“Н.Энхбаяр дарга Ю.Тимошенко, С.Зориг нар шиг хэлмэгдэх вий”

 Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, эдүгээгийн сайд Ц.Нямдорж нарын маргаан олны анхаарлыг татаж буй. “Энэ маргаанд МАХН улс төрийн өс хонзонгоор хандахын эсрэг байна. Хуулиа биелүүлж, төрийн албан хаагчийн хувиар хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлэхийг л ХЗДХ-ийн сайдаас шаардаж байгаа юм. Ц.Нямдорж тэмээ гэхээр ямаа ярьж булзааруулахын оронд огцорвол зохистой” хэмээн МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог өчигдөр мэдэгдлээ. “МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бусаар цагдан хорьж, 2012 оны сонгуульд өрсөлдөгчгүйгээр оролцохыг МАН-АН хэмээх мафи, олигарх бүлэглэл төлөвлөсөн бололтой. Яг л Украины шүүх Юлия Тимошенког хэлмэгдүүлж байгаатай адил явдал болж мэдэхээр байна.

Улстөрчдийн гэм бурууг мэдэж байгаа цорын ганц гэрчийн хувьд Н.Энхбаярыг хамгаалалтад авахгүй бол Ерөнхий сайд болохоосоо хоёр хоногийн өмнө бусдын гарт амиа алдсан С.Зоригийн хувь тавиланг давтаж ч магадгүй” гэж МАХНын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэлэв. Тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Ч.Энхээгийн ярьснаар бол, Н.Энхбаярыг баривчлахыг оролдсон гэдэг нь цуу яриа төдий зүйл биш аж. АТГ-аас Н.Энхбаярыг одоогоор байцаагаагүй байгаа гэнэ. “Экс Ерөнхийлөгчийн гэрт шөнө цагдаа нар ирээд явсан. Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэсэн бол 22 цагаас хойш байцаалт явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг юм. Тэгээд ч 4-5 сарын өмнө шаардлагатай бүх мэдүүлгээ өгчихсөн хүн шүү дээ” гэж тэрбээр өгүүлэв. “Ард түмний ёс зүйн шүүх” нэртэй нэгэн байгууллагын үйл ажиллагааг эхлүүлж байгаагаа МАХН өчигдөр мөн зарлалаа. Түүнчлэн улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа З.Алтай гишүүнд дайж УИХ-д танилцуулах гэнэ. МАХН бас Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржид хандан “ард түмнийхээ талд шударга ажиллах” зөвлөгөө бүхий ил захидал бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)