Нэгдүгээр эмнэлэг шинжилгээний хариуг автоматаар өгнө

Улсын эмнэлгүүд угтах хаалганаасаа эхлээд өнгө төрхөө шинэчилж, тав тухтай орчинд иргэдээ хүлээн авсаар байгаа нь сайн хэрэг. Тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гаднах орчин, машины зогсоол, дотоод засвар, тохижилт нь үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд байна. Тус эмнэлгийн 94 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд үүний хүрээнд амбулатори, Эрчимт эмчилгээний болон Лабораторийн тасаг, Урологийн үзлэгийн танхим, нэгдүгээр давхрын хонгилууд, Эм зүйн албаны өрөө, тасалгааг иж бүрэн засаж, тохижуулжээ. Үүнд 600 гаруй сая төгрөг зарцуулснаас 50 хувийг нь улсын төсвөөс, үлдсэнийг нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хандиваар бүрдүүлсэн гэнэ.

Тус эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан “Бид засвар, тохижилт хийснээс гадна үйлчилгээндээ эмнэлгийн менежментийн шинэлэг аргачлалууд нэвтрүүлсэн. Тухайлбал, шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, орон нутгийн иргэд харьяа Нэгдсэн эмнэлгээрээ дамжуулан, эсвэл цахимаар үзлэгийн цаг захиалдаг болсон. Ингэснээр үйлчлүүлэгчдийн дараалал багасаж, зардал, чирэгдэл ч буурч байна” гэсэн юм.

1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр, 15 ор, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус эмнэлгийнхэн өдгөө 568 ор, 800 гаруй ажилтантай, улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)