Нэн ховор цоохор ирвэсийн эд эрхтэн худалдах гэж байсан хүнийг саатуулав

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид өнгөрсөн лхагва гаргийн 18.00 цагийн үед Баянгол дүүргийн XX хорооны нутагт цоохор ирвэсийн эд эрхтэн худалдах гэж явсан иргэнийг илрүүлэн саатууллаа. Тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин” супермаркетын автомашины зогсоолд иргэн А уг амьтны хоёр арьс, гавлын яс, соёог бусдад худалдах гэж байсан аж. Цоохор ирвэсийн арьс, гавлын яс, соёог хятадууд өндөр үнээр худалдаж авдаг гэсэн мэдээлэл иргэдийн дунд байдгаас болж ашиг олох зорилгоор Монгол Улсын Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийг хууль бусаар агнах явдал гардаг аж. Дээрх хэрэг ч ийм ташаа мэдээллийн үр дүн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ташрамд дурдахад, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймагт цоохор ирвэсийн тархац нэмэгдэн, мал руу халдаж байгаатай холбоотойгоор иргэд агнах явдал цөөнгүй гарч буй аж.

Эрүүгийн хуулийн 24.5-2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10 000-40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд экологид учруулсан хохирлыг нь хоёр нугалж төлүүлэх хууль үйлчилж буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)