Нууц бичлэг: Жолоочийг нь "хахуульдаад" ч нэмэр болдоггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

Өнөө маргаашгүй иргэдийг А, В, С бүсэд хуваахаар яригдаж буй. Уг нь иргэдээ хувааж, ангилах бус хотын замаа бүсчилж байгаа гэх. Харин эзэнгүй тэрэг зорчихгүй нь лав тул яалт ч үгүй хүнтэй холбогдож байгаа. Харин эл санаачлагыг дуулаад хүмүүс хэсэгтээ л өөрсдийгөө аль ангилалд багтах бол гэж халаасаа “тэмтэрч” эхэлсэн. Энэ журмаар бол хотын төвөөр татвар төлсөн, үзэмж бүхий тэрэгтэй онц сайн жолооч давхина. Гэхдээ хот дотроо удаж түдэх нь бас л “тоолдог хэд”-тэй холбоотой. Энэхүү санаачлагын зорилго нь нийтийн тээврээрээ түлхүү зорчдог улс болох.

А, B, C бүсийн төсөөлөл батлагдсан ч, үгүй ч тэртээ тэргүй эд ачааллын үе ирж байна. Нийтийн тээврийн хүрэлцээ өнгөрсөн жилүүдээс дээрдэх үү, иргэдийн зорчих нөхцөл сайжрах уу зэрэг асуудал “жирийн иргэд”-д жилийн жилд асуудал болдог. Тэгвэл салбарын өнөөгийн байдал ямар байна вэ.

Өдгөө Нийслэлд оргил ачааллынхаа үеэр 960 гаруй том оврын автобус үйлчилж байна. Энэ бол сая 300 мянган хүн амтай хотод хангалттай тоо гэнэ. Зургадугаар сарын дундаас наймдугаар сарын дунд хүртэл энэ тоо арай цөөрдөг. Учир нь нийтийн тээвэрт гаргаж буй зардлаа багасгах шаардлагатай. Нийтийн тээврийнхэн тасалбараа зарахаас гадна улсаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүндэт донор мөн оюутны хөнгөлөлтийн нөхөн олговроор төсвөө бүрдүүлдэг. Харин энэ дүн манай улсад гэлтгүй дэлхийн түүхэнд ашигтай гарч байгаагүй аж. Тасалбарын үнийг дахин нэмж байж орлого, зарлага тэнцэнэ гэсэн тооцоо байдаг юм билээ.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний хувьд Төрийн өмчийн гурав, хувийн 16 компани нийслэлчүүдэд үйлчилдэг. Их багтаамжтай буюу том оврын автобус 9 минут харин угсраа автобус 14, цахилгаан тээвэр буюу тролейбус 11 минутын зайтайгаар ирж байхаар төлөвлөгддөг ч хугацаандаа ирдэг үгүйг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ нь замын түгжрэлээс хамааралтайг албаныхан учирласан. Мөн 06.45-22.30 хүртэл үйлчлэх ёстой ч 21.00 цаг жаахан өнгөрөхөд ихэнх нь шугамаасаа буудаг. Үүнд “Идсэн ч чонын ам улаан, идээгүй ч чонын ам улаан” гэгчээр мөн л замын түгжрэл буруутай гэнэ. Төв замаар шөнийн тээврийн үйлчилгээ эхлээд удаж байгаа. Гэхдээ хотын захын хорооллын иргэдийн хувьд ачаалалтай цагууд болон автобус зогсоход хувийн унаатай жолооч нар 1000-2000 төгрөгөөр “хөл залгуулж” байна.

Автобус төлөвлөгөөт цагаасаа наана бууж байгаа нь хоёр ээлжийн жолоочгүйгээс болдгийг жолооч нар нь хэлсэн. Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын 40 хувь нь жолооч нараа хоёр ээлжээр ажиллуулдаггүй бөгөөд өдөржин ажилласан жолооч ядарч эрт буухаас аргагүйд хүрдэг байна. Харин Нийтийн тээврийн газраас үйлчилгээний компаниудаас тойргоо гүйцээхийг шаарддаг ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Харин сүүлийн үед том оврын нийтийн тээврийн жолооч нарт нэгэн шинэ урамшуулал гарч иржээ. Энэ бол жолооч нарт зорчигчид бэлэн мөнгө өгдөг байдал.


Жолооч нарын цалин дунджаар 900 000 төгрөг. Харин тэд цалингаасаа гадна өдөрт багадаа 40-50 000 төгрөгийн орлоготой болжээ. Тэд санаа зовохоо ч байж, хариулт мөнгөө хээв нэг өгөөд явж байх. Хянах үүрэгтэй 20 хүн байдаг ч хаанаа ч хүрдэггүй гэнэ. 

“Карт цэнэглэх киоск тэр бүр байхгүйгээс бэлэн мөнгө өгөх болдог” гэж иргэд хэлж байгаа бол харин үүнийг “Улаанбаатар смарт карт” ХХК-ынхан хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд “Нийслэлд нийт 30 киоск тавьсан ч одоогоор 10 нь ажиллаж байгаа. Гэхдээ 10 бол хүрэлцээтэй тоо. Иргэд хүсвэл орой гэртээ харихдаа цэнэглүүлээд яваад байж болно. Эсвэл банкны данснаасаа хасуулах боломжтой. Бид 30 киоскоо ажиллуулахыг хүссэн ч цахилгаанд холбох зөвшөөрлийг холбогдох газраас олгодоггүй” гэсэн юм. Киоск ажиллахгүй байгаа бас нэг шалтгаан нь борлуулагчидаа бага хувиар цалинжуулдаг байдал болохыг урьд нь борлуулагчаар ажиллаж байсан иргэн хэлсэн. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ынхан хувиа нэмэх боломжгүйгээ дамжуулсан.


Иргэдийн ухамсар уу, цэнэглэх цэгийн хүртээмжгүй байдал уу, ямартай ч жолоочид бэлэн мөнгө өгдөг байдал хяналтаас гарчээ. Нэг жолоочийг хоёр хүний хөлсөөр цалинжуулдаг байдал удаан үргэлжилвэл иргэдийн төлдөг татварын мөнгө юу болох вэ.

Иргэдээс ирүүлдэг бас нэг гомдол нь нийтийн тээврийн цэвэрлэгээний асуудал. “Зуны цагт ядаж ганц удаа ч болов сандлынхаа бүрээсийг угаачихаасай” гэж иргэд хэлж байв. Бас жолооч кабиндаа тамхи татах, иргэдийг суулгахгүй, орхиж явах зэрэг зөрчил тасрахгүй л байна. Мэргэшсэн жолооч нар үйлчилнэ гэсэн шаардлагатай ч жолоочийн буруугаас нийтийн тээврээр зорчиж явахдаа гэмтэж, бэртсэн тохиолдол Цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгдсэн байна. Энэ талаар Нийтийн тээврийн газраас жолооч нарт улирал бүр сургалт хийдэг ч ахиц гарахгүй байгаа гэнэ.

Энэ жил их багтаамжийн автобусны тоог нэмэх үү гэсэн асуултад “Одоо үйлчилгээнд явж буй автобусны тоо хүрэлцээтэй. Мөн Улсаас олгодог нөхөн олговрт захирагддаг учраас автобусны тоог нэмэх боломжгүй” гэж Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хариулсан юм.

Энэ жилдээ л лав энэхүү эргэлдсэн холбооны ээдрээ тайлагдаж нийтийн тээвэрт ахиц гарч, хүртээмж дээрдэх шинж алга. Нийтийн тээврийн хүрэлцээгээ нэмэгдүүлвэл хувийн унаатай эсэхээрээ амьдралынхаа чанарыг тодорхойлдог  манай улсын дийлэнх иргэдэд сэтгэхүйн өөрчлөлтийн үндэс болж болох л юм. Тэгвэл хойч үед маань дээр сэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)