Нууцар л санал хурахгүй бол намын дарга нар нь гишүүдээ шууд дарамтална

Монгол Улсыг 48 болгож "хэрчүүлмээргүй" байна

АН, МАН хоёрын аль нь улс орныхоо хөгжлийг  түргэтгэх, улмаар үсрэнгүй хөгжилд гаргахыг хүсдэг вэ гэдгийг сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгаагаар нь  шинжиж болдог гээд туучихъя л даа.  Одоо баримталж байгаа байр сууриар нь тандвал Монгол Улсаа түргэн хөгжөөсөй, ард түмний маань амьдрал дэвжээсэй гэсэн сэтгэл зүтгэлээрээ Ардчилсан нам тохой илүү харагдаж байна.
Сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмжиж байгаагаар нь ийн дүгнэж болно. Учир нь энэ тогтолцоо улс орныг төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор тууштай хөгжүүлэх  баттай суурь, урьдач нөхцөл нь болж өгдөг юм гэсэн. Мажоритар гэгчийн тухайд энд нурших шаардлагагүйгээр ухаантай, боловсролтой, учир мэддэг хүмүүс нь ойлгоно. Дэлхий даяаршиж байгаа өнөө үед энэ хувилбар монголчуудыг ёстой жинхэнээсээ жалга довоор нь түмэн хэсэг болгоно. Тэр тусмаа 26 томсгосон тойргийг 48 болгож жижиглэхээр бүр ч хөгийн юм болох нь ойлгомжтой. Хуучин жижиг мажоритор тойргоор сонгууль явуулдаг байхад сонгогдсон гишүүд нь нүдний өмнө  юм хийсэн болж харагдахын тулд төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн хана шохойдож, дээвэр будаж хуурдаг байсан бол одоо 48 болгож хэрчсэнээр татвар төлөгчдийн мөнгөөр айлын хашаа байшин буддаг болох гэж байна. Мажоритарын 48 тойргоор сонгууль явуулна гэж байгааг зүгээр л хар ухаанаар бодоход ийм дүр зураг буугаад байгаа юм. Бас Монголын ард түмнийг доромжилж байгаагаас өөрцгүй.
Өнөөдөр Монгол Улс их мөнгө олдог болсон гээд байгаа. Яг үнэндээ төр, засгийн, эрх барьж байгаа намуудын сайных ч биш. Өвөг дээдсээс үлдээсэн газар нутаг, түүний доорхи баялгийг зүгээр л ухаж аваад л зөөж мөнгө олдогоороо хувьтай хүмүүс. Олсон мөнгийг харин төр хуваарилдаг. Гэхдээ буруу зараад байгаа юм аа. Энэ нь өнөө мажоритар гэх сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой. Тойрог жижиг байх тусам өнөөдөр олж байгаа их мөнгийг чинь түмэн хэсэг цацахаас аргагүй болчихож байгаа хэрэг. Ингэснээр хэзээ ч юм болохгүй.
Харин пропорциональ гээд байгаа тогтолцоог сонгочихвол талд цацсан будаа шиг үр шимгүй эд болохгүй дэг. Төсөв хуваарилдаг эрхмүүд тойрогт таалагдах шаардлагагүй болохоор том мөнгийг үлдэцтэй юманд л шингээнэ шүү дээ. Бүх аймгийг засмал замаар холбоно. Дотооддоо шатахууныхаа хэрэгцээг хангахаас эхлээд том үйлдвэрүүд барьчихна. Тэгэхээр чинь хүн 21 мянган төгрөг тоохгүй. Олон зуун мянган төгрөгийн цалинтай ажилд л орохыг хичээх нь тодорхой шүү дээ. Сумд нэгдэж засаг захиргааны нэгж хүчирхэгжиж, бие дааж эхэлнэ. Ийм бодлогыг төр зоригтой хэрэгжүүлж чадна. Мажоритар, пропорционалийн давуу ба сул талыг зөвхөн төсөв, мөнгөтэй холбоод ярихад ийм эрс тэс ялгаа харагддаг юм билээ.  Энэ бүхнийг МАН-ынхан мэдэхийн дээдээр мэддэг. Намын удирдлагад байгаа хүмүүсийн олонх нь, мөнгө, авлигаар асуудлыг шийдээд сурчихсан үл бүтэх этгээдүүд нөлөөтэй хэвээр байгаа учраас  жижгийн жижиг тойргийг үхэн хатан хамгаалаад байна гэж би ойлгодог.
2008 оны сонгуулиас сургамж авахыг МАН-ын удирдлагын зарим нь хүсэхгүй байна. Мажоритарын томсгосон тойргоор сонгууль явуулахад тийм эмгэнэлтэй үймээн самуун болж байгаа юм чинь бүр жижиг тойргоор явуулбал ямар аюул дагуулахыг таахын аргагүй. Түүнийг нь мэдээд Ц.Нямдорж сайд цагдаад "шууд буудах" эрх өгөх хууль санаачлаад өнөөдөр тэр нь бөөн асуудал мандуулаад байгаа юм биш үү. Нөхцөл байдал, үйл явц ийм л муухай сэдэл төрүүлээд байна. Иргэд хүн сонгодог тогтолцоог дэмжиж байна гэж МАН-ынхан яриад байгаа. Худлаа шиг байгаа юм. Нам сонгохоор дарга тойрсон бүлэглэл орж ирнэ гээд байгаа. Олигарх, дарга тойрсон хүмүүс гээд байгаа тэднийг намдаа авсан суудалд хуваарилчихаар чинь тэр нам дараагийн сонгуульд далаараа тавиулах бус уу. Нам удаан оршихын тулд боловсон хүчний бодлогодоо онцгой анхаардаг юм гэсэн. Тэгэхээр энэ бол асуудал биш.


МАН хүч хэрэглэвэл Ерөнхийлөгч хориг тавих хэрэгтэй

МАН 48:28 гэх ядруу  хувилбараасаа буцахгүйгээр шийджээ. Ямар ч байсан санал хураалт явуулъя. Бид олонх юм чинь хэмээн эрдэх янзтай Гэхдээ илээр санал хураалгана. Гишүүдээ яс хянана гэж байгаа бололтой. Өнөөдөр УИХ-д МАН 45, АН 27, ИЗНН-ын хоёр, бие даагч З.Алтай болон Хамаг Монголын хөдөлмөрийн намын Ц.Шинэбаяр гэсэн суудал "эзэмшигч" бий. Нууцаар  санал хураалгахгүй бол Монгол Улсыг 48 "хэрчих" МАН-ын төлөвлөгөө асуудалгүй хэрэгжих магадлал их. Уг нь нийгмийн эрүүл саруул хэсгийнхэн пропорциональ биш юм гэхэд энэ хувилбар нь давамгайлсан холимог тогтолцоог дэмжээд байгаа юм билээ. Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хувь хүний байр суурийг холимогийн төлөө юм банйа гэж би хувьдаа ажиглаж, ойлгосон. Бүр болохгүй бол санал хураалт явуулчих л даа гэж Төрийн тэргүүн гуйж үзлээ. УИХ-ын дарга ч болдоггүй дээрээ хүрвэл  ирэх долоо хоногт багтаан УИХ санал хураалт явуулах болно. Хуулийн ийм боломж байгаа. Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу санал хураалт явуулсан тохиолдолд хууль тогтоох үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад учрахгүй. Энэ тухайгаа тав, зургаан сарын өмнөөс сануулсан шүү гэж хэлсэн. Үнэндээ үүнээс өөр гарц үлдсэнгүй.
Санал хураалтаар, гэхдээ нууц санал хураалтаар маргааныг хагалах нь хамгийн зөв шийдэл болж харагдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулийн есдүгээр зүйлд, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулж, УИХ-ын гишүүдээс бүрдсэн тооллогын комисс дүнг танилцуулна. Цахим тоолуураар явуулсан нууц санал хураалтын зөвхөн дүн гарах бөгөөд санал өгсөн гишүүдийн нэрс хадгалагдахгүй. Гишүүн шийдвэр гаргах асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл  санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзана гэсэн агуулгатай заалт бий. Хуулийн энэ заалтаар л нууц санал хураалт явуулчихвал маргаан үүсэхгүй байх.
Хэрвээ илээр санал хураалт явуулна гэвэл МАН ч гэхгүй АН-ын дарга нар гишүүдээ шууд харцаараа дарамтлах нь ойлгомжтой шүү дээ. АН-ын гишүүд дотор ч гэсэн Монголоо "хэрчих" сонирхолтой хүн бий. Гэхдээ МАН-ыг бодвол маш цөөхөн. Хэрвээ нууцаар санал хураалт явуулчихвал арай ч Монголоо 48 хуваачихгүй биз гэж найдаад байгаа юм. Нууц санал хураалт явуулах тохиолдолд МАН-ын дор хаяж 9-10 гишүүн пропорциональ болон энэ хувилбар давамгайлсан холимогийн төлөө санал өгөх байх гэж би хувьдаа найддаг. АН-ын 27-гийн 22-23-аас доошгүй нь пропорционалийн төлөө санал дугуйлчих болов уу. Д.Энхбат, З.Алтай, С.Оюун нарын байр суурь тодорхой. Ц.Шинэбаяр жижиг мажоритар тойргийн төлөө өгөх биз. Нууц санал хураалтаар сонгуулийнхаа хуулийг баталчихмаар байгаа юм. Одоохондоо хамгийн зөв гарц гэвэл энэ л байна. Тэгж чадахгүй бол илээр санал хурааж баталсан хуульд Ерөнхийлөгч хоригоо тавих хэрэгтэй. АН-ын 27, Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нар хоригийг дэмжвэл 48:28 хувилбараар сонгууль явуулах гэсэн МАН-ын санаархал бүтэхгүй. МАН олонх ч хоригийг дангаараа эсэргүүцэх гуравны хоёр болж чадахгүй юм чинь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)