Н.Эрдэнэ: ОХУ-ын хамгийн том “Росгос” цирктэй монголчууд хамтран ажиллах эрхтэй боллоо

 

Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ энэ онд гадаад харилцааны олон хамтын ажиллагааг эхлүүлж, уран бүтээлчдийнхээ амжилтыг ахиулсаар явна. Тэрбээр эдүгээ Украины Киев хотноо жүжигчидтэйгээ ажиллаж байгаа бөгөөд онлайнаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Олон улсын соёл урлагийн форумд тэрбээр Монголын циркчдийг төлөөлөн оролцож, “Циркийн жүжигчдийн хувь тавилан, байр суурь” гэсэн сэдвээр илтгэл тавьсны зэрэгцээ ОХУ-ын хамгийн том “Росгос” цирктэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

-Олон улсын соёл урлагийн форумд оролцож, дуу хоолойгоо өргөж, циркчдээ төлөөлөн илтгэл тавьжээ. Энэ форум хэр өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан бэ?

-Тав дахь удаагийн Олон улсын соёл, урлагийн форумд 69 орны 900 орчим төлөөлөгч, ОХУ-ын муж хотуудыг төлөөлсөн 11 мянган хүн оролцлоо. Өргөн цар хүрээтэйгээс гадна, тус улсын Ерөнхийлөгч нь ирж оролцдог өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Циркийн төлөөлөгчид л гэхэд 11 улсаас ирсэн байлаа. Циркийн хөгжил, ирээдүйн талаар ярилцаж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр долоонулсын циркийн төлөөлөгч гадаад харилцааны гэрээ хийсэн. Тэр дундаа Монгол циркийн хөгжлийн төв нь ОХУ-ын “Росгос” цирктэй хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн цаашид циркийн сургуультай улс орнууд төгсөх курсын оюутнуудаа солилцон, туршлага судлуулж байхаар ярилцсан байгаа.

ОХУ-д л гэхэд 42 суурин цирк бий. Социализмын үед л манай уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус улсад аялан тоглож, мөн жүжигчдээ илгээн суралцуулдаг байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр энэ харилцааг шинэ түвшинд гаргаж бид хамтран ажиллахаар боллоо.

-Та бас олон улсын хэд хэдэн тэмцээний шүүгчээр ажилласан. Энэ нь монголчуудыг циркийн урлагт хэдийнэ хүлээн зөвшөөрдөг болсны жишээ болов уу?

-2016 онд Франц, Испани, ОХУ, БНХАУ-д болсон олон улсын циркдийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Цаашид ч олон тэмцээний шүүгчээр ажиллах санал ирсэн.

-Хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр монголчууд хамтлагаараа л олон улсын аялан тоглолт хийдэг байсан жишиг өөрчлөгдөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ хөтөлбөр тоглуулах боломж бүрдэх  үү?

-Тийм ээ. Арванхоёрдугаар сард Монголын 26 жүжигчин “Мадагаскар” хэмээн бүрэн хөтөлбөрөө ОХУ-д тоглох болсон нь үүний нэг жишээ. Мөн л ардчилсан хувьсгалаас өмнөх он жилүүдэд л Улсын циркийн жүжигчид бүтэн хөтөлбөр бэлтгэн гадаадад тоглодог байсан юм.  

-Украинд Монголын үндэсний циркийн жүжигчин Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тоглолт хийж байгаа юу?

-Би Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүнээр ажилладгаас гадна Монголын үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчдийн продюсерээр ажилладаг юм.  Ирэх амралтын өдрүүдээр манай жүжигчид Украины циркийн найруулагч, бүжиг дэглээчтэй хамтарсан цоо шинэ үзүүлбэрээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна.  

Дараа нь эндээс Герман, ОХУ-д аялан тоглохоор явна. Циркийн урлагийн хамгийн хэцүү төрлийн нэг шидэх банзны үзүүлбэрийг манай жүжигчид хийж байгаа. Шидэх банзнаас үсэрч агаарт зургаан удаа эргэсэн амжилтыг дэлхийд ганцаараа эзэмшиж байгаа Т.Номуунбаатар маань  нүдээ боож байгаа таван удаа сальто эргэх шинэ трюк хийж байна. Мөн манай хамтлагийн жүжигчин урагшаа тав эргэлт хийж байгаа нь мөн л дээд амжилт.

-Олон улсын циркчдийн тэмцээнд монголчууд тогтмол амжилт үзүүлдэг. Тэр дундаа танай төвөөс уран бүтээлчдийг продюсерлэсэн тохиолдол олон байх аа?

-Байгуулагдаад дөрвөн жил болж байгаа манай төв 17 удаагийн тэмцээнд уран бүтээлчдээ оролцуулж, гадаад харилцаагаа өргөжүүлж, монголын циркчдийн чадал чансааг таниулсан байна. Хамгийн сүүлд Ц.Сэлэнгэ багштай уран нугараачид Ю.Никулины нэрэмжит тэмцээний мөнгөн заан цомыг хүртсэн. Циркийн урлагийн хэцүү бэрхийг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл тэднийхээ амжилтыг олонд таниулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх нь бидний зорилго билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)