Нэг өрхийн эмчид 2147 хүн ногдож байна

Манай улсад өрхийн анагаах ухааны салбар үүссэний 20 жилийн ойг Ерөнхийлөгчийн ивээл доор энэ сарын 14-20-нд тэмдэглэж буй. Өчигдөр болсон ойн арга хэмжээний хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 220 төвийн 2000 гаруй эмч, сувилагч оролцож, салбарын дэвшил, тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрүүл мэндийн салбарт 1996-2000 онд томоохон шинэчлэл хийсэн нь өрхийн анагаах ухааныг нэвтрүүлсэн явдал. ДЭМБ-ын “Бүх нийтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхэд Өрхийн эрүүл мэндийн төвийн үүрэг чухал нөлөө үзүүлж ирсэн. Одоогоор өрхийн 3000 эмч, сувилагч 2.4 сая хүнд анхан шатны 100 орчим төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 20 гаруй шинжилгээ хийн, 0-5 насныхан болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хянаж, эмчилдэг” гэсэн юм.

Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн сацуу аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургахад үр дүнтэйг хурлын үеэр салбарынхан онцолсон. Гэхдээ жил ирэх тусам иргэдийн Өрхийн эрүүл мэндийн төвдөө итгэх итгэл буурч, шатлал алгасаж үйлчлүүлэх тохиолдол олширсон тул эмч, мэргэжилтнүүдийн чадварыг улам сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар дорвитой арга хэмжээ авна гэдгийг эрх баригчид хэлсэн юм. Олон улсын жишгээр нэг өрхийн эмчид 1800 хүн ногддог бол эл үзүүлэлт манайд 2147 байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)