зураг авч байгааг нь ч би мэдээгүй. Би угаасаа хүүхдээ нэг талдаа сугавчилж явдаг юм. Тэрийг хараад буруугаар ойлгосон бололтой" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)