Нэр нь тодроогүй эгэл баатруудын арми

Монголын Ротари клубуудын гишүүн бүрийг баатрууд, тэдний нэгдлийг арми гэж буй юм. Яагаад нэр нь тодроогүй вэ гэхээр хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл, бүтээсэн бүхнийх нь үр дүн эгэл жирийн хүмүүсийн баярлаж, талархсан сэтгэл, хайрын харцанд илрэхэд хариуд нь эрүүл энх, сайн  сайхныг хүсэж, тэднээс дутуугүй баярлаж, аз жаргалдаа умбан, тусалж чадсандаа сэтгэл ханаж амьдардаг, бусдын төлөөх сэтгэл нь булаг шиг оргилж байдаг, дундрах гэж үгүй тийм хэсэг, бүлэг хүмүүс хийж бүтээснийхээ төлөө нэрээ гаргахыг төдийлөн урьтал болгодоггүй болохоор тэднийг олон нийт ялгаж анзаардаггүй байх гэж хэлэх гэсэн юм. Энэ хүмүүс бол  манай улсад 1995 оноос үйл ажиллагаа явуулж буй Монголын Ротари байгууллагынхан бөгөөд эдүгээ 18 Ротари клубт 30-аас дээш насныхан хамрагдаж, 15 Ротаракт клубт 18-30 насныхан харьяалагдаж, дөрвөн Интеракт клубт  12-18 насны өсвөр насныхан болон залуучууд нэгэн зорилгын дор нэгдэн хамрагдаж байна. Монголын Ротари байгууллага 25 жилийн хугацаанд ийнхүү эгнээгээ тэлсээр 1000 гаруй гишүүнтэй болоод буй юм.

Ротаричууд буюу дээрх клубуудын гишүүд энэ оны тавдугаар сарын 15-нд дэмжигчид, гэр бүл, найз нөхөд, төслүүдийн хамтрагч нартайгаа Монгол Улсад Ротари байгууллага үүсэн байгууллагдсаны түүхт 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ баярт өдрийнх нь тухай олон нийтэд мэдээлэхийн сацуу үе үеийн Ротаричууд эх орондоо болон гадаад, монголчуудынхаа сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө юу хийсэн талаар товч дурдаж, өөрсдөд нь ч сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл тэдэнд “Та бүхэн орчин цагийн нэр нь тодроогүй даруухан баатрууд шүү” гэж чанга дуугаар хэлэхийг хүслээ.   

Монголын Ротаричууд 1995 оноос хойш суурь боловсролыг дэмжих 68, өвчнөөс урьдчилан сэргийлэх 70, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөөх 48, цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд 15, бүс нутгийн эдийн засгийг дэмжихэд 15, байгаль орчныг хамгаалах зорилготой 15, залуу үеийг дэмжих 17, хүмүүнлэгийн чиглэлээр гээд 250 гаруй, нийт 10.8 сая ам.долларын өртөг бүхий төслийг эх орондоо болон гадаад улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн юм. Эдгээрээс Монгол оронд 500 гаруй га газрыг ойжуулсан “Keep Mongolia Green”, 300 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэсэн “Хүүхдийн Зүрх ”, 10 жилийн турш 21 аймагт хэрэгжүүлж, 30 мянган эмэгтэйг эрүүлжүүлсэн умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг шинжилгээний “Амьдралын төлөөх аян” зэрэг төслийг онцгойлон дурдаж, эдгээр төсөлд гар, бие оролцохын зэрэгцээ цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж, сэтгэл зүрхээ нэгтгэн үр дүнд хүргэсэн зуу, зуун, улмаар мянган Ротаричуудад эдгээр төслийн үр шимийг хүртсэн хүмүүс болон нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе.

Ротаричууд бусдын сайн сайхан амьдралын төлөө өөрсдийгөө зориулахын тулд төрсөн юм шиг, зарим талаар өөрөөр байж чадахааргүй мэт сайн үйлсэд улайрсан хүмүүс байдаг. Тэд бурууд нүд хурц, зөвд мэлмий тунгалаг улс. Болж, бүтэхгүй байгаа зүйлийн хажуугаар “Энэ бидэнд хамаагүй” гээд өнгөрч чаддаггүй нэгэн бодлын жаахан гаж улс. Тэд энэ л чанараараа өнөөдөр ч санаачилсаар, эвлэлдэн  нэгдсээр, нийгэмдээ тус хүргэсээр.  Эдүгээ тэд хамтдаа нэгдэн 25 жилийн ойнхоо хүрээнд Улаанбаатар Ротари клубынхний санаачилснаар гадаад орнуудын Ротари клубуудтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд” ээлтэй тоглоомын талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм. Ротаричууд бүтээдгээрээ бүтээнэ, эцэг, эх, асран хамгаалагчид, нийгмийн зүгээс илүү анхаарах шаардлагатай хүүхэд багачууд тэнд тоглон наадна. Ротаричууд тоглоомын талбайгаа цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэж өгнө, тэгээд мартана. Ядаж сонины буланд мэдээ ч гаргуулахгүй. Тэд тийм л хүмүүс. Талбай байгуулах хөрөнгө босгоход бүгд оролцоно, хэн, хэзээ хэдэн  төгрөг өгснийг хэн ч мэдэхгүй. Тийм л учраас бусдын төлөө цохилох зүрхтэй, нийгмийн сайн сайхны төлөө цаг зав, мэдлэг, чадвар, хөрөнгө мөнгөө үл хайрлан зүтгэхдээ хариу нэхдэггүй манлайлагчид тэднийг орчин цагийн нэр нь тодроогүй, магадгүй цаашид ч тодрохгүй  баатрууд гэж буй билээ.

РОТАРИ хэмээх хүмүүнлэгийн, сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага 1905 онд АНУ-ын Чикаго хотод байгуулагдсан.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 1,2 сая Ротаричууд сайн дурын үйл ажиллагаанд 111,1 сая цагийг зарцуулжээ. Тэд “Саа өвчнөөс ангид дэлхий ертөнцийг бий болгох” урианд нэгдэн 1985 оноос хойш 2,5 тэрбум хүүхдийг вакцинжуулан эмчилж, аюулт өвчнөөс ангижруулж, энэ өвчнийг дэлхий даяар устгах ариун үйлсэд гол хувь нэмрийг оруулсан бахархам түүхтэй. Үүндээ дэлхийн хүмүүнлэг үйлсийн манлайлагч Билл Гэйтс нарыг ч элсүүлж чадсан хичээнгүй санаа нэгтнүүд. Билл Гэйтсийн өөрийн сангаараа дамжуулан жил бүр хандивласан нэг сая ам долларын хөрөнгө оруулалтыг Ротаричууд цэнхэр гаргийн ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндэд зориулдаг.

Ротари ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааныхаа үндсэн зургаан чиглэлээр суралцах зорилготой залууст жил бүр 7.5 сая ам долларын үнэлэмж бүхий сургалтын тэтгэлгийг гардуулдаг дэлхийн томоохон сангуудын нэг бөгөөд өдгөө дэлхий даяар 350,000 гаруй тэтгэлгийг залууст олгожээ.

Дэлхий дахинд “Өөрөөсөө давж бусдад тусалъя” (SERVICE ABOVE SELF) уриан дор  36 мянган гаруй Ротари клуб 1. Энх тайвныг бэхжүүлэх, 2. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, 3. Өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, 4. Цэвэр усны хангамжийг сайжруулж, нэмэгдүүлэх, 5. Боловсролыг дэмжих, 6. Бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Яг л төрийн яам, Засгийн газар мэт биш гэж үү. Монгол улс 115 жилийн түүхтэй дэлхийд нэр хүндтэй энэхүү байгууллагын гишүүн болох эхлэл  1995 онд “Улаанбаатар Ротари” нэртэй анхны клубийг байгуулснаар тавигдсан юм.

“Улаанбаатар Ротари” хэрхэн байгуулагдсан бэ. Дэлхийд хүчээ авсан Ротари хөдөлгөөнийг эх орондоо “оруулж ирэх”  санаачилгыг ардчилсан хувьсгалын галыг ноцоогчдын нэг Бошигт болон эдүгээ олон нийт “Дефакто Жагаа” гэдгээр мэдэх болсон эдийн засагч Д.Жаргалсайхан нар  гаргаж, тус бүртээ бүлгэм байгуулсан юм билээ. Тэдний үзэл санааг дэмжиж байсан нөхөд нь нэгдэж, анхны үйл ажиллагаануудаа явуулж эхэлснээс хойш санаачлагчид бүлгэмүүдээ нэгтгэж, 1995 онд Улаанбаатар Ротари клубийг байгуулжээ. Ийнхүү Монголын Ротари хөдөлгөөний гал голомтыг шинэ, дэвшилтэт үзэлтэй залуус санаа нэгдэн үүсгэж,  дэлхийн Ротарид Монголоо нэгтгэсэн түүхтэй. Эдүгээ дээр дурдсанчлан өнөр өтгөн болж, нийгэмд хүртээмжтэй олон зуун төсөл хэрэгжүүлэх хүчин чадалтай супер нэгдэл болж өсөж хөгжжээ.

Сэтгүүлч миний бие Ротари хэмээх хөдөлгөөн, клуб байдаг гэдгийг 1999 онд “Өдрийн сонин”-д ажиллаж байхдаа мэдэж байлаа. “Инээмсэглэл”-ийн гэдгээр олны танил болсон Ч.Ганболд  хөгжмийн зохиолч Н.Жанцаноровын хамт Морин хуурын чуулгын тоглолтыг Улаан-Үдийн Дуурийн театрт зохион байгуулах гээд, би мэдээллийг нь сонинд оруулах ажлаар уулзахад тэрбээр Ротари клубийнхэнтэйгээ цуг байсан юм. Ч.Ганболд тухайн үед “Улаанбаатар Ротари”-ийн ерөнхийлөгч байсан болов уу. Лав “Туушин”-гийн үүсгэн байгуулагч Зоригт байсан санагдаж байна. Тэд юу хийж байгаа талаар сонирхоход зүрхний өвчтэй хүүхдүүдийг гадаадад мэс засалд оруулахад зориулан  хөрөнгө босгох талаар зөвлөлдөж байна гэж байлаа. Ингэж, бусдын сайн сайхны төлөө өөрийн боломжоор туслах үйлсэд сайн дураар нэгдсэн хүмүүс яг л цалин авч зүтгэдэг үндсэн ажлаа хийж буй мэтээр чин сэтгэлээсээ хандаж байдгийг ойлгож авсан юм. Тэр үед Ч.Ганболд “Сэтгүүлчид манай эгнээнд нэгдвэл бид дуртай байх болно. Чамайг урьж байна. Нийгмийн хөгжил, тусламж шаардлагатай эгэл жирийн хүмүүсийн төлөөх ажилд хүчин зүтгэх дуртай, цаг зав зориулж чадах бол бидэнтэй нэгдээрэй” гэж билээ. Монголчуудын сайн мэдэх “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, хүндэлж явдаг сэхээтнүүдийн нэг түүний урилга таалагдсан ч тухайн үед би англи хэл мэдэхгүй гэж өөрийгөө голоод хойш суучихсан юм. Сүүлд бодоход тэр үед оюунаа дайчлаад Ротаричуудын эгнээнд нэгдсэн бол өнөөдөр нөхдийн хамт 25 жилийн ой төдийгүй өөртөө итгэлтэй, бусдад хүндтэй амьдарсны баярыг давхар тэмдэглэх гээд додьгор суухгүй юу.

Сэтгүүлчдийн хүрэхгүй газар, уулзахгүй хүн үгүй хойно. 2000 он гарсан хойно, мөн л ажил хэргийн шугамаар замын инженер, тухайн үед улсын томоохон ажлыг гардан хариуцаж байсан Л.Гомботой танилцаж, ярилцлага авахдаа түүнийг Ротарийн хүн гэдгийг мэдсэн юм. Бидний хэн хэн нь их урлаг, тэр дундаа сонгодог урлагт дуртай, энэ чиглэлийн уран бүтээлчдийг дэмжигч байв. Инженер Л.Гомбо тэр үед ХБК-ийн хөгжимчин залуусыг өсвөр үеийнхний Интеракт клубт элсэж, нэгдэхийг уриалан ажиллаж байлаа. Тэгэхэд нь алсын хараатай Ротаричууд хойч үе, залгамж халаагаа бэлтгэж байгаа юм байна даа гэж бодож байсан минь алдаагүй.

Монголын Ротаричууд түүхт 25 жилийн ойгоо баяртай, жаргалтай тэмдэглэх дөхөж буй энэ цаг үед Улаанбаатар Ротари клубийн 2001 оны ерөнхийлөгч Л.Гомбын сэтгэгдлийг сонсох боломж олдсон юм. Тэрбээр “Монголд Ротари клуб олон болсонд баярладаг. Тусламж, дэмжлэг хэрэгцээтэй хүмүүст, улмаар нийгэмд урьдынхаас илүү хүрч ажиллах боломж нэмэгдэж байгаа юм. Би яагаад Ротарид дурласан гээч. Анх Сүхээ гэж танил маань намайг дагуулан очиж Ротарийнхантай танилцуулахад би хамгийн түрүүнд тэр Ганболд, Жаргалсайхан гээд тэнд харьяалагддаг залуус англиар дуулж байгаа мэт ярихыг сонсоод өөрийн эрхгүй татагдсан юм. Замын инженер хүн ажлаа явуулах түвшний англи хэлтэй байлгүй яах вэ. Гэхдээ тэр гишүүдийнхээ бүхий л талын, тэр дундаа гадаад хэлээр харилцах ур чадвар, хаанахын хэнтэй ч ямар ч ажлын талаар санал солилцоод бүтээдэг чадлыг үндсэндээ биширч байсан юм. Ротари бол тухайн үед манай улсын хувьд цоо шинэ үзэгдэл байсан бөгөөд бусдын төлөө чин сэтгэлээс, хариу нэхэлгүй зүтгэх эрмэлзэлтэй хүмүүсийн сайн дурын бөгөөд тун хариуцлагатай нэгдэл юм. Жишээ нь, Ротаричуудын ажлын үр дүн хаана харагддаг вэ гэхээр охин нь, хүү нь мэс засалд ороод эдгэрсэн аавын, ээжийн, эмээгийн, өвөөгийн баярласан сэтгэл, тэдний, Ротаричуудад сайн сайхныг хүсэж, ерөөсөн харцанд байдаг. Өөр хаана ч биш. Ийм ажилд хүчин зүтгэж, нэгэн үе зохион байгуулагч байсандаа насан турш сэтгэл тэнэгэр явна даа” гэсэн.

Монгол Улсад Ротари хөдөлгөөнийг санаачлагчдын нэг, анхны хоёр бүлгэмийн нэгийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан “Би 1991 онд Америкт, Оклахама муж улсад нэгэн сургалтад явсан юм. Тэр хугацаандаа “Ротари”-гийнхан хэмээх хүмүүстэй танилцсан юм. Хижээлдүү насны хүмүүс цуглачихсан, хүмүүст хэрхэн туслах тухай яриад байлаа. Сонирхож, лавлаж асуухад дэлхийд ийм байгууллага байдаг, амьдралын боломжтой хүмүүс тусламж, халамж хэрэгтэй хүмүүст сайн дураар тусалдаг юм” гэсэн. Тэр өдрөөс хойш Ротари гэж ямар байгууллага юм, хэн, хэзээ байгуулсан юм, ямар үйл ажиллагаа хэрхэн явуулдаг талаар судалж эхэлсэн. Монголдоо ирээд бодоод л байлаа. Манай улсад ардчилсан нийгэмд шилжих гээд бужигначихсан байсан үе. Тусламж хэрэгтэй хүмүүс ч олон. Клуб гэх үү, бүлгэм байгуулж, англи хэлтэй монгол хүн бүрийг элсүүлмээр санагдаж, яриа хөөрөө хийсээр байтал ихэвчлэн гадаад хүн цугладаг юм байна. Яагаад болохгүй гэж, халамж хэрэгтэй хүмүүст туслахад монгол, гадаад байх ялгаагүй учраас зорьж ирсэн хүн бүрийг угтаж авч байлаа. 

Хоёр, гурван жил өнгөрлөө. Ингэсээр нэгэн бүлгэмийн хэрийн бүтэц бий боллоо. Тэгтэл Гадаад харилцааны яаманд Ротари клуб байгуулагдсан тухай мэдээлэл ирлээ. Сонирхтол мөн л англи хэлтэй, бусдын төлөө өөрийгөө зориулах хүсэл, сэтгэлтэй сайхан залуус цуглажээ. Бүлгэмийг ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Бошигт гуай байгуулсан гэж байлаа. Тэр хүмүүс дунд Ч.Ганболд байсан. Би бодлоо. Монголын Ротари гэж хоёр тусдаа байгууллага байснаас нэгдэх нь зөв юм байна, гадаад ертөнц рүү нэг цонхоор харвал ашигтай, үр дүнтэй байх болно гэж үзээд Бошигт гуайд санал тавилаа. Учир яриад “Хоёулаа бүлгэмээ нийлүүлж, нэг болгоё. Тэгээд Монголд Ротари клуб байгуулагдсаныг олон улсад зарлая. Харин та ерөнхийлөгч нь бол” гэж урьсан юм. Үйл явц миний санаснаар өрнөж, Бошигт гуай Монголын Ротари-ийн анхны ерөнхийлөгч болсон. Ротари бол дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагуудын нэг. Улаан загалмай нийгэмлэгийн дараа орох байр суурьтай. Ер нь төр бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аюул тулгарвал хамгаалах үүрэгтэй л юм. Түүнээс халамж үзүүлэх үүрэг функц байхгүй. Харин иргэд бие биедээ анхаарал, халамж тавьдаг байх нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийн мөн чанар. Энэ зарчмаар уг хөдөлгөөнийг Америкт санаачилсан нь дэлхий дахинд түгсэн. Хүн байгалиасаа энэрэнгүй, бусдад боломжоороо тусалж байх хүсэл,  тэмүүлэлтэй. Хүн төрөлхтний энэ мөн чанарт тулгуурлан үүсгэсэн хөдөлгөөн болохоор мөнхийн юм. Улаанбаатар Ротари клубийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсандаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Тийм ээ, Ротаричууд ийм хүмүүс байдаг. Баяраа тэмдэглэх гэж буй тэдэнд тэвэр дүүрэн цэцгийн баглаа орлуулан Ротарийн түүхээс мэдэрсний хэрээр дурдаж, бэлэг барив.

Сэтгүүлч Р.Оюунжаргал 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)