“Нээлттэй” хөрөнгө оруулагчид нэлээд төгрөг халаасална

Олон нийтэд хувьцаагаа арилжсан 95 компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг тараах, эсэх шийдвэр гаргаснаа Монголын хөрөнгийн биржид уламжилжээ. Монголын хөрөнгийн биржийнхэн аль компани, хэдэн төгрөгийн ашиг тараах шийдвэр гаргасныг олон нийтэд дамжуулав. Угаас хувьцаат компаниудын ТУЗ хурлаа жил бүрийн хоёрдугаар сарын 20-ноос өмнө хийж, мэдээллээ хөрөнгийн биржид хүргүүлэх хуультай. Дээрх компаниудаас 29 нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Харин 64 компани ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл хоёр нь хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргахаа биржид мэдэгдсэн аж.

...Ногдол ашиг тараах нь тодорхой болсон 29 компани хөрөнгө оруулагчдынхаа халаасанд 92 тэрбум төгрөг хийх нь. Дээрээс нь хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ ногдол ашиг хуваарилах, эсэхээ шийдвэрлэх хоёр компани бий. Зарим эх сурвалж “Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ ногдол ашиг хуваарилах, эсэхээ шийдвэрлэх нэлээд хэдэн компани бий” гэж ярьж байна...

Уг нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 198 компани бий. Хууль бүгдэд нь ижил тэгш үйлчилдэг бол бүртгэлтэй бүх компанийн ТУЗ хуралдаж, шийдвэр гаргах учиртай. Гэвч хөрөнгийн биржид бүртгэлтэй олон компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй явсаар өдий хүрлээ. Талаас илүү нь хууль, журмаар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байгаа биз. Хуульд захирагддагүй, том толгойтой компаниуд хувьцааны төвлөрөл ихтэй, засаглал муутай байдаг. Бараг л нэг хүний өмчит компани гэхэд хилсдэхгүй. Хэн нэгэн хувьцааных нь 90 хувийг дангаараа эзэмшихээр тухай компанийн засаглал илт мууддаг жишиг Монголд түгээмэл. Хөрөнгийн бирж, цаашлаад Санхүүгийн зохицуулах хорооныхонд хууль хэрэгжүүлдэггүй компаниудыг “хүмүүжүүлэх” эрх мэдэл бий. Гэвч тэд дорвитой арга хэмжээ авахгүй явсаар 30 жил болов.

Задарсан компаниудад яагаад хариуцлага тооцдоггүйг хөрөнгийн биржийхнээс лавлахад ядарсан зах зээлээ хорлож магадгүй гэж болгоомжилдгоо нуудаггүй. Хууль биелүүлдэггүй “нөхөр”-т хариуцлага тооцох гэхээр биржийн бүртгэлээс хасах шаардлагатай болдог. Гэтэл хөрөнгийн биржид бүртгэлдээ олон компани байлгах сонирхол бий. Тэгэхээр хэцүү “нөхөд”-ийг байлгаж байхаас өөр аргагүй. Гэхдээ хөрөнгийн биржийнхэн зүгээр суудаггүй. Үе үе их “цэвэрлэгээ” хийнэ. Нэг далайлтаар 20 гаруй компанийг бүртгэлээсээ хассан тохиолдол ч бий.

Арваад жилийн өмнө Монголын хөрөнгийн биржид 340 орчим компани бүртгэлтэй байлаа. Хууль биелүүлдэггүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниудыг хассаар 198 компанитай үлджээ. Эдгээрээс ч биржийн шалгуурт тэнцэхгүй нь олон бий. Дахиад 40-50 компани биржийн данснаас хасагдах болов уу. Компанийн тухай хуулийн засаглалын шалгуурт нийцүүлсэн, жижиг хувьцаа эзэшигчдийн эрхийг хамгаалсан заалтыг компаниуд хэрэгжүүлдэггүй нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чөдөр болдог билээ.

Ногдол ашиг тараах нь тодорхой болсон 29 компани хөрөнгө оруулагчдынхаа халаасанд 92 тэрбум төгрөг хийх нь. Дээрээс нь хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ ногдол ашиг хуваарилах, эсэхээ шийдвэрлэх хоёр компани бий. Зарим эх сурвалж “Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ ногдол ашиг хуваарилах, эсэхээ шийдвэрлэх нэлээд хэдэн компани бий” гэж ярьж байна. Тодруулбал, “Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар хэлэлцэж, ногдол ашиг хуваарилахаа шийдвэрлэдэг дүрэмтэй. Тус компани тогтмол өндөр дүнтэй ногдол ашиг тараадаг юм. Монголын хөрөнгийн биржийн сүүлийн 20 жилд тараасан нийт ногдол ашгийн 80 хувь нь “Тавантолгой” компанийнх. Тэднийх 130 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь хамгийн өндөр дүн. Өнгөрсөн онд 40 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани ногдол ашиг хуваарилах нь дамжиггүй гэж таамаглаж байна. “Тавантолгой” ногдол ашиг тараавал нээлттэй хувьцаат компаниудын хуваарилах ногдол ашгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой.

Ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан компаниудаас АПУ хамгийн их мөнгийг хөрөнгө оруулагчдадаа тараах нь. Тус компанийн ТУЗ хуралдаад 75.56 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оны цэвэр ашгаас нь хоёр хувиар илүү дүн юм. Тэднийх өнгөрсөн онд 74.39 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байжээ. Шинжээчид 2018 оны хуримтлагдсан ашгаасаа нэмж, ногдол ашиг тарааж байна гэж дүгнэв. Хуваарилах нь тодорхой болсон ногдол ашгийн 82 хувийг АПУ компанийнх эзэлж байна.

Тус компанийн араас 2.49 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах “Мандал даатгал” жагслаа. “Гутал”, “Сүү”, “Лэндмн ББСБ”, “Ард кредит ББСБ”, “Ард санхүүгийн нэгдэл” компани тэрбумаас дээш төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм байна. Тэгвэл “Хөвсгөл геологи” компани 21.6, “Монголын цахилгаан холбоо” 25.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан нь хамгийн бага дүн юм. Компаниудын дийлэнх нь 100 саяас нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тогтжээ. Графикт 500 сая төгрөгөөс дээш ногдол ашиг хуваарилах компаниудын мөнгөн дүнг харуулсан болно.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 орчим компани жил бүр ногдол ашиг хуваарилдаг нь судалгаанаас харагдлаа. 2011-2019 онд 26-34 компани ногдол ашиг тарааж байжээ. Олон нийтийн 26 компани 2018 онд ногдол ашиг хуваарилсан сүүлийн жилүүдэд хамгийн цөөн нь болжээ. Тэгвэл өнгөрсөн жил 34 компани ногдол ашиг тараасан нь хамгийн өндөр дүн болсон байна. Хувьцаат компаниуд энэ оны тавдугаар сарын 1-нээс өмнө хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийсэн байх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дараагаас ногдол ашиг тараах компаниудын тоо нэмэгдэх магадлал өндөр байна. Тиймээс өмнөх жилийнхтэй дүйх тооны компани ногдол ашиг тараах болов уу.

Сүүлийн гурван жилд 10 гаруй компани олон нийтэд хувьцаагаа худалдсан. Тэд хууль, журмыг ягштал биелүүлж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тэдгээрийн нэлээд нь ногдол ашиг тарааж буй нь хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж хүртээж байгаа компанийн тоог өсгөсөн юм. Хувьцаагаа олон нийтэд худалдаад удаагүй байгаа “Мандал даатгал”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард кредит ББСБ”, “Түмэн шувуут”, “Монос хүнс”, “Лэндмн ББСБ” компани энэ онд ногдол ашиг хуваарилах болжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 90 буюу нийт 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Дээрхүүдээс ялгаатай нь “Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компани. Хувьцаат компаниуд энэ жил нийт 300 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ийм хэмжээний өгөөж гар дээр тавина гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийн талаар хэвлэлүүд дэлгэрэнгүй мэдээлсэн тул нээлттэй компаниудын ногдол ашгийн талаар илүүтэй хөндсөн болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)