Нэр дэвшигчид нийтийн эзэмшлийг “самарч” дуусах нь

Хоёр метр гаруй өргөнтэй замыг засахдаа ийнхүү танажээ

Овоолсон шороо, хагарсан чулуу энд тэндгүй хөглөрөх эл замаар нааш, цааш холхих иргэдийн цуваа тасрахгүй үргэлжилнэ. Хүн явахын аргагүй болтол “самарсан” энэ газраас өөр явган хүний зам ойр хавьд нь байхгүй учир иргэд үүгээр зорчихоос өөр сонголтгүй. Тавдугаар ангийн хүү бяцхан дүүгээ нуруундаа үүрч, цүнхээ нэг гартаа бариад бартаат замыг туулах гэж чадлынхаа хэрээр мацах нь өрөвдөлтэй. Баянзүрх дүүргийн IV хорооны нутагт байрлах 23, 24 дүгээр байрны гадна тохижилт, нийтийн эзэмшлийн зам, талбайд ийм дүр зураг өдөр бүр харагдана.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулахад сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч буй. Өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн нийтийн эзэмшилд 12 нэгж талбарыг шинээр бүртгэж, есөн га газраар нэмэгдүүлсэн байдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газарт барилга, өргөтгөл барьсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцон, албадан буулгаж, төрийн “төмөр” нүүрийг дураараа аашлагчдад харуулаад амжсан. Үүнээс төр, засгийнхан асуудлыг хурдан, шуурхай шийдвэрлэж буй мэт харагдах биз. Гэвч ачир дээрээ тэд сонгуулийн жилд л иймэрхүү байдлаар шуугиан тарьж ажилладаг үзэгдэл хэвээр байна. Улаанбаатар хот 470 444 га газартай. Үүний 570 гаруй га нь нийтийн эзэмшлийнх бөгөөд сонгуулийн жил буюу өнгөрсөн онд энэ үзүүлэлт 10 гаруй га-гаар нэмэгдсэн байдаг. Сонгуулийн жилд төр, засгийн ажил урагштай, иргэдэд ээлтэй ханддаг нь энэ бүхнээс илэрхий харагдана. Гэвч маргаашаас нь эхлээд Улаанбаатар хөгшид, хүүхдэд ээлгүй хот болж хувирдаг нь үнэн.

Баянзүрх дүүргийн IV хорооны иргэд олон нийтийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлжээ. Учир нь орон нутгийн сонгууль болохтой зэрэгцэн нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний замыг шинэчлэх нэрийдлээр дээрх хорооны хэд хэдэн газрыг сэндийлж орхисон нь тэднийг ийнхүү бухимдахад хүргэсэн аж. Сонгууль болохоос долоо хоногийн өмнө засварын ажил эхэлж, шинээр зам тавихаар хуучныг нь эвдэж, сүйтгэсэн гэнэ. Иргэд шинэ замтай болох нь хэмээн баярлан, дүүргийнхээ удирдлагад итгэл хүлээлгэжээ. Харамсалтай нь, сонгууль дууссаны маргаашаас засварын ажил таг зогсож, иргэд “бартаат” замаар зорчих болов. Тус хорооны иргэн С.Од “Хур хог цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайг засах гээд нэлээд ажлыг сонгуулийн өмнө идэвхтэй эхлүүлсэн. Гэвч сонгууль дууссаны маргаашаас ажил нь удааширч, зарим нь зогссон. Одоо ч энд тэндгүй хог овоолсон, гудамж, талбай нь эвдэрсэн газар цөөнгүй байна. Дүүргийн удирдлагууд төв замд ойр, олны нүдэнд ил газрыг сайн торддог. Харин орон сууцуудын дундах зам, талбайг цэвэрлэж, тохижуулдаггүй. Гэрэлтүүлэггүй, явган хүний замыг эвдэж, сэндийлснээс болж хүүхдүүд бэртэж, гэмтэх тохиолдол гарч байна. Хичээл нь 17.00-18.00 цагт тардаг сурагчид харанхуйд энхэл донхолтой замаар явах нь эрсдэлтэй” гэв. Түүний хэлсэн нь үнэний ортой.

Энэ зам хүүхэд байтугай томчууд ч бэртэж, гэмтэх, халдлагад өртөх “таатай” орчин болдог аж. Өчигдөр (аравдугаар сарын 29) 19.00 цагийн үед биднийг очиход мөн л дээрхийн адил дүр зураг угтав. Иргэд явган хүний замыг засуулахаар дүүргийн удирдлагадаа удаа дараа хүсэлт гаргасны эцэст засварын ажил үргэлжилжээ. Эндхийн гудамж, талбайг дөрвөн хүн засаж буй. Хоёр нь чулуун хавтан зөөж, үлдсэн нь тэдгээрийг нэгбүрчлэн өрж, явган хүний зам тавих аж. Өдөрт 2-3 метр хэртэй урт зам тавьдаг гэнэ. Тав хүрэхгүй минутад тэрүүгээр 10 гаруй хүн зөрж өнгөрлөө. Засварын ажил хэр урагштай байгааг асуухад “Өнөөдөр л эхэлсэн. Өмнөх шигээ зогсчихгүй бол 50 метр ч хүрэхгүй замыг хэдхэн өдрийн дотор янзлаад, гэрэлтүүлэгтэй болгочих байх. Гэхдээ төрийн ажил юм хойно заасан хугацаандаа ашиглалтад оруулна гэж найдах хэрэггүй л болов уу. Манай энэ хавьд ийм газар олон бий. Эндхийн ихэнх барилга хуучных учир гадна тохижилт, явган хүний зам нь тэр хэрээр элэгдсэн байдаг. Зайлшгүй засах шаардлага тулгараад байхад хүний нүд хуурч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг энэ мэтчилэн зөрчиж байна” гэв.

Явган хүний зам засах нэрийдлээр хуучныг нь эвдлэв 

Эндээс цааш хоёр километр ч хүрэхгүй зайд байрлах “Тарвалин” хотхоны явган хүний зам, талбай мөн л ийм ундуй сундуй. Засварын ажил дуусаж, иргэд зорчих замтай болсон ч сэтгэл дундуур байгаа аж. Эндхийн зам, талбайг сүүлийн 10 орчим жил засаагүй бөгөөд орон нутгийн сонгуулийн өмнө шинэчлэхээр шийдвэрлэжээ. Харамсалтай нь, явган зорчигчийн замын өргөнийг хоёр дахин нарийсгасан байв. Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Ш.Ганчимэг “Манай байрны гаднах явган хүний зам зогсоолын үүрэг гүйцэтгээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хавьд зогсоол хүрэлцээгүй учир хүмүүс явган хүний зам дээр машинаа байрлуулдаг байсан юм. Харин энэ сарын эхээр буюу орон нутгийн сонгуулийн өмнөхөн явган зорчигчийн замыг засаж эхэлсэн. Сонгууль дууссаны маргаашаас ажил нь удааширч, тэр ч бүү хэл зам гэхэд хэцүүхэн “юм” тавиад алга боллоо. Явган зорчигчийн зам хоёр метр гаруй өргөнтэй байсныг нарийсгаж, нэг метр ч хүрэхгүй болгочихсон. Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ныхноос асуухад “Манайх мэдэхгүй. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийлгэсэн” гэдэг. Хүүхдээ хөтлөөд явах, хүнтэй зөрөх ч зайгүй ийм зам тавьж болохгүй” гэсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн тасгийнхнаас явган хүний замыг яагаад ийнхүү “танасныг” тодруулахад “Хариуцсан мэргэжилтэн нь байхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Улаанбаатар хотын нэг дүүрэг, тэр дундаа хоёр хороонд энэ мэт зөрчил байна. Хэрэв нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтыг шалгавал ийм зөрчил олон илрэх нь дамжиггүй. Төр, засгийн “толгойд” гарсан хүмүүс ажил хийсэн дүр эсгэж, иргэдээс “оноо” цуглуулахын тулд улсын төсвийн хөрөнгийг салхинд хийсгэдэг явдал хаа сайгүй байсаар. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ мэтээр тоглодгоо хэзээ болих вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)