Нэрт хөлбөмбөгчин асан Рио Фердинанд мэргэжлийн боксчин болно

Английн шигшээ болон "Манчестер Юнайтед" багийн хамгаалагч асан Рио Фердинанд мэргэжлийн бокст хүч үзэхээр болжээ. Энэ жил 38 настай хөлбөмбөгчин эр 2015 онд зодог тайлснаас хойш тулааны спортод өрсөлдөхөөр эрчимтэй бэлтгэл хийж эхэлжээ. Тэрбээр үргэлж боксчин болохыг хүсдэг байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэхээр болжээ.

Р.Фердинанд цахим бооцоот тоглоом зохион байгуулдаг 'Betfair' компанийн зохион байгуулж буй "Defender to Contender" хэмээх тулаанд оролцохоор болж, албан ёсоор гарын үсэг зуржээ.

Сонирхуулахад, Р.Фердинанд өмнө нь WBC холбооны дунд жингийн аваргын бүс эзэмшиж байсан Ричи Вудхолтой бэлтгэл хийж байгаа аж. Гэхдээ Их Британийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роберт Смитийн баталснаар Риогийн боксоор тулалдах эрх нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй гэнэ. Тэрбээр энэ талаар анх даваа гаригийн өглөө радиогоор сонссон бөгөөд бусдын адил гэнэтийн мэдээ сонссондоо гайхсан бололтой.

Их спортын бусад төрлөөр багагүй амжилтад хүрснийхээ дараа мэргэжлийн бокст хүч сорьсон цөөнгүй тамирчин бий. Тодруулбал, крикетийн Андрю Флинтопп, рагбигийн Сонни Билл Уильямс, "Норвич" багийн хөлбөмбөгчин асан Леон МакКензи, мөн хөлбөмбөгчин Куртис Вудхаус, холимог тулаанч Конор МкГрегор гэх мэтээр үргэлжилнэ.

Эднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Куртис Вудхаус. Тэрбээр 2012 онд Их Британийн аварга болж байв.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)