“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Багануур дүүргийн удирдлагууд оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах юм.

Ингэснээр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг хотын дарга онцоллоо. Ялангуяа төрийн ажлын уялдаа холбоог сайжруулж, дүүргийн мэдээллийн урсгалыг цэгцтэй болгох зорилгоор өнөөдрөөс эхлэн дүүргийн удирдлагууд Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийж эхэлж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн наран ургах зүг Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотоос 130 км зайд Хэрлэн голын сав газарт орших уул уурхай, дэд бүтэц хөгжсөн тус дүүргийн өнөөгийн байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тэрбээр мэдээлэл өгөв.

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ “Багануур дүүрэг 62.2 мянган га газар нутаг, 29 мянга орчим хүн амтай. Нийслэлийн төвийн бүсийн 1 дүүрэг, зүүн бүсийн 4 аймаг, 50 гаруй сумыг эрчим хүчээр хангадаг Багануурын зүүн бүсийн Цахилгаан түгээх сүлжээ, Багануурын уурхайн 1100 гаруй ажилчин 38 жилийн түүхэнд Улаанбаатар хотыг түлш, эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. 2008 оноос хойш өнгөрсөн хугацаанд бид дүүрэг, орон нутгийн 2016 онд батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг тухайн онд нь багтаан хийхэд анхаарч ажиллаж ирлээ. 2017 он эдийн засгийн хувьд хүнд байгаа учраас батлагдсан төсөв мөнгөндөө багтааж, хөрөнгө оруулалтын ажлаа тасралтгүй явуулах нь чухал байна.

2016 онд Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх байсан. Ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явагдаж байсан бол 8-10 сар буюу бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг 2 сарын хугацаанд 70-80 хувьтай хийж гүйцэтгэсэн” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Манай дүүрэг улсын төсөвт 2.9 тэрбум, нийслэлийн төсөвт 6.8 тэрбум, дүүрэгтээ 1 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Уг орлогын төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн. Мөн газрын төлбөрөөс 500 гаруй сая төгрөгийг Нийслэлийн газрын албанд төвлөрүүлдэг. Төлөвлөгөөгөө ч давуулан билүүллээ” хэмээн мэдээлсэн юм.

Багануур дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна. 9 цэцэрлэгт хүүхдүүдээ 100 хувь хамруулах ч боломжтойг дүүргийн Засаг дарга хэллээ. Мөн ерөнхий боловсролын 3 цогцолбор сургуульд 5400 хүүхэд 32 хүүхдийн анги дүүргэлттэйгээр суралцаж байгаа аж.

Дүүргийн зүгээс 2017 оныг “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан байна. Энэ онд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахаар төлөвлөжээ.

14 хоногийн дараа “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар Багахангай дүүргийн удирдлагууд оролцож, мэдээлэл өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)