Нэгдүгээр сургуулийн захиралд торгох ял оноов

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ, БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ нар бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Л.Эрдэнийг 10 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тус шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Г.Бум-Эрдэнийг хууль, тогтоомж зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут, нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг I сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа дараа хахууль авсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял оноов.

Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгох болжээ. Мөн дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хассан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)