Нэмж уран баяжуулах үйлдвэр байгуулах гэж байна

     ВАШИНГТОН. /СИНЬХУА/. Ираны эрх баригчид цөмийн маргаантай хөтөлбөрийн асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаас татгалзаж байгаа нь тус улс нэмж уран баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгааг харуулж байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Филип Кровлей мэдэгджээ.
Иран ирэх гуравдугаар сарын 21-нээс эхлэн уран баяжуулах хоёр үйлдвэр шинээр байгуулна гэдгээ мэдэгдсэн юм. “Бид “5+1” бүлэглэлийнхэнтэй хамтран /АНУ, Орос, Хятад, Франц, Их Британи, Герман/ ажиллаж, Иранд хориг арга хэмжээ авах талаар ярилцана. Ирэх долоо хоногоос нарийвчлан боловсруулсан саналаа НҮБ-д өргөн барина” гэж Филип Кровлей мэдэгдсэн байна.
Даваа гарагт Ираны атомын энергийн байгууллагын тэргүүн Али Акбар Салехи ураны шинэ хоёр үйлдвэр байгуулж болох 20 газрын тухай мэдээллийг Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад өргөн барьсан талаар тус улсын хэвлэлээр мэдээлжээ. “Иранд эрчим хүчний хэрэглээ ирэх 15 жил ихээхэн нэмэгдэх учир уран баяжуулах наад зах нь 5-10 үйлдвэр хэрэгтэй. Иран улс жилд 250-300 тонн цөмийн түлш үйлдвэрлэх хэрэгтэй” гэж Махмадуд Ахмадинежад өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байжээ.
“Иран улс уран баяжуулах 8745 центрифугтэй бөгөөд тус улс эхний ээлжийн 20 хувь баяжуулсан уранаа гарган авсан” гэж Олон улсын атомын энергийн агентлаг мэдээлсэн байна. Тегеран ураны түлшээ цөмийн зэвсэг бүтээх ажиллагаанд хэрэглэж болзошгүй гэж олон улсын хамтын нийгэмлэг санаа зовнидог юм.
С.Отгонбаяр "Монцамэ"


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)