Н.ЭНХБАЯРЫГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ ӨМГӨӨЛНӨ

 Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо.

Шүүх хуралд Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл ирсэнгүй. Тэрбээр хүүхдийнх нь бие өвдөж, эмнэлэгт хэвтсэн тул шүүх хуралд оролцож чадахгүй болсноо Сүхбаатар дүүргийн шүүхэд бичгээр мэдэгджээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүх хурлын үеэр академич С.Нарангэрэлийг өөрийн өмгөөлөгчөөрөө авч байгаагаа хэлэв. С.Нарангэрэл “Энэ хэрэгтэй танилцахад дор хаяж хоёр сарын хугацаа шаардлагатай. Уг хэрэгтэй бүрэн танилцсаныхаа дараа дүгнэлт хийж, өмгөөлөл явуулах болно. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав. Энэ хүсэлтийг улсын яллагч Е.Сагсай хүлээн авлаа. Түүний шинэ өмгөөлөгч долоодугаар сарын 31 хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцахыг шүүгчид даалгасан юм.

Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг болон улсын яллагчаар Е.Сагсай нар оролцлоо. Шүүх танхимын гадна хамгаалалтад гарч буй цагдаа нараас гадна, түүнийг дэмжигч ахмадууд олноор цуглан шүүх хурлыг шударга явуулахыг уриалж байлаа.


О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)