Нэг гэрт мэндэлсэн авьяастнууд

“Титэм” хамтлагийн дуучин, ая зохиогч, продюсер Л.Тайванбатыг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. “Үзэсгэлэнт од”, “Талын цэцэг”, “Зүүд” зэрэг дуу нь 1990-ээд онд хит болж, өдгөө ч залуусын аманд “хүлхэгдсээр” байгаа. Түүний төрсөн дүү, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийг ч уншигчид андахгүй.

Ахыгаа шүтэж, түүн шиг л дуучин болох мөрөөдлөөрөө жигүүрлэн хамтлаг байгуулсан тэрбээр 21 жил урлагт, хамтлагтаа үнэнч явна. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хамт зүтгэж, үлгэр жишээ болж яваа эдгээр эрхмийг “Ах дүүс” буландаа урилаа.

Айлын бага, танхил өссөн Л.Ган-Эрдэнэ, дүүгийнхээ итгэлт ах, үнэнч зөвлөх Л.Тайванбат нартай ярилцсаныг хүлээн авна уу.

Багын тань дурсамжаас уудалж, ярилцлагаа эхэлье. Танайхыг ах дүү олуулаа өссөн гэж сонссон. Олуулаа бужигнаж өссөн хүүхдүүдэд хөгтэй дурсамж их бий биз дээ?

Л.Т: -Манайх долоон хүүхэдтэй айл. Зургаан хүү, нэг охинтой. Хамгийн бага нь Ганаа. Бид таван насны зөрүүтэй. Багадаа Хөгжим бүжгийн дунд сургуульд хамт сурдаг байлаа. Манай энэ айхтар хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Гэхдээ хэрэг тариад, чихнээс хонх уяад байхгүй.

Гэмгүй сахилгагүй гэх юм уу даа. Нэг газраа тогтож сууна гэж огт байхгүй. Байнга л гүйж явна. Дух, хамар дээгүүр нь хөлс бурзайчихсан, нүүр нь улаа бутарчихсан л гүйж явна шүү дээ. Одоо ч багынх нь тэр төрх нүдэнд харагддаг юм. Байсхийгээд л манай ангиар шагайна.

Чааваас, ахыгаа харах гэж ирдэг байсан юм уу даа. Нэг их хөөрхөн эргэлдсэн нүдтэй, бондгор болохоор нь манай ангийнхан их ноолдог сон. Энэ өөрөө ч тэрэнд нь дуртай (инээв).

Л.Г: -Тайванаагийн дүү гэдгээр минь сургуулийн бүх хүүхэд мэддэг. Багш нар ч андахгүй. Заримдаа мэргэжлийн хичээлийн багш “Дүү чинь хичээлээ хийхгүй сахилгагүйтээд байна” гээд ахад хов хүргэчихнэ. Тэгэхэд ахаасаа их эмээдэг сэн.

Л.Т: -Нас ойролцоо болохоор ч тэр үү хоорондоо арай илүү амь, бид хоёр.

Л.Г: -Ах миний хөгжмийг бариад л сургууль руу явдаг байж билээ. Сургууль дээр өдөржингөө хамт, хичээлээ тараад ч хамт харьдаг сан.

Л.Т: -Гэхдээ урлаг хөөсөн хүүхдүүдэд бусад шиг хөгжилтэй дурсамж их цөөхөн байдаг юм. Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлнэ. Зуны амралтаар хүртэл хүүхдүүд гадаа тоглож байхад бид хөгжмөө давтаад л сууна шүү дээ.

Л.Г: -Нээрэн тийм шүү. Би л гэхэд пионерын зусланд амарч үзээгүй. Өрөвдмөөр байгаа биз.

-Айлын багууд их эрх танхи өсдөг гэдэг. Л.Ган-Эрдэнэ таван ах, нэг эгчтэй юм чинь гэрийн ажил хийж үзэлгүй л өссөн байх даа.

Л.Т: -Ганааг гэрийн ажил хийж байгааг нэг ч хараагүй ээ. Ганаа бид хоёрын дунд Л.Ганцэцэг гэж эмэгтэй дүү минь бий. Тэр бид хоёр л гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байлаа. Дөрвөн ах маань гэрийн ажилд оролцдог ч үгүй байсан.

Л.Г: -Би өөрийгөө гэрийн ажил хийж байгаагаар ч төсөөлөхгүй байна (инээв).

-Л.Ган-Эрдэнэ их дэггүй их хүү байсан гэсэн. Хэрэг тарьж, ах нараасаа “жавтий хүртэж” байсан л биз?

Л.Г: -Ээ ховорхон доо. Айлын бага, аав ээжийн амины хүүхэд юм болохоор эд нар хэр барагтаа гар хүрэхгүй. Харин Тайванаа ах л “таван салаа боов” их амссан байх даа.

Л.Т: -Яг дээд талын ахыг маань Л.Ганзам гэдэг. Хичээлээсээ ирээд л “Гэрээ цэвэрлэхгүй яасан юм бэ” гээд загнана шүү дээ. Үгэнд нь орохгүй бол нөгөө гурван ахад хэлчихнэ. Нэг гэм хийвэл дөрвөн хүнд загнуулж, дөрвөн удаа зодуулна.

Л.Г: -Гэхдээ та дандаа өөрөөсөө болж л зодуулдаг байсан биз дээ. Болсон үйл явдлыг үнэнээр нь хэлэхгүй, хүмүүсийн толгойг эргэтэл худлаа ярьчихна. Тэр нь хэд алхалгүй баригдаад л зодуулна. Би амьдралдаа хоёрхон удаа ах нартаа зодуулсан санагддаг. Нэг нь долдугаар ангид байхдаа Л.Гандалай ахдаа. Нөгөө нь Тайванаа ахад. Айхтар гөвүүлсэн шүү. Сургуульд орохынхоо өмнөхөн шиг санагдаж байна.

Л.Т: -Тэгэхэд чи өдөржингөө уйлсан, тийм ээ?

Л.Г: -Зодуулчихаад бүр шар хөдлөөд болдоггүй. Уйлаад л байсан. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг аав ээжийг ажлаа тараад иртэл уйлна даа гэж бодоод л. Үд өнгөртөл уйлсан. Сүүлдээ уйлъя гээд ч нулимс гардаггүй. Худлаа уйлаад л суугаад байлаа. Тайванаа ах намайг аргадаад л. Нэг мэдсэн чинь унтчихаж. Сэрээд хартал аав ээж аль хэдийнэ ирчихсэн, миний уур ч гарчихсан байсан даа.

-Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч байхад тань таны ах хэдийнэ “Титэм” хамтлагаа байгуулж, олны танил болчихсон. Энэ нь танд дуулах, хамтлаг байгуулах сэдэл өгч, уруу татсан уу?

Л.Г: - Тэгсэн шүү. Тэр үед Тайванаа ах “супер од” байлаа. Тайванаагийн дүү гэдгээрээ би бас сургуулийнхан, найзууд дундаа од (инээв). Ахаараа их бахархдаг байлаа. Тэр үеэс л “Би ч гэсэн дуулаад үзье” гэсэн бодол төрсөн юм. Түүнээс биш Тайванаа ах шиг бүр багаасаа дуулж хуурддаг байгаагүй. “Титэм” хамтлаг л намайг дуунд дурлуулж, “өвчлүүлсэн”. Эдний хамтлагийн “улаан” фэн, бүх дууг нь тонгоруулаад дуулахад ч бэлэн байлаа даа.

-Та хоёрын хоолойны өнгө их төстэй. Анх дуулж эхлэхдээ хүмүүсээс ийм үг сонсож байв уу?

Л.Г: -Сонсолгүй яах вэ. “Чи ахтайгаа яасан адилхан дуулдаг юм бэ” гэхийг нь сонсоод баярладаг байж билээ. Ах ч надад, манай хамтлагт их итгэсэн. Тийм ч болохоор хамтлагийнхаа хамаг л гоё дуунуудыг бидэнд өгч дуулуулсан даа.

-“Камертон” хамтлагийн өнгөрсөн 21 жилийн түүхийг Л.Тайванбатгүйгээр төсөөлөх аргагүй. Менежерээр нь ажиллаж, урлагийн гал тогоонд хөтөлж оруулсан хүн нь та шүү дээ.

Л.Т: -“Та бидний дуулахыг сонсооч” гээд сонсгоход шууд л таалагдсан. Тэгээд л хамаг дуугаа эдэнд өгч, дуулахыг нь зөвшөөрсөн юм. Удалгүй эд нар надад хамтлагийнхаа менежерээр ажиллаач гэсэн санал тавьж, би ч дүү нараа дэмжихээр зөвшөөрсөн дөө. Урлагийн хүн, тэр дундаа дуучин, ялангуяа хамтлагийн гишүүн ямар байх ёстойг А-Я хүртэл нь заахыг хичээсэн.

Л.Г: -Хэрэв тэр үед бид дөрөв Тайванаа ахгүйгээр эхэлсэн бол өдий хүрэхгүй байсан ч байж магад. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг дээ. “Камертон” хамтлаг үүний тод жишээ.

Л.Т: -Аливаа хамтлагийн оршин тогтнох үндэс суурь нь эв нэгдэл гэдгийг энэ дөрвийн ой тойнд нь арилахгүйгээр суулгахыг хүссэн. Тэгж ч чадсан. “Камертон” бол нөхөрлөл, уйгагүй хөдөлмөрийнхөө хүчинд өдий зэрэгт хүрч чадсан, мундаг хамтлаг. 

-Хамтлагийн гишүүн байхын тулд өөрийн карьер, өөр боломжуудыг орхих сонголт хийх үе гардаг байх.

Л.Т: -Тийм үе гардаг. Би ОХУ-ын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын бэлтгэл сургуульд явах боломжоо орхиж, “Титэм” хамтлагаа сонгож байлаа. Энэ сонголтондоо ч харамсаж байгаагүй.

-Таныг их чанга менежер байсан гэдэг. “Камертон”-ы Б.Эрдэнэбат “Хамтлаг байгуулсныхаа дараа өдөржин бэлтгэл хийдэг сэн. Өдрийн хамгийн гоё үе нь цайны цаг байсан” гэж дурссан удаатай.

Тэгтэл нь “шүүсэлдэг” байсан юм уу?

Л.Т: -Тэгэхээс аргагүй. Урлаг, спорт хоёрт бэлтгэл хийхгүйгээр амжилт гаргана гэж үгүй. Амралтгүйгээр сургуулилалт хийлгэдэг байлаа. Өдөрт нэг л удаа хооллоно. Тэр үед бидэнд хамтлагийн орлого гэж байсан ч биш. Хямд төсөр зүйлээр л ходоодыг нь божийлгодог байсан санагдана.

-Ямар ч хамтлаг, залуу уран бүтээлч “оддын өвчин”-г тойрч гардаггүй мэт санагддаг. “Титэм” ч, “Камертон” ч үүнийг тойроогүй, дайраад л гарсан даа.

Л.Т: -Ямар ч хамтлаг, уран бүтээлч давж гардаг байх. Ухаантай нэг нь энэ өвчнөөр удаан өвдөхгүй л дээ.

-“Камертон”-ыхон энэ өвчнөөр өвчилж, хамтлагаа тараах шийдвэр ч гаргаж байсан даа. Тэр үеийг нь та хэрхэн хүлээж авсан бэ?

Л.Т: -Хаа очиж миний үгийг их сонсдог байсан даа. “Хамтлагаа тараана, сүүлчийн тоглолтоо хийнэ” гэхэд нь “Өөрсдөө мэд дээ” л гэсэн. Тэгж хэлснийх нь дараа Ганааг үргэлжлүүлэн сургая гэж бодож байлаа. “Оддын өвчин” тусаад толгой эргэчихсэн нөхдөд олон үг хэлэх хүсэл байгаагүй. Гэтэл тэр сүүлчийн тоглолт нь энэ дөрвийг тараах нь битгий хэл улам нэгтгэчихсэн.

Л.Г: -Тэр тоглолтоо хийсний дараа “Бид илүү ихийг хийх ёстой юм байна. Юун тарах вэ. Бид яаж солиорцгоож байна вэ” гэж бодоцгоосон. Тэгээд л улам их хөдөлмөрлөсөн. Тарах бутрах талаар хэн нь ч дахиж ам нээгээгүй.

-Ахынхаа зохиосон дууг дуулахад бусад хөгжмийн зохиолчийн бүтээлээс илүү ойр байдаг уу. Ер нь хэчнээн дууг нь “амьдруулсан” бэ?

-Л.Г: -Нэлээд олон бий. “Дурлалын тэнгис” бие даасан цомгийн минь ихэнх дууг ах зохиосон. “Камертон” хамтлагийн цомог бүрт ахын уран бүтээл бий. Дуулахад ч их ойр. Олон жил хамтарч ажилласан болоод ч тэр үү, сайн ойлголцдог юм. Манай хамтлагт зориулж зохиосон дуу бүр нь хит болдог.

-Зохиосон дууг тань төрсөн дүүгээ дуулахыг сонсоход өөр мэдрэмж төрдөг үү?

Л.Т: -Миний уран бүтээлийг дүү минь дуулахад сайхан санагдалгүй яах вэ. Ер нь “Камертон”-ыхон миний зохиосон дууг сэтгэлд минь хүртэл дуулж чаддаг. Би олон хамтлаг, дуучинд дуугаа өгдөггүй л дээ. Тэгсэн атлаа эдэнд хамаг өнгөтэй, өөдтэйгөө л өгдөг дөө.

-Хамтарч дуулсан уран бүтээл байдаг бил үү, та хоёрт?

Л.Т: -“Хүмүүс минь, хүүхдүүдээ хайрлаарай” гэж дууг хамт дуулсан.

Л.Г: -Ганзам ахын маань хүү Г.Маргад “Бид 4” хамтлагт дуулдаг. Тэр дүүтэйгээ хамт дуулах бодол бас бий.

Л.Т: -Ер нь манайхан их сайхан дуулдаг хүмүүс. Их төстэй ч хоолойтой.

Л.Г: -Хөвсгөлд “Бөхийн алдар” гээд найр боллоо. Тэнд очоод “Миний ээж” дууг би дуулав аа. “Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж” гээд л их дээгүүр өнгөөр дуулж байтал нэг хүн миний хоолойг даваад дуулж байна шүү. Дотроо “Ийм овоо хоолойтой хүн хэн байдаг билээ” гэж бодоод гайхаад хартал манай Ганзам ах дуулж байсан даа.

-Нэг нэгнээсээ сонсож байсан хамгийн сайхан урмын үгс тань юу байв?

Л.Т: -Би хүн шүүмжлэхээсээ илүү магтаж, урам өгөх дуртай. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Гэхдээ энэ дөрөвтөө магтаалын үг их цөөхөн хэлсэн байх.

Л.Г: -Зохиосон дууг нь үнэхээр сайхан дуулах үед ахын нүдэнд нулимс цийлэгнэдэг. Тэрийг нь харахад л магтаал сонссоноос илүү баярладаг даа.

Л.Т: -Хэдэн жилийн өмнө намайг “Нью стар” студид байж байтал Ганаа гэнэт л гаднаас телевизийнхэн дагуулаад ороод ирлээ шүү. Болоогүй ээ, бас гартаа гоё цэцгийн баглаа барьчихсан. Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлэх боломж олгодог нэвтрүүлэг байсан юм билээ.

Гэтэл Ганаа аав ээж, эхнэр рүүгээ биш, над руу гүйгээд ирсэн байсан. “Ахдаа хайртай шүү” гээд л цэцгийн баглаагаа өгөөд тэврэхэд нь ямар их баярласан гээч. Хэзээ ч мартагддаггүй сайхан дурсамж. Нээрэн, дурсамж гэснээс би Ганаагаа төөрүүлсэн хөгжилтэй түүх байдаг юм. Ярьчих уу?

-Тэг л дээ.

Л.Т: -Ганаа гурав бил үү дөрвөн настай байсан юм. Би гадаа авч гарч салхилуулдаг байв. Тэр үед аав ээж нар хүүхдүүдээ “Гэрээсээ хол тогловол хятадууд хулгайлаад, шуудайнд хийгээд аваад явчихна шүү” гэж айлгадаг байлаа. Нэг өдөр гадаа тоглож байгаад хартал Ганаа байдаггүй. Гэртээ ороод “Ганаа орж ирсэн үү” гээд асуух гэхээр дүүгээ алдсан маань мэдэгдэх гээд байдаг. Бүх өрөөндөө үзлээ. Алга. Тэр үед манайх Таваншард байсан юм.

Таваншарын бүх байрыг тойроод л уйлж гүйсэн дээ. Хэд ч тойрсон юм, бүү мэд. “Ингээд л дүүгээ хятадуудад алдчихлаа” гээд л уйлаад гүйж явснаа санадаг. Тэгсэн мань эр ээжийн ажил руу гүйгээд орчихсон байдаг юм даа. Тэр үед манай ээж арванхоёрдугаар дунд сургуульд багшилдаг байлаа.

Ажил нь манай гэрээс холгүйхэн л дээ. Одоо Ганаагийн хүүг харахаар л тэр үе санагдаад байдаг юм. Хүү нь тэр үеийн Ганаагийн төрхтэй ямар адилхан гэж санана.

-Танайх Хөвсгөл аймгаас гаралтай айл гэсэн үү. Нутаг руугаа хүлгийн жолоо хэр залдаг вэ?

Л.Т: -Манай аав, ээж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүмүүс. Зун бүр гэр бүлээрээ, ах дүүсээрээ нутагтаа очиж амардаг. Манайх улам л өнөр өтгөн, олуулаа болж байна.

-Сэтгэлээ онгойтол ярилцаж, “буу халж” суух үе бишгүй л байдаг байх. Хамгийн сүүлд хэзээ нэгэндээ дотроо уудалсан бэ?

Л.Т: -Уулзахгүй гурваас илүү хоносон удаа бараг байхгүй дээ. Хоёр гурав хоног таг чиг болчихоор нь санаа зовоод “Чи яачихав аа” гээд л залгадаг.

Л.Г: -Арай илүү амь болохоор ч тэр үү уулзахгүй хэд хонохоор л ярих, зөвлөх зүйл ч овоорчихдог шүү (инээв). Булагнаж агаарт гарна, “буу хална”. Ах минь миний амьдрал, уран бүтээлийн хамгийн том түшиг, нөмөр нөөлөг шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)