Нэг агаартай нийслэлчүүд нэгдсэн ойлголтод хүрэв үү

Нэг иргэний асуулт тавих хугацаа гурав, хариулт хэлэх албан тушаалтанд олгосон хугацаа таван минут байхаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах дэгт тусгажээ. Гэвч иргэд таван минутын турш үг хэлэхийг хүсэж, хашхирахаас наагуур бухимдаж байсныг нь харвал тэдэнд ярих зүйл их бий бололтой. Гэхдээ хүн бүр таван минутын турш санал хэлж, асуулт тавивал доод тал нь 15 цаг шаардлагатайг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва учирласан. Тиймээс иргэдийн үг хэлэх минутыг нэмэх саналыг хүлээж авсангүй. Үүнтэй холбоотой маргаан Нийслэлийн иргэний танхимд 10 гаруй минут үргэлжилсний эцэст Ерөнхий хяналтын сонсголыг дэгийн дагуу эхлүүллээ.

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь манай улсын хувьд шинэ үзэгдэл учраас иргэдийн дунд төөрөгдөл үүссэн. Үүнд хариулт эрж, нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр анх удаа зохион байгуулсан нь энэ. Ингэснээр сайжруулсан түлшийг цаашид хэрхэн түлэх, ямар алдаа гарч байгаа, түүнийгээ яаж засах талаар салбар бүрийн төлөөлөл харилцан ярилцаж, хамтдаа гарц хайх ач холбогдолтой гэж нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид үзжээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулга мэдээлэл, “Таван толгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг тайлбар мэдээлэл өгсөн ч шинэлэг зүйл бараг үгүй байлаа. Тэдний дараа шинжээч, судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Судлаач Б.Дөлгөөн “Сайжруулсан түлшний шаталтын шинжилгээг холбогдох газрынхан огт хийгээгүй. Зөвхөн химийн найрлагын шинжилгээ хийж, түлш нь ямар ч асуудалгүй гэх мэдээллийг иргэдэд өгч байна. Энэ хэвээр үргэлжилбэл иргэд цаашид хохирсоор байх эрсдэлтэй учраас яндангаа байнга хөөлж, дулаал, төслийн зуух тавь, эсвэл байгаагаа зас гэж зөвлөмөөр байна. Мөн ханан пийшин аль болох битгий хэрэглэ. Оронд нь 4.1 метрээс илүү өндөр яндан суурилуулах хэрэгтэй. Ингэснээр яндангийн агаарын солиболцол сайжирдаг. Хотын удирдлагад хандаж хэлэхэд, олон улсын зөвлөхүүдтэй холбогдож, тэднээс мэргэжлийн зөвлөгөө авахад хамтарч ажиллахад бэлэн” гэлээ.

Харин судлаач Б.Энхбаатар албаныхны шийдвэр хууль зүйн хүрээнд хэрхэн хэрэгжсэнийг тайлбарлаж, сайжруулсан түлш хэрэглэх нь урт хугацааны сайн шийдэл биш гэдгийг онцлов.

Дараа нь иргэд саналаа хэллээ. Үг хэлэх хүсэлтэй хүмүүсийг урьдчилж бүртгэн, дарааллын дагуу асуулт тавихаар зохион байгуулсан ч бүртгүүлээгүй иргэд урт дараалал үүсгэж бас л маргалдав.

Баянзүрх дүүргийн XXV хорооны иргэн Ганболд “Хороогоо төлөөлж ирлээ. Яагаад манай хороонд сайжруулсан түлш хэрэглэхийг хориглосон юм бэ. Байр, сууцаа цахилгаанаар халаахыг БОАЖЯ, нийслэлийн холбогдох байгуулагынхан биднээс шаардсан. Энэ нь их хөрөнгө шаардсан ажил. Хүний эрх зөрчсөн, ялгаварласан энэ үйлдлээ зогсоо. Бид цаашид яаж амьдрах вэ” гэсэн асуулт тавьсан ч хариулт хэлэх холбогдох албаныхан хараахан ирээгүй байв.

Чингэлтэй дүүргийн иргэн Жаргалсайхан “Угаарын хийд 500 гаруй хүн хордлоо. Хэн ямар хариуцлага хүлээсэн юм бэ. Иргэд амиа алдсаар байхад нийслэлийн 380 жилийн ойн баяр тэмдэглэж байх юм. Түүнчлэн нэг айлд хоногт зургаан шуудай сайжруулсан түлш олгож байна. Тонноор нь авахыг хүссэн ч өгөхгүй юм. Түлшний нөөц хангалттай бий юү. Мөн угаарын хий хэмжих төхөөрөмжийг энэ сарын 1-нээс олгоно гэсэн ч одоо хүртэл гар дээр ирээгүй байна. Хэмжигчээ хэзээ суурилуулах вэ” гэж асуув. Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад ямар төрлийн төхөөрөмж тохирохыг салбар бүрийн шинжээчид судалж байгаа. Энэ сардаа багтааж угаарын хий хэмждэг төхөөрөмж иргэдэд олгоно” гэлээ.

Харин цагдаагийн байгууллагаас сүүлийн 10 жилийн байдлаар 158 хүн угаарын хийд хордож, амиа алдсан тухай мэдээлээд өнгөрсөн сарын 19-нөөс хойш ийм тохиолдол гараагүйг онцоллоо. Дуудлагын тоо долоо хоног бүрээр буурсан байна. Амиа алдсан иргэдийн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, ханан пийшин эвдэрснээс болж угаарын хийд хордон 73 хүн нас баржээ. Түүнчлэн зуух яндангийн холбоос завсартай 33, хөө, тортог ихтэй 30, үнс дүүрсэн 40, түлшээ ихдүүлж хэрэглэсэн 85, намхан яндантай 35, хаалт хааснаас болж угаартсан 69 тохиолдлыг бүртгэсэн аж. Иргэдийн амиа алдсан шалтгааныг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрынхан шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түлшний хэрэглээтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Эцсийн шийдвэрийг прокурорын байгууллагынхан гаргаж, ямар албан тушаалтанд хариуцлага тооцохыг шийдэх юм байна.

Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн “Засгийн газар “Тавантолгой түлш” компани хоорондын гэрээ тогтвортой, эсэх нь ойлгомжгүй байна. Ирэх жилийн сонгуулиар энэ Засгийн газар солигдохоор сайжруулсан түлшээ хаанаас авах вэ. Мөн хүйтрэхээр пийшингийн таталт муу болдог учраас угаарын хийд хордох иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй юм биш үү. Сайжруулсан түлшний тал нь шатаад, үлдсэн нь шатахгүй муухай үнэртэж байгаа нь ямар учиртай вэ” гэж асуулаа.

Үүнд “Тавантолгой түлш” компанийнхан “Нэг жилийн хугацаанд 600-800 мянган тонн нүүрс нийлүүлэхээр гэрээнд тусгасан. Гэрээгээ таван жилээр сунгана гэж аман байдлаар Засгийн газартай тохиролцсон учраас энэ хугацаанд нөөцөд санаа зовохгүй байж болно. Нүүрсний тал нь шатаад, тал нь шатахгүй байна, үнс ихтэй байгаа нь юуных вэ гэсэн асуулт тавилаа. Сайжруулсан түлшийг удаан хугацаагаар шатаах, иргэдийн хэрэглээг хэмнэх үүднээс ийм бүтэцтэй хийсэн юм. Жижиг, эсвэл том, дундаа нүхтэй байдлаар хийвэл бүрэн шатаж, үнс багасна. Ингэхээр сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Таны мөнгийг хэмнэхийн тулд ийм байдлаар зохион бүтээсэн юм. Толгой өвдөж байна гэсэн санал, гомдол иргэдээс их ирж байна. Шаталтын шинжилгээ хийхэд үндсэн үзүүлэлтүүд нь шаардлага хангасан. Барьцалдуулагчийн найрлага нь байгалийн бүтээгдэхүүн, цардуул учраас эрүүл мэндэд ямар ч хоргүй. Өвлийн ид хүйтэнд зуухны агаарын солиболцол сайжирна. Тиймээс угаартах эрсдэл буурна гэж харж байгаа” гэв. Зарим иргэн түүний яриаг эрс үгүйсгэж, өчнөөн хор хийчихээд түүнийгээ иргэдэд шахах гэлээ хэмээн буруутгаж байв.

Сайжруулсан түлшний шаталтын шинжилгээгээр эерэг хариу гарсныг Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лаборитори болон ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийнхэн баталжээ. Түүнчлэн “Тавантолгой түлш” компанийнхан хүхэр бууруулах шинэ технологи бүтээснээ мэдээлсэн. Нэг хувийн хүхрийн агууламжтай нүүрсийг 0.6 болтол нь бууруулсан аж. Тиймээс эрчим хүчээ гаднаас биш, дотоодоосоо хангах боломж бүрдсэн гэж ойлгож болох гэнэ.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун “Зөв, нэгдсэн мэдээлэлгүйгээс иргэд эрсдэлд орж байна. Тиймээс бүгдээрээ хэлэлцэж, нэг ойлголттой болъё гэж зорьсон учраас энэ сонсголыг зохион байгуулсан” гэлээ.

Одоогоор нийт өрхийн 62.7 хувь буюу 100 000 гаруй айл энгийн зуухтай. Тэднийг төслийн зуухаар хангах, эсвэл аюулгүй байдлын дүрмээ мөрдөж галлах ёстойг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сануулсан. Уг нь энгийн зуухтай айлууд сайжруулсан түлш хэрэглэхдээ яндан, пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, хоёр сар тутамд хөөлж, үнсний саваа өдөр бүр цэвэрлэн, сойлтоо хаалгүй, угаарын хий мэдрэгч суурилуулах зэргээр арга хэмжээ авбал хордохоос сэргийлж болно гэж албаныхан зөвлөж байна.

Засгийн газар өнгөрсөн онд 62 дугаар тогтоолоо гаргаж, зөв галлагаа, хэрэглээний талаарх арга зүйгээр хангаагүйд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид шүүмжлэлтэй хандсан ч цаашид ямар бодлогоор ажиллахаа шийдэх нь илүү чухал гэсэн байр суурьтай байв.

Энэ удаагийн ерөнхий хяналтын сонсголд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, тус яамны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулах хороо, НЭМҮТ, Цаг уур, орчны шинжилгээний газар, нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газар зэрэг салбар бүрийн төлөөлөл иргэдийн асуултад хариулт өгөхөөр ирсэн байв. Түүнчлэн УБЦТС, “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь”, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” зэрэг төслийн удирдагч нар ч оролцсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)