Нэмэлт тайлбар нэхсэн нэг хувийн босго

Баталчихсан, бандан тас. Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавихгүй гэдгээ Ерөнхийлөгч бараг мэдэгдчихсэн. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг л хаа хамаагүй хөндөөд хаячихгүй бол ирэх найман жилд үүгээр оролдох нь хориотой.

Өөрөөр хэлбэл, 801 хүн гарын үсэг зуран үүсгэж буй намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувь буюу 20 мянгаас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар болж байгаа.

Гэхдээ үүнийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Магадгүй тэр үед хориглолтын найман жил дуусах тул хүчингүй болгохгүй, Үндсэн хуулийн уг нэмэлтийг өөрчлөхгүй гэх газаргүй. Учир нь эл заалт нэлээд шүүмжлэлд өртөж буй. Тухайлбал, яг долоо хоногийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахаас урьтаж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)- аас УИХ-д нэгэн бичиг илгээсэн байдаг. Хүний эрх, эрх чөлөө, шударга сонгуультай холбоотой асуудлуудыг голчлон хөнддөг, Засгийн газар хоорондын байгууллагуудаас томоохонд тооцогддог ЕАБХАБ-ын 57 дахь буюу отгон гишүүн нь манай улс. Уг байгууллагын гишүүний хувьд Монгол Улс ЕАБХАБ-аас баталсан дүрэм, журам, шийдвэрийг дагах учиртай. Тиймээс тус байгууллагын харьяа Улс төрийн намын эрх зүйн Венецийн комиссоос баталсан арван зарчим бүхий удирдамжийг баримтлахыг манай парламентад анхааруулсан хэрэг. Тус удирдамжид иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төр энэ эрхийг нь хамгаалах, иргэд болон намыг ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш үйлчлэх, олон ургальч үзлийг дэмжих зэрэг арван зарчим бий. Тиймээс ч манайхан “гал унтраах” арга хэмжээ авч, мөрдөх хугацааг нь хойшлуулан, 2028 он болгочихоод байна.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулахтай холбоотой эл зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээс өмнө өөрийнхөө саналыг өргөн барихдаа 50 001-ээс доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулах тухай заалт оруулсан байсан юм. Энэ нь ОХУ-д улс төрийн намын харилцааг зохицуулдаг хууль, тогтоомжийн заалттай тун төстэй болохыг тухайн үед судлаачид хэлж байв. Тодруулбал, тус улсад Улс төрийн намын тухай хуулийг баталсны дараа Бүгд найрамдах намын гишүүдийн тоо 40 мянгаас бага гэж үзэн татан буулгаж байжээ. Энэ нь Европын хүний эрхийн байгууллагуудын ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан гэдэг. Ингээд манай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд АН-ын зүгээс Монгол Улсын нийт иргэний нэг хувиас доошгүй тооны хүн эвлэлдэн нэгдэж байж нам байгуулах санал гаргасан.

Энэ нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 50 001 иргэнийг бодвол босгыг нь бууруулсан дүн ч нам байгуулахын тулд 32 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулна гэдэг нь чанга даваа. Харин МАН-ынхан нийт иргэн бус, сонгуулийн эрх бүхий хүмүүсийн нэг хувийг нь тооцох нь зүйтэй гэж үзсэнээр 20 мянган хүний гарын үсэг цуглуулснаар нам байгуулна гэсэн заалт хуульчлагдсан гэхэд болно. Ер нь нам байгуулахтай холбоотой, босго тогтоосон ийм зохицуулалт Үндсэн хуульдаа оруулсан орон байхгүйг хэлж, эсэргүүцэх хүн ч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө эдлэх нөхцөлийг дордуулж, намыг хатуу гишүүнчлэлтэй болгох чиглэлд түлхэж байна хэмээж буй.

Тухайлбал, манай улсын сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний 34 хувь нь аль нэг намын гишүүнчлэлтэй байгаа аж. Одоогийн эл дүн, бүртгэлээс харвал МАН, АН, ИЗНН, МАХН, Эх орон, БНН л шинэ нэмэлт, өөрчлөлтийн шаардлагыг хангаж, тэсэж үлдэхээр байгаа юм байна. Гэвч улс төрийн шинжлэх ухааны онолын үндэслэлтэй тооцооллын хүрээнд авч үзвэл аль ч намын гишүүнчлэл бүхэлдээ солигдох мөчлөг нь 25-30 жил байдаг гэнэ. Тэгэхээр манай намуудын гишүүнчлэлийн талаарх дээрх тоо но-той байх магадлал өндөр. Гэтэл ийм дүн, мэдээлэлд үндэслэн 20 мянгаас доошгүй иргэн эвлэлдэн нэгдсэн байхыг шаардаад эхэлбэл бусад намыг нь зориуд хааж буйгаас өөрцгүй. 2005 онд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг мөрдөж эхлэхэд бүртгэлтэй байсан 24 намаас 17 нь л үлдсэн гэдэг.

Уг нь Үндсэн хуульд “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэх заалт бий. Үндсэн хуулийн 16.10 дахь эл заалтыг улс төрийн намтай холбоотой цорын ганц зохицуулалт гэж судлаачид, хуульчид үздэг төдийгүй үүнд үндэслэн Улс төрийн намын тухай хууль боловсруулж, баталж, мөрдөж байгаа гэдэг. Цаашлаад Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт тусгасан, Монгол Улсын иргэн хэн боловч баталгаатай эдлэх учиртай 18 эрхээс хамгийн амжилттай хэрэгжиж буй нь 16.10 дахь заалт хэмээх нь бий.

Хачирхалтай нь, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд ингэж эрээ цээргүй халдаж болохгүй гэж нэр бүхий судлаач эсэргүүцэж байхад парламентын гаднах намуудын төлөөлөл юу ч дуугараагүй гэхэд болно. ХҮН-ын удирдлага дээрх нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэн, хэвлэлийн бага хурал хийснийг эс тооцвол хэн нь ч тэдний дуу хоолойг боомилж, эрх чөлөөнд нь халдаж байгааг хөндөөгүй. Энэ нь манай намууд төлөвшөөгүйг, улс орны гэхээс илүү өдөр, хоног аргацаасан, богино зайн бодлоготойг нь илэрхийлж байж ч болох. Нөгөө талаас ээлжилж эрх барьж ирсэн АН, МАН-ын улстөрчдөд намын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох хүсэл эрмэлзэл алга, гагцхүү өөрсдийгөө аварч үлдэх, илүү удаан оршин тогтнох тогтолцоог эрэлхийлж байна гэлтэй.

Гэхдээ идэвхтэй сонгогчийн тоо ердөө 400 мянга орчим байхад 35 нам хэрэгтэй юү. Сонгуулийг санал хуваах “бизнес” болгочихсон намуудад тавих шаардлагыг чангатгах шаардлагатай биш гэж үү. Нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт баталчихсан хойно энэ зохицуулалтыг иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхэд хал багатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн уг заалтуудад нийцүүлэн мөрдөх ёстой тул 16.10 буюу “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэх заалт үгүй болж, утга, агуулга нь бүдгэрэх учиргүйг доктор, профессор О.Мөнхсайхан тайлбарлаж байсан. Тэгээд ч эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь аль нэг намд элсэж, гишүүн болохоос илүү өргөн агуулгатай тул нэмэлт, өөрчлөлтийг дагалдан батлах Улс төрийн намын тухай хуульд нарийн зааж, зохицуулахаас өөр аргагүй гэж үзэж буй аж. Жишээ нь, 20 мянгаас доошгүй иргэнийг зөвхөн дэмжигчийн хүрээнд авч үзэж, уг шалгуурыг зөвхөн намыг анх байгуулах үед шаардлага болгон тавьж болохыг судлаачид хөндөж байна. Өөрөөр хэлбэл, намуудад сонгууль болгоноор парламентад суудалтай байсан, эсэх, эсвэл 25 мянгаас доошгүй дэмжигчийн гарын үсэг цуглуулах шаардлага тавьдаг Гүрж зэрэг улсын жишгээс зайлсхийх ёстой гэнэ. Энэ мэт ойлголтыг дагалдан гарах хуулиудад хоёрдмол утгагүйгээр тайлбарлах шаардлагатай болж байх шиг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)