Нууц оршуулга олдлоо

Мексикийн Колима мужаас 69 хүний шарил бүхий оршуулга олдсоныг Ерөнхий прокурорын газраас нь мэдээллээ. Тэднийг хэн болохыг нь тогтоох ажил өрнөж буй бөгөөд Засгийн газар нь хүн хүч, техникийн тусламж үзүүлжээ.

Урьд нь тус мужаас ийм 11 оршуулга илэрч байсан аж. Колима мужийн прокурор Габриэль Вердуско сураггүй болсон хүмүүсийн төрөл төрөгсөдтэй уулзаж байна. 100 мянган оршин суугчид хамгийн олон буюу хүн амины 81.9 хэрэг ногддог үзүүлэлтээр тус муж өнгөрсөн онд улсдаа нэгдүгээрт бичигджээ. 

Мексикт нийт 40 мянга гаруй хүн сураггүй болсон, нууц 1100 орчим оршуулга олдсон, шарил хадгалах газарт хэн болох нь тогтоогдоогүй 26 мянган шарил байдаг тухай энэ сарын эхээр Дотоод хэргийн дэд сайд Алехандро Энсинас нь мэдэгдсэн юм. Мексик улс мансууруулах бодисын мафитай хийдэг тэмцлээ зогсоосныг тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор өнгөрсөн сарын эцсээр зарласан.

Түүний хэлснээр Засгийн газар нь нууц бүлэглэлүүдийн толгойлогчдыг баривчлахад бус, нийгмийн аюулгүй байдлыг хангахад төвлөрч ажиллах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)