Нэг хүний доторх 24 буг чөтгөр

Харанхуй өрөөнд  эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд унтана.  Тэнд ганцхан хүн л сэрүүн холхино. Тэр хүн ангуучилхаар гарлаа.

“Ганцаараа үдэш орой битгий яв. Танихгүй эрэгтэй хүнээс болгоомжил” гэсэн зарлал АНУ-ын Огайо мужийн оюутны хотхонд хаа саагүй наасан харагдана.  Хотод  хэдэн арван эмэгтэйчүүдийг хүчирхийлэн дээрэмдсэн цуврал хэрэг гарсны дараа цагдаагийнхан иргэдийгээ ийнхүү анхааруулжээ. Эл хэрэг ам дамжсаар хот даяар шуугих болов. Гэхдээ жинхэнэ шуугиан гэмт хэрэгтэн баригдсан хойно дэгджээ. Эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчирхийлсэн этгээд  22 настай Уильям Стенли Миллиган гэгч байв. Мөрдөн байцаалтын явцад  Миллиганы бие дотор  24 хувь хүн  байгаа нь  тогтоогджээ. Харин бие мах бодийн  жинхэн эзэн болох Билли (Уильямын товчилсон нэр) гүн нойронд автаад хэдэн жил болж байгаа аж. Билли Миллиган нь АНУ-д сэтгэцийн ийм төрлийн оноштойгоор хэргээс мултарсан анхны хүн болсон юм. Эл хэрэг Америкийн нийгмийг хоёр хуваагдахад хүргэсэн гэдэг. “Билли Миллиган гэгч хэн бэ? Ямар учраас түүний сэтгэл, оюун ухаан хагарсан шил шиг олон хэсэг болон бутрах болов? Ямар ч байсан тэрбээр жирийн хүн биш нь ойлгомжтой. Гэхдээ хариуцлагаас мултрах гэсэн авьяаслаг жүжигчин үү, эсвэл  тэр олон дотоод хувь хүмүүсийнхээ хохирогч нь уу. Аль нь ч байсан түүний хувь заяа буруу тийш эргэсэн нь ойлгомжтой” гэж  “Дэйтон Дэйли Ньюс” сонинд  тэр  үеийн уур амьсгалыг тусган бичсэн байдаг. 

    Шоронд орсныхоо дараа Билли Миллиган амиа хорлох гэж хана мөргөн тархиа хагалжээ. Миллиганыг  дотоод хувь хүний хуваагдмал эмгэгтэй бөгөөд өвчнийг нь нарийн судалж, цаашид эмчлэх боломжийг хайхын тулд сэтгэц судлалын  эмнэлэгт хэвтүүлэхийг анхан шатны үзлэг хийсэн эмч нар шаардаж байлаа. Энэ шаардлагын дагуу хэрэгтэнг “Хардиганы нэрэмжит эрүүгийн сэтгэл судлалын төв”-д шилжүүлсэн байна. Эл төвийн эмч нар Миллиганд үзлэг хийсэн даруйдаа өөрсдөө цочролд орсон гэдэг. Эхний удаа өвчтөн өөрийгөө  Билли биш харин найман настай Дэвид гэдэг хэмээн танилцуулжээ. Маргааш нь тэрбээр Кристоффер гэсэн бол гурав дахь өдөр нь эмч нартай  Томми гэдэг 18 настай залуу уулзаж байлаа. Нэр нас нь өөрчлөгдөхөөс гадна тэдгээр хүмүүс өөр өөр зан араншинтай, дуу хоолойтой, аялага нь хүртэл өөрчлөгдөж байв. Өвчтөнг  үзэж байсан маш олон мэргэжилтнүүд нэг л дүгнэлтэнд хүрчээ. Энд Билли Миллиган байхгүй байна гэж. Түүний бие мах бодь яг л зөгийн үүр шиг маш олон хувь хүнийг агуулах аж.Ер нь хүнд доод тал нь хүүхэд, том хүн, эцэг эх  гэсэн  гурван хувь хүн оршдог гэж   сэтгэл судлалын онол байдаг юм байна.  Хүний сэтгэл зүйг  гүн ухаж төнхөх  юм бол түүнээс ч ихийг илрүүлж  болно гэнэ. Эрүүл хүн тэдгээр дотоод хувь хүмүүсээ мэдэрдэггүй бөгөөд өөрийнхөө үйлдлийг бүрэн хянаж чаддаг аж. Харин Билли Милиганы дотор хэдэн хүн оршиж байв. Эл судалгаан дээр Огайо мужийн шилдэг сэтгэл судлаачид ажиллаад нийт 24 хувь хүн байгааг илрүүлжээ. Тэдгээрээс хамгийн ахмад нь 23 настай Рейжэн байсан бол хамгийн залуу нь гурван настай Кристина  гэдэг охин байв. 24 хувь хүн бүгд эрс тэс ялгаатай аж. Нэг нь тамхи татдаг бол нөгөө нь тамхины үнэрийг ч авч чаддаггүй, өвс идэж ус ууж өссөн гэмээр турь муутай нэгэн байхад хүнээс гарахааргүй чадалтай өөр нэгэн орших жишээтэй. Хувь хүмүүсийн оюуны төвшин ч ялгагдаж байлаа. Зарим нэг нь хэд хэдэн хэл дээр чөлөөтэй ярьж байсан гэдэг. Гэтэл Билли Миллиган өөрөө сургуульд байхдаа ч ер нь хэзээ ч гадаад хэл үзэж байгаагүй аж.

Оюуны төвшинг   тогтоох тестээс сонирхвол:

            Аллен : хэл яриа -105%, бие авч явах байдал-130%, ерөнхий төвшин -120%.

            Дэвид: хэл яриа – 68%, биеэ авч явах байдал- 72%, ерөнхий төвшин- 69%

гэж тэмдэглэсэн байна.

            Хамгийн хачирхалтай нь тэдгээр  хувь хүний мэдлэг, туршлагыг  Билли Миллиган энэ насандаа  олж авч чадахгүйд байлаа. Билли Миллиганы тохиолдол сүнс мөнхийн бөгөөд  биеэс биед дамжин явдаг гэсэн  шашны үзлийг нотлох мэт. Харин шинжлэх ухаан Биллийг  мэдээллийг үе дамжин хүргэдэг онцгой гентэй байж болох юм гэж тайлбарлажээ. “Хардиганы нэрэмжит сэтгэл судлалын төв”-ийн зарим мэргэжилтнүүд ч эхэндээ Биллийг зальжин этгээд, жүжигчин гэж дүгнэж байсан бол судалгааны явцад өөрсдийнхөө дүгнэлтэд эргэлзэж эхэлсэн байна. Ердөө хоёрхон минутын дотор Билли  арван  гаруй хүний дүрд хувирч байлаа. Эмчийн өрөөнд айж бүлтгэнэсэн жоохон хүүхэд орсноо эргээд эмч нараа  бэмбэгнэтэл айлгасан дээрэмчин гардаг байв. Энэ хувирлууд тэр дороо гэнэт болох агаад  ямар ч агуу авьяастай жүжигчин ингэж хоромхон зуур хувирч чадахгүй аж. Янз бүрийн сэтгэцийн  өвчтэй болох гэж жүжиглэх, баашлах тохиолдол байдаг ч тухайн хүн дандаа өөртөө ашигтайгаар тооцоолсон байдаг гэнэ. Биллийн биеэ авч яваа байдал эсрэгээрээ нийгэмд аюул учруулахаар байлаа. Билли солгой бол Аллен баруун гартан аж. Харин Рейжин өнгө ялгадаггүй байв. Өөрөөр хэлбэл хувь хүмүүс физиологийн хувьд ялгаатай аж.

            Миллиганы доторх хувь хүмүүс ерөнхийдөө сайн муу гэсэн хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд бие биенээ мэддэг байв. Тэд Биллигийн бие дотор яг л нэг том гэр бүл шиг амьдрах аж. Ямарваа гэр бүлд толгойлогч байдагтай адил энд ч мөн  өөрсдийн лидерүүдтэй аж.  22 настай Артур гэгч  аюулгүй нөхцөл байдалд илүүрхэнэ. Тэрбээр оюуны өндөр чадамжтай, хуучинсаг үзэлтэй, ухаалаг, тайван англи эр байлаа. Харин 23 настай Рейжин югослав гаралтай, ямар ч зэвсгийг гарамгай эзэмшсэн, каратэгийн тамирчин бөгөөд аюул тулгарсан тохиолдолд толгойлно. Харин Биллиг ил гарч ирэхгүй л байлаа. Артур, Рейжин хоёр түүнийг сэрээхээс эрс татгалзаж байв. Учир нь Билли Миллиган амиа хорлох зуршилтай гэнэ. Шоронгийн  харгалзагч нар нэг зүйл анзаарчээ. Биллид  эрэгтэй хүн  хүрэхэд тэрбээр үхтлээ айдаг аж.Ингэхэд нь харгалзагч нар инээлдээд  “Солиотой амьтан” гээд л өнгөрдөг байж. Хачирхалтай нь тэр солиотой  биш байлаа. Түүний доторх  хүмүүс ч   солиотой биш. Гэтэл Биллийг “солиотой” гэсэн онош л шоронгоос аврах байв. Ямар ч  байсан сэтгэцийн өвчний улмаас өөрөө биш, харин дотоод хувь хүмүүсийнх нь нэг нь дээрэмдэж, хүчирхийлж байсан гэдгийг   Билли шүүх хуралд мэдүүлэх  хэрэгтэй байлаа. Хэрэв ингэхгүй бол Биллитэй цуг Артур, Рейжин нар ч өргөст торны цаана орохоо ойлгож байв. Ингээд эцэст нь тэд Биллийг сэрээхийг зөвшөөрчээ.“Бурхан минь! Би өөрийгөө үхчихсэн гэж бодож байлаа”  гэж Билли  1978 оны гуравдугаар сарын 12-нд сэрэнгүүтээ дуу алдсан гэдэг. Тэрбээр их айсан  байсан бөгөөд өөрийнхөө тухай яриач гэхэд  “Та нартай ярилаа гэж Чел аав намайг ална” гэж байн байн  давтана. Олон өдрийн турш хичээнгүй ажилласны  эцэст эмч нар яагаад Билли амиа хорлох зуршилтай болсон, яагаад  түүний хувь хүн ингэж тарж бутрах болсон шалтгааныг  тогтоожээ.

Нүүрэндээ инээмсгэлэл тодруулсан энэ бяцхан хөвгүүн бие сэтгэлийн асар их зовлон дотроо тээж явжээ            

1963 оны арван хоёрдугаар сарын 28 бол өнгөрсөн хугацаанд болсон бүх юмны эхлэл болсон өдөр аж. Энэ өдөр Биллийн ээж нь   Челмэр Миллиган гэгчтэй гэрлэжээ. Түүнийг  хүүхдүүддээ сайн аав байна гэж найдсан аж. Харин жаалхүү Билли анхны өдрөөс л хойд эцэгтээ дургүй байв. Учир нь зөн совин нь жаал хүүд нэг зүйл мэдрүүлэсэн хэрэг. Челмэр Миллиган муу хүн байв. Тэрбээр  олон жил эхнэр хүүхдүүдээ зэрлэгээр зодон дарамталдаг байжээ. Тэрбээр Биллийг 10 настай байхад нь фермдээ аваачин анх хүчинджээ. Тэгээд  “Ээждээ хэлэх юм бол амьдаар чинь булна шүү” гээд  үнэхээр хүүг булсан  байдаг. Ингэхдээ амьсгалыг нь боохгүйн  тулд нүүрэн хэсэгт нь жижиг хоолой тавьжээ. Эргүүлж ухаж гаргахаасаа өмнө яргачин этгээд тэр хоолой руу  шээсэн гэдэг. Энэ аймшигт үйлдэл нь илчлэгдэх үед  Челмэр Миллиган “Ийм зүйл болоогүй, худлаа” гэж мэдүүлжээ. З.Фрейдын онолоор бол  хүчинд автах үед хүний бие мах бодийг   хамгаалах системүүд цочролд орон ажиллаж эхэлдэг аж. Үүнээс үүдэн Билли оюун санаандаа өөр нэг хүн бий болгон, түүгээрээ халхавч хийх болжээ. “Дараачийн удаа Чел аав намайг хүчиндэхэд, би нүдээ аниад л яваад өгсөн. Тэгээд Дэвид ирсэн. Тэр миний өвдөлтийг авсан” хэмээн Билли тэр үеийн тухай ярьжээ. Бусад хувь хүмүүс нь ч Дэвидийн адил санаандгүй бий болоогүй аж. Билли хэн нэгэнтэй зодолдож байх үед нь Рейжин иржээ. Харин  Артур Биллид хичээл хийхэд нь тусалдаг байв. Бага насандаа хүчирхийлэлд өртсөнөөс Биллийн хувь хүн дотроо задрах болсон уу гэвэл бас үгүй аж. Кристина гэдэг бяцхан охин Биллийг хойд эцэгтэй болохоос өмнө  жаал хүүгийн дотор хэдийнээ амьдарч байжээ. Билли түүнийг гуравхан настай байхдаа ганцаардлаас болж бий болгожээ. Тэгэхээр хүчирхийлэл бол хувь хүний задралын цорын ганц шалтгаан биш байх нь. Энэ өвчний шалтгаан Биллийн хувьд амьдрал амьжиргааны эмзэг байдал, нийгмийн нөхцөл нөлөөлсөн гэж болно. Үнэхээр Биллийн эх хүүхдүүдээ хайхардаггүй байсны дээр архичин эцэг нь  амиа хорложээ. Үүнээс гадна физиологийн үүднээс ч шалтгаалсан зүйл байхыг үгүйсгэхгүй гэж эрдэмтэд үзжээ.Хүчирхийлэлд автаж байсан Билли өөрөө яагаад хүчирхийлэгч болов.Түүний доторх олон хувь хүний аль нь цус нэхэж, аймшигт үйлдлүүдийг хийсэн юм бол. 24 хувь хүний хамгийн  тайван гэгдэх Адалана гэх эмэгтэй гэмт хэргийг үйлдсэн байсанд сэтгэл судлаачид дахин нэг цочролд орсон гэдэг. Адалана бэлгийн цөөнх болох лесби байжээ.Өөрийнх нь биед өөр хэн нэгэн амьдарч, чухамхүү тэр л эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчиндэж байсан талаар Билли огт мэдээгүй байв. Түүний оюун ухааныг өөр нэгэн эзэмдэх үед Билли зүгээр л унтаад өгдөг байж. Тэгээд өөр газарт сэрээд Билли ой санамжаа үе үе алддаг болж хэмээн ойлгосон гэдэг.Эмч нар Биллид яаж туслах аргаа олсон байна. Тэд “нийлмэлийн” арга ашиглахаар шийдэв. Юу гэхээр, түүний дотоод хувь хүмүүсийг нэгтгэн, нэг нь л захирч байх арга юм байна. Өөрөөр хэлбэл,  Билли дотоод хувь хүмүүстэйгээ учир зүйгээ ололцох ёстой аж. Биллигийн хувьд энэ нь  жинхэнэ солиорол мэт санагдаж байв.Учир нь тэрбээр доторх  хүмүүсээсээ айдаг байж. Тиймээс эмч нар Биллид   тэдгээр хүмүүс  өөрийг нь хамгаалж байдаг сахиусан тэнгэрүүд гэж ойлгуулж, ухуулсан аж.

1970 онд Билли дунд сургуульд оржээ. Үе тэнгийнх нь түүнийг хачин, жигтэй гэнэ.Нэг удаа ангийнх нь хэдэн охин түүнийг ариун цэврийн өрөөнд аваачин, өмдийг нь шувталж баахан доог тохуу хийжээ. Тэр үед л хүүгийн  тэвчээр барагдан, амьдралаас залхжээ. “Бүгд үүрд баяртай. Намайг уучлаарай. Ингэж амьдарч  чадахгүй нь” гэсэн зурвас үлдээгээд Билли  сургуулийнхаа дээвэр өөд гарав. Дээврийн ирмэгт тулаад  сүүлчийн алхмаа хийх гэж байтал гэнэт Рейжин гарч ирэн аварчээ. Ингээд Биллийг 16 настай байхад сэтгэл дэх хүмүүс нь түүнийг унтуулахаар шийдсэнээр үхлээс аварсан аж.  Гэвч Биллийг унтсаны дараа хувь хүн бүр дураараа аашлан замбараагаа алдацгаажээ. Нэг нь Лондон руу нисэх тасалбар худалдаж аваад нисэж байтал  нөгөөх нь онгоцонд хаашаа явж байгаагаа ч ойлгохгүй сэрж, гурав дахь нь гудамжинд хар тамхи зараад өөр нэг нь цагдаад байцаагдах болов. Энэ бүхэн Биллийг аюулд оруулж байгааг хувь хүмүүс ойлгон, дотоод журам тогтоожээ. Артур, Рейжин хоёр эхлээд засаршгүй аюултай этгээдүүдийг Биллийн биеэс хөөн зайлуулж, заримыг нь итгэлгүй хүмүүсийн тоонд оруулан, бодит амьдрал руу гарахыг хориглосон байна. Дараа нь үлдсэн хувь хүмүүс  ээлж дараалан Билийн оюун ухааныг  эзэмдэж  байхаар тохиролцжээ. “Биднийг хамтдаа нэг  харанхуй өрөөнд байна гээд төсөөл. Тэр өрөөний голд тод дугуй гэрэл байдаг. Тэр гэрэлд орсон хувь хүн  бодит амьдрал руу гарна. Энэ үед бусад нь өөр өөрсдийнхөө зүйлийг хийгээд өрөөндөө хүлээж байна” гэж Артур эмч нарт тайлбарлажээ. Хамгийн хачирхалтай нь Билли зургаан жил тэр гэрэлд ороогүй аж. Гэсэн ч амьд оршсоор л байв. Бодит амьдрал дээр Биллийн  хачин үйлдлүүдийг  хүмүүс  анзаарах авч чухам хэн ингээд байгааг үл мэднэ. Тэд Биллигээр л хүлээж авдаг байв. Рейжин, Артур хоёр хичээсэн ч Биллйин оюун санааны өнцөг булан бүрийг хяналтдаа авч дийлэхгүй байлаа. Эрүүгийн хэрэгтнүүд гадагш гарах нь улам олширсоор, тэднийг бодит амьдрал дээр чухам юу хийж байгааг зөвхөн таах л үлдээд байжээ. “Цагдаа нар намайг баривчлах биш, аварсан юм байна” гэж Билли хэлсэн байдаг.

Билли Миллиган  1978 оны арван хоёрдугаар сарын 4-нд Огайо мужийн шүүхийн  өмнө дотоод 24 хувь хүнтэйгээ хамт гарчээ. Шүүхийн явцад тэдгээр 24 хүн ээлж дараалан ил гарч, тэнд цугласан олныг алмайруулсан гэдэг. Ингээд шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, буруугүйд тооцжээ. Билли Миллиганы хэрэг  АНУ төдийгүй дэлхийн шүүх цаазад  гарч байгаагүй тохиолдол болсон юм. Шүүх хурлын дараа Билли эргээд  хяналтаа алдсан аж. Тэрбээр  арав гаруй жил сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлсний эцэст эмч нар түүнийг эдгэсэн гэж үзсэн тул 1988онд гарчээ. Үүнээс хойш Билли Миллиган дахин ямар нэгэн хэрэг төвөгт холбогдоогүй бөгөөд 2014 оны арван хоёрдугаар сарын 14-нд халамжийн төвд нас баржээ.

Билли Миллиганы доторх хүмүүс (Биллигийн дүрсэлснээр)

Ps: Билли Миллиганы дотоод хувь хүмүүсийн жагсаалт:

Билли –Уильям Стенли Миллиган бие мах бодийн жинхэнэ эзэн, амиа хорлох зуршилтай

Артур-22 настай, боловсролтой англи эр, гаанс нэрдэг, араб хэлтэй, эртний Египетийн пирамидын бичвэрүүд судалдаг.

Рейжин Вадаскович – югослав эр,славян аялгатай ярьдаг, сербиэр ярьж, бичиж чаддаг, коммунист үзэлтэй, хүүхэд эмэгтэйчүүдэд хайртай, тэдний төлөө юу ч хийхэд бэлэн, маш их чадалтай, бие хамгаалах урлаг эзэмшсэн.

Аллен – 18 настай, залилан мэхлэгч, хэл ярианы хөгжил сайтай, зураг зурж, бөмбөр тоглодог, ганц баруун гартан нь, бас янжуур татдаг ганц хүн.

Томми – 16 настай хүү, цахилгаан хэрэгсэлтэй ажилладаг, гав тайлж, мултарч чаддаг, үлээвэр хөгжим тоглодог.

Дэнни- 14 настай, аймхай хүү. Ялангуяа эрэгтэй хүнээс айдаг, байгальд гарах дургүй, яагаад гэвэл Челмэр түүнийг газарт булсан болохоор.

Дэвид – 8 настай, бусдын өвдөлтийг авахын тулд  бодит амьдрал руу гардаг.

Кристи- 3 настай, англи охин, Биллигийн дотор өөрөөс нь гадна өөр олон хүн оршиж байгааг анх мэдэрсэн. Биллийг буруу хэрэг хийсэн үед, буланд зогсдог байсан. Рейжин түүнд онцгой хайртай, ер нь гэр бүлийнхнийхээ хамгийн хайртай хүн.

Кристофер – Кристигийн ах,13 настай, аман хуур тоглодог.

Адалана -19 настай, лесби, хоол хийж, гэр цэвэрлэдэг, шүлэг бичдэг, оюун ухаан төдийгүй бие мах бодийг эзэмших чадвартай, үүнээс болж хүчингийн хэрэг үйлдсэн, баригдах мөч хүртэл түүнийг оршдог талаар Артур, Рейжин хоёр л мэддэг байж.

Дэрх  10 хүн голлох үүрэгтэй байжээ.

Үлдсэн хүмүүсийг хүмүүсийг Артур, Рейжин нар итгэлгүйчүүдийн тоонд оруулжээ.

Фил- Бруклиний аялгатай, эрүүгийн этгээд, хар тамхи зардаг, зэвсэгт дээрэмд оролцсон.

Кевин – Филийн найз, дээрэм хийх төлөвлөгөө зохиодог байсан,

Уолтер – Австрали эр, анд дуртай, зүг чигээ олоход ил гардаг, ойд хэрээ алсных нь төлөө Артур түүнийг итгэлгүй хүмүүсийн тоонд оруулжээ.

Эйприл – хар нүд, хөмсөгтэй, гоолиг бүсгүй, бостон аялгатай, Биллийн хойд эцгийг алахыг хүсдэг, Рейжинийг аллага хамтдаа үйлдэхийг ятгасныхаа төлөө итгэлгүйчүүдийн тоонд орсон.

Самуэль- шүтлэгтэй, еврей, Артурын зургийг зараад итгэлгүй хүмүүсийн тоонд орсон.

Марк- ажлын  “морь”, заавал албадуулж байж ажил хийдэг, бусдаасаа залхахаараа хана  гөлөрч, хөдөлгөөнгүй зогсдог.

Ли- хөгжилтэй алиалагч, түүний тоглоом хэрээс хэтэрсэн учир итгэлгүй хүмүүсийн тоонд оруулсан ч  удалгүй алга болсон.

Стив- Лийг хөөгдсөнөөс хойш гарч ирсэн, хүмүүсийг элэглэн дуурайх дуртай, Рейжений аялгыг  дууриаж, уурыг нь хүргэдэг.

Жейсон- уур, уцаараа гаргахын тулд,  оюун ухааныг эзэмшүүлдэг, байнга асуудалд ордог учир итгэлгүй хүмүүсийн тоонд орсон.

Бобби- мөрөөдөгч, аялагч, жүжигчин, баатар болохыг мөрөөддөг. Үүний төлөө тулд хуруугаа ч хөдөлгөдөггүй. Итгэлгүйчүүдийн  тоонд орсондоо гоморхон өлсгөлөн зарлаж байсан.

Шон – дүлий жаалхүү, Билли багадаа загнуулах үед гарч ирдэг байсан, том болсон хойно нь алга болсон

Мартин- Нью-Йоркоос ирсэн ойворгон сагсуу эр, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө юу ч хийдэггүй тул итгэлгүй хүнд тооцогдсон.

Тимоти – цэцгийн дэлгүүрт худалдагч байсан, ижил хүйстнүүдтэй  холбогдсныхоо төлөө итгэлгүй хүмүүсийн тоонд орсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)