Н.Энхболд: Энэ айлын хүргэн болохоосоо ч өнгөрлөө гэж бодсон шүү

УИХ-ын дэд дарга, гишүүн Н.Энхболдтой улстөржөөгүй яриа өрнүүллээ. Түүний ажлын өрөөнд хоёр морин хуур байв. Найз нөхөд, дүү нар нь бэлэглэсэн гэнэ. Монгол хүн бүр морин хуураа дээдэлдэг ёсоор тэрбээр ажлын өрөө, гэрийнхээ хойморт үндэсний хөгжмөө залдаг. Харин гэрийн жавар үргээн хуурдаж хараахан чадахгүй учир оронд нь гитараар “аргалчихдаг” аж.


-Таныг элдэв хор найруулгад оролцдоггүй, төлөв төвшин улстөрч гэдэг. Та өөрийгөө ямар зан чанартай гэж хэлэх вэ. Бас амьдралдаа баримталдаг зарчмыг тань сонирхвол сонин байх.
-Хүн өөрийн зөв гэж бодсон, бас бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримталж амьдрах нь өөрөө зарчим. Нэг л зүйл бодож, зорьж амьдрах нь чухал. Нэг юм ярьчихаад өөр зүйл хийж, нөгөөг боддог байж болохгүй. Сонирхуулахад, АСЕМ-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Германд очиход өмнөхөн нь шашны их том хурал болсон байсан. Уг хуралд дэлхийд хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн 6-7 шашны удирдлага оролцсон юм билээ. Ер нь хүн гэж юу вэ, түүний мөн чанар, яагаад төрдөг, яаж амьдрах ёстой талаар шашны мөн чанарт хэрхэн тайлбарладгийг тэд ярилцаад нэг дүгнэлтэд хүрсэн. Хүмүүс “Надад хэн нэгэн муу зүйл бүү хийгээсэй” гэж боддог. Үүний адилаар өөрөө тэр муу зүйлүүдээ бусдад бүү хий гэсэн утгатай дүгнэлт л дээ. Бүх шашны гол үзэл баримтлал үүн дээр тогтсон байсан. Америк, Африк, Монгол гээд хаана амьдрах нь хамаагүй, хүн ийм л зарчимтай байх ёстой. Бодоод үзэхэд би үүнээс хол зөрүүгүй амьдардаг юм билээ. Гэр бүлийн хүмүүжил, орчин нөлөөлсөн байна л даа. Ажлын тухайд бол тодорхой асуудлаар ямар үр дүнд хүрэх ёстойг илүү бодож ярьдаг. Үг хэлэх бол бэлдэж байгаад аль болох товч, ойлгомжтой ярихыг хичээдэг.

-Та шашин шүтдэг үү. Сүүлийн үед энэ байдал мухар сүсэг тал руугаа хавтгайрах гээд байх шиг…

-Шашин бол хүний амьдралын том гүн ухаан. Уламжлалт шарын шашныг өөрийнхөө хэмжээнд судалж үзсэн. Шүтэж бишрэх гэхээсээ шашныг, түүнийг шүтдэг хүмүүсийг хүндлэх ёстой гэж боддог. Далдын хүч, бурханд бүх зүйлээ даатган мухраар шүтэхээс илүү тэр сургаалд заасны дагуу өөрийгөө чиглүүлэх хэрэгтэй юм билээ.
 -Та 20 жилийн өмнө амьдралаа хэрхэн төсөөлж байсан бэ. Одоо тэр төсөөллөөс зөрсөн, бас биелсэн зүйл юу байна?

-1990 онд бид цоо шинэ ертөнцийн хаалга нээгээд орж байлаа. Тэгэхэд 20 жилийн дараа өөрийгөө, бас нийгэм ямар байхыг төсөөлсөн хүн байсан гэвэл итгэхгүй. Тэр үед би “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал байсан. Хэвлэлийн салбар, номын худалдаа, хэвлэх үйлдвэрийг хамарсан байгууллага. 20 жилийн дараа гэхээс илүү шинэ нийгмийнхээ мөн чанарыг ойлгохыг хичээж байсан. Төсөөлөх туршлага ч үнэндээ байгаагүй. Эргэлзсэн, хайсан хүмүүс л байлаа шүү дээ. Тэр үед өөрийгөө улс төрд орно гэж бодоо ч үгүй байлаа. Салбартаа л хамгийн том захиргааны, гүйцэтгэх засаглал талын ажил хийж байж.
-Өнгөрснөө эргэн санах дуртай юу?
-Хүн илүү урагшаа харж, цаашдаа яахаа бодож амьдардаг. Гэхдээ ингэхдээ өмнө нь ямар замаар явж, юу болж байсныг бодно. Түүнээс зориуд цаг гаргаад өнгөрснөө дурсах цаг арай болоогүй гэж бодож байна. /инээв/

-Хүн өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй гэдэг л дээ. Гэвч өнөөдөр гэхээсээ ирээдүй, эсвэл өчигдөртөө “амьдардаг” хүмүүс бий. Та аль цаг үедээ амьдарч байна вэ?
-Хүн өнөөдрөө ч, ирээдүйгээ ч бодох хэрэгтэй. Аль нэг рүү нь туйлширдаг хүн байхгүй болов уу. Цаг хугацаа, орон зай салшгүй холбоотой, тасралтгүй үргэлжилдэг шүү дээ.
-Монголчуудад агуу өнөөдөр алга. Бас ямар ирээдүй байхыг одоохондоо мэдэхгүй. Харин бидэнд агуу өчигдөр, түүх байгаа. Гэхдээ манайхан өчигдрөөрөө л бахархаад байх нь өрөөсгөл мэт санагддаг л даа...
-Ямар түүх, удамтай гэдгээ монгол хүн бүр дурсан санах ёстой. Тэгж байж бахархах зүйлтэйгээ мэдэж, түүндээ суурилж урагшлах ёстой. Нэн шинэ түүхээ авч үзвэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд бусад улстай харьцуулахад бид чамгүй амжилт гаргасан. Алдаа ч зөндөө бий. Биднээс, орчин тойрноос ч болох нь бий. Гэхдээ харьцуулаад үзвэл өөрсдөөс маань шалтгаалсан алдаа их байх шиг. Хүмүүст шинэ нийгмийн мөн чанарыг эхнээс нь зөв таниулаагүй нь алдаа. Гэвч энэ нь нийгэм гэхээсээ түүнийг удирдаж явсан хүмүүст шинэ ертөнцийн тухай мэдлэг, туршлага дутмаг байснаас болсон байх.

-Эхнэртэйгээ яаж танилцсан бэ, зав зай гарвал гэрийн ажилд оролцдог уу?
- Москвад оюутан байхдаа танилцаад гэр бүл болсон. Анх хадмуудтайгаа танилцах гэж очоод нэг хөглөж билээ. Тэр үед хадмынх зусланд гарчихсан байсан юм. Би сайн хүргэн болох гэж хичээгээд мод хагалахаар боллоо. Хичээж сайхан хагалаад өрөөд тавьдаг юм. Хадам ээж “За яасан мод хагалчихсан уу” гэхээр нь их маадгар хүн “Тийм ээ” л гэлээ. Гэтэл цонхны тавцан хийх гээд засчихсан банзнуудыг нь хагалчихсан байдаг байгаа. “За энэ айлын хүргэн болохоосоо ч өнгөрлөө дөө” гэж бодсон. Гэтэл гайгүй ээ, хүргэн нь болчихсон шүү. Бид хоёр хүүхэдтэй, тэд маань том болоод тусдаа гарсан. Одоо эхнэр бид хоёр л байгаа болохоор гэрийн ажил ч харьцангуй бага юм даа. Эхнэр ар талаа зохицуулна. Би заримдаа цаг зав гараад гэрийн ажил хийвэл гайгүй үнэлгээ авчихдаг юм. /инээв/ Сүүлийн үед дүгнэлт, шинжилгээ, анализ хийсэн материал орчуулах, бичихэд цаг зарцуулдаг болоод байна.

-Хайр гэж таныхаар юу вэ. Шохоорхол уу, хайр уу гэдгийг цаг хугацаа шалгадаг гэдэг дээ?

-Дэлхийн зургаан тэрбум хүн хайрыг өөр өөрийнхөөрөө тодорхойлох байх. Миний хувьд хамтдаа биш л бол байж чадахгүй болохыг л хайр гэх байх даа. Хайрын гол шалгуур нь цаг хугацаа гэдэг үнэн.
С.Туул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)