“Нью-Йорк таймс” сонинд Монголын тахийг онцоллоо

Америкийн өдөр тутмын “Нью-Йорк таймс” сонины энэ сарын 12-ны дугаарт нийтэлсэн “Биологийн төрөл зүйл устах нь зайлшгүй зүйл биш. Бид эдгээр зүйл (амьтан)-ийг аварсан” хэмээх өгүүлэлд Монголын байгаль хамгааллын арга хэмжээг онцолжээ. 1993 оноос хойш дэлхий дахинд 10 зүйлийн шувуу, хөхтөн амьтан бүрэн устсан гэнэ. Харин тоо толгой нь устах хэмжээнд хүрсэн 48 зүйлийг байгаль хамгаалах идэвхтэй ажиллагааны дүнд хүн төрөлхтөн аварсан аж. Үүний нэг нь Монголын Хустайн байгалийн цогцолборт газарт нутагшуулсан тахь хэмээн дээрх өгүүлэлд бичжээ.

Түүнчлэн “Байгальд зэрлэгээр амьдардаг тахь цаг уурын болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас 1960-аад оны сүүл үед дэлхий дахинд үгүй болсон. Энэ зүйлийг анх нээж илрүүлсэн уугуул нутаг нь гэж тооцдог Монголын зүүн гарын говьд ч тахь үзэгдэхээ байж, 1990 он хүртэл зөвхөн амьтны хүрээлэнд цөөн тоотой үлдсэн билээ. Харин 1992 онд тахь үржүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголд нутагшуулснаар энэ зүйлийг аврав. Өнөөдөр Монгол Улсад 760 гаруй тахь идээшилж байна” гэжээ. Судалгааны ажлыг удирдсан, Английн Ньюкаслийн их сургуулийн доктор Рике Болам “Хүн төрөлхтөн арга хэмжээ аваагүй бол сүүлийн 27 жилийн хугацаанд одоогийнхоос 3-4 дахин олон амьтан устах байлаа. Биологийн төрөл зүйлд аюул нүүрлэсэн талаар сөрөг мэдээ зонхилдог. Гэхдээ бид хичээвэл үүнийг өөрчилж, эргүүлэх боломжтойг эдгээр баримт нотолж байна” хэмээн онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)