Нэгдүгээр эмнэлэг нойр булчирхай шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгаснаас хойш өдгөө 16 хүнд амьдрал бэлэглээд буй. Хоёр эмнэлгийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа үр дүнг сайн байгаа гэж үзээд, элэг шилжүүлэн суулгахаас гадна бусад салбарт хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Манайхан “Асан” эмнэлгийнхэнтэй хамтран ажиллаж, эмчилгээнийх нь шинэ арга, технологийг эх орондоо нутагшуулж чадсан. Цаашид элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийж чадахаар болсон гэж өөрсдийг өө дүгнэж байгаа. Тиймээс хоёр эмнэлгийн эмч нар хамтран, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийхээр тохиролцжээ. Тэд өдгөө хагалгааны дараах эмчилгээг хэрхэн нутагшуулах талаар судалж буй аж.

Нойр булчирхай нь хоол боловсруулах системийн эрхтэн ч өөр олон үйл ажиллагааг дэмждэг. Ходоод, 12 нугалаа гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрладаг уг эрхтэн уртаараа 16-18, өргөнөөрөө 2.4-2.6 см. Архи, дарс хэтрүүлэн хэрэглэх, амьдралын буруу хэвшил болон удаан хугацаагаар өлсөх, гэнэт их хэмжээгээр идэх, өөх тостой, шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг байна. Энэ нь архагшиж хүндэрвэл зургаахан сарын дотор үхэлд хүргэдэг аюултай аж. Тэгэхээр Монголд ийм хагалгаа хийдэг болчихвол эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хилийн дээс алхах хүний тоо нэлээд хэдээр цөөрөх нь.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)