Н.Энхболд: Х.Тэмүүжин сайд ыг огцрулах саналыг манай намаас гаргаагүй

 Шинэчлэлийн Засгийн газрыг ганхуулах нь гэсэн мессежтэйгээр УИХ-ын хаврын чуулган эхэлж, намын Бүлгүүд өчигдөр эхний хуралдаанаа хийв. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нээлтэд лоозон барин сууж, эдийн засгийн өсөлт буурсан, бас бус болж бүтэхгүй зүйл байгаагийн хариуцлагыг Ерөнхий сайдаас нэхсэн. Тэгвэл өчигдөр болсон Бүлгийн хуралдаанаараа тэд уг асуудлыг дахин хэлэлцэж, баталгаажуулжээ. Мөн энэ долоо хоногт ярих асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох гэх мэт хуулийн хугацаатай тогтоолыг тэд дэмжжээ.

Стратегийн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд “Уг хуулийн төсөл бидний гарт хараахан ирээгүй байна. Гэхдээ энэ хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт буурсан мэтээр ярих нь өрөөсгөл. Хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн журам батлах ёстой байсан ч одоо болтол алга. Энэ мэт олон хүчин зүйлээс болж хөрөнгө оруулалт буурсан” гэв. Хууль зүйн салбарыг шинэчлэхтэй холбоотой өргөн барьсан хэд хэдэн төсөлтэй МАН-ынхан танилцаж амжааг үй учир энэ долоо хоногт ярина гэвэл завсарлага хүсэхээ мэдэгдлээ.

Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Сүхбаатарын талбайд хийсэн цуглаанаа Н.Энхболд гишүүн “амлалт нэхэх, шударга ёсыг хамгаалах” зорилготой байсан хэмээн тодотгов. Уг цуглаанаас Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хандсан 10 зүйл бүхий шаардлага гаргасан аж. Өөрсдөө УИХ-ын гишүүн, Төрийн ордонд ажилладаг атал жинхэнэ гудамжинд тэмцэгчид шиг “Эрх баригчид гарч ирж бидний шаардлагыг авсангүй” хэмээн гомдоллосон нь сонин сонсогдсов. Эцэст нь МАН-ын УИХ-ын гишүүд Төрийн тэргүүнд дээрх шаардлагаа өгчээ. УИХ-ын даргад чуулганы хуралдаан дээр үүнийг гардуулах гэнэ. Мөн цалин, тэтгэврийг нэмэх тухай тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барих юм байна.

МАН-ын бүлгийн ахлагч “Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Байнгын хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал орсонгүй. Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлдгийн хувьд энэ сард том хурал зохион байгуулна. Эрх баригчид энэ үеэр олон зүйл ярихаар төлөвлөж байгаа. Гэтэл МАН-ын гишүүд тус бүртээ нэг, бусад нь гурван Байнгын хороонд харьяалагдсан хэвээр. Үүнийг шийдээгүй байж ардчилсан Парламенттай гэж ярих нь зөв үү” гэлээ. Мөн Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх өчигдөр хуралдаж, тэнд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус гэж үзсэнийг Я.Содбаатар гишүүн дуулгав. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтөөс гадна Ерөнхий сайдын шийдвэр хууль зөрчсөн байгааг энэ мэтээр баталж байна. Тиймээс түүнд хариуцлага тооцох ёстой” гэв. Тэднээс зарим зүйл тодрууллаа.

-УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор бүсэд байгуулсан компанийн дансаа хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-тээ бичээгүй хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн. Энэ талаар МАН ямар байр суурьтай байна вэ?

-Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн илрүүлсэн иймэрхүү хэрэгт холбоотой гаднын орны улстөрчид албан тушаалаасаа огцорч байгаа юм билээ. С.Баярцогт ч бас үүний адил УИХ-ын дэд даргын болон гишүүний албан тушаалаасаа огцрох байх гэж хүлээж байна.

-Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг МАН, МАХН хамтран тавина гэсэн нь үнэн үү?

-МАН ямар нэг намтай хамтарч ийм асуудал хөндөөгүй. Бусад намын зүгээс ийм санал гарсан яриа бий. Албан ёсоор асуудлаа тавих юм бол бид үндэслэлтэй нь танилцаад сөрөг хүчний байр сууринаас хандана.


 С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)