Нутгийн наадам

Дөнгөтийн ЦООДОЛ /Ардын уран зохиолч/

Бүрэнгийн наадам аварга баавартай. Зүгээр нэг “Түмэн эх” тавиад, морь, бөхөө гаргаад эхэлчихгүй. Олон хоногийн өмнөөс эхэлнэ.

-Хайя, та нар наад хөхүүр битгий элгийг нь эвхүүлчих. Наадмын айраг хурааж байна! Хээрийгээ ... буурлыгаа цавдирыгаа тарлалаа...үсэргэлээ, сунгалаа, уяа нь сайхан таарчээ... болоогүй л байна даа, дахиад хөлс авахаас ... нэг л шүрлэж өгөхгүй байна ... нэмнэхээс энэ тэр гэхээс наадам эхэлдэг.

Тэр ч байтугай уяач, наадамчдын майхан сумын төвд Баянтөхөмийн хөндийгөөр хуарагнаад буучихсан гэр майхны гаднаас утаа суунаглаж, морио идээшлүүлсэн егзөр уяачид, идэр хөвгүүд өглөө морио хөтөлсөөр уяа руугаа ирж байхад ч уяачдын ажил дуусаагүй л байдаг. Үүнээс өмнө үүр өглөөний үүлсийн өнгө шинжиж ямар зүсмийн морьд энэ наадмаар түрүүлэх өнгөлөхийг харан тэнгэртэй ярина гэж лут ажил бий.

-Энэ тэнгэрийг хараач хө, Тэрбишийн хул Далхын хүрэн ч гүйцэгдэхгүй нь дээ. Махмунийн хүрэн соёолонгийн өмнө гишгэх амьтан лав гарахгүй нь ээ...

-Үгүй ээ чи буруу харж байна. Энэ үүлний янз алаг, эсвэл бүгээн талдаа адуу хурдална гэж хэлээд байна гэм дээ, хөөе гэцгээх.

Наадам уяачдын хавиар болоод өнгөрдөг ажил ч бас биш. Наадмын идээ бэлтгэнэ гээд айлын авгай хүүхнүүд бас хөөрхөн ажил болно. Наадамчдын майхны идээ зоог өнгөтэй сайхан, дүүрэн түвшин байх ёстой гэж Бүрэнгийхэн үеийн үед үзсээр ирсэн шинжтэй байдаг. Мантгар мантгар бяслаг шахаж, сайхан цагаан ааруул тавьж, өрмөө дарайтал байлгаж, бүрхээр тогоо угсраад ээдэм ханхалж, муухан виноноос чанга дарс нэрнэ. Анхиа муутай авгай нь нэрсэн сувснаас болж айл өрх, нөхрийн нь нэр гараасай гэж манай хонхрын хүүхнүүд санах улс биш ээ. Чингээд ч наадмын ажил дуусахгүй. Адаглаад л наадамд унах морьдын дэл засах, дээлний хаваас авах, товчийг нь хадах, хурдан морины болон тэднээс ч бага хүүхдийн хөөрхөн эрвээлжний угсуурга хийх, дөрөөний сур тааруулах гээд ажил ундарна. Харин наадмын өглөө гэхэд ажил жин тан болсон байдаг.

Манайхан Талын булагт байсныг санаж байна. Шар хотгор хэмээх, урагшаа хараад хэвтэж байгаа тэмээ шиг ухаагийн хотосоор нар дөнгөж хөөрч байхад наадамд явах улс аль хэдийн хотноосоо мордсон байдаг. Наадамчдын тоос их эрт гарна гэсэн үг.

Сумын төвөөс харахад Талын булаг, Дулаан, Далантүрүүн, Ар сүүж, Түмийн замаар бөөн бөөн морьтон сумын төв руу ар араасаа цувж гарна.

Наадамд хэн бүхэн юу байдгаараа жинхэнэ хуу гоёно доо. Хонь, хурга, сүү, сааль, аргал ус энээ тэрээ болж явахад хаа байгаа нь бүү мэд осолдохгүй аль нэг авдрын ёроолд хэвтсэн сувдан даруулга, эвхээс гарсан торгон дээл, бажгар дурдан бүс, орны ширгүүд шондоостой байдаг мөнгөн эмээл, мөнгөн тоногтой зандан ташуураа гарган гоёсон хүүхнүүд, энэ чинь нөгөө хэний авгай мөн үү, биш үү гэмээр гоё гоё амьтад алхаа сайвар морин дээр дуу орж сэргэчихсэн намбайхаараа намбайчихсан явдаг. Эрчүүл харин гайгүй дээ, угалзтай цулгуй аятайхан монгол гутал, морины явдалд хаячихна гээд барагтай бол зуудаггүй цагаан хаш, ногоон пийсүү соруултай гаанс, голдуу хуучин зузаан эсгий өргөн хүрээтэй бүрх тавьж, мориороо гоёно.

Наадам бол төрийн явдал гэж үзэцгээнэ. Дуутын борлог гэдэг цуутай ороо морьтой, гаднаа өндөр талхиар сур элдэж, хэмхэрч үхэх нь гэж хүүхдүүд айлынхан нь хориод байхад үгэнд нь орохгүй хүмүүс аль хэдийн тоохоо больсон онгорхой хар цахиур буу үүрэн Өндөрмагнай, Арвинбор толгойгоор гөрөөс агнана гэж сүр болж, бусад цагт гэрээс гарах дээл солих нь ховор дуут Доржпалам гэдэг хар өвгөн байсан сан. Хамгийн хээгүй энэхүн хүртэл хэдий үеийн ч юм бэ халхгар улаан чисчүү дээл, багачууд бидний үзээгүй өндөр оройтой хилэн малгай тавьж, бага жороо их сайвар буурал халзан мориороо наадамд дунхалзаж хүрдэг байсныг бодоход өөр хэн эс гоёх сон билээ. Далантүрүүн, Гүннуур хавиар нутагтай огно Дорж гэгч шалбалзсан шар хар хүн яаж гайхуулж яваа нь тэр юм наадмын халуун өдөр зулбандуу минжин оройвч малгайтай жороо зээрд морьтой олны дэргэдүүр тавьж татаад өнгөрөхөд салхи хөдөлж, сэрүү татах шиг болдог сон. Морь уясан уяагүй, наадамд явсан яваагүй айлууд уяан дээрээ сан сун тавих нь ёс. Наадам болов, төлөг сүүллэв гэж айлууд орох дургүй хот руугаа орж шөл ууцгаана.

Хойгуур нь эгнэсэн олон уулсын хөлд ажин түжиндүүхэн байдаг сумын жаахан төв баярласан хүүхэд шиг өнгө орж орхих. Наадмын төв асар босгох гээд хэдэн лүглэгэр эр татаж чангаан гадас, сүх болцгоож байна. Харвал сүүн тасгийн Дандиваа, худаг усны Санжаадорж, нэгдлийн Цэдэндамба, Чагнаа, тракторчин Жигмэд, эмч Раднаа, жолооч Пүрэв гээд дандаа лүглийсэн лүглийсэн эр. Санах нь ээ, ноднин, ер ноднин ч биш цаад цаадын олон наадмаар мөн л эд нар асар майхан босгож, агуулахаас айргийн том ган морин тэргээр авчирч олон дөчийн саваар айраг зөөж авчирч, сөнгөө дүүргэж айрагнаасаа ээлжлэн цөлж, нойтон сахалтай зогсоцгоосон санагдах. Хаа газар чих зөөлөн хүнд хүчир ажил нугаламхай ийм нэг хэдэн лүглэгэр байх юм шив дээ. Бөх хөлийн цэцийн майхан босож, асрын өмнө төрийн далбаа мандуулаад наадмын талбай бэлэн болно. Хүүхдүүд гийнгоолон морьд талбайгаа тойрч, гараанаасаа гарна. Дондивын хүрэн, ээрүү Далхын хүрэн, Дагвадоржийн хээр, Мандалсүрэнгийн ухаа, хуцан Тогмидын халиун, Тэрбишийн хул, Цэвээнжавын бор, Зэсэмийн бор, жолооч Гомбодоржийн саарал.... гээд зөвхөн азарга их нас гэхэд ямар ч олон сайхан алтан туурайт аргамгийн дээд наадмын талбай тойрч уясан эзэн наадамчин олноо баярлуулан цэнгүүлж явсан юмбол доо.

Наадмын асарт сум намынхан, аварга тэр, энэ гэгддэг олон малчин байраа эзэлж, түрүүчийн морин тэргээр авчирсан ган айргаар дүүрээд, жил болгон халаагүй түшсээр наадамчид андахаа байсан Тангад гуай шанагаа аваад дуучид “Түмний эх” гаргаж наадам эхэлдэг байсан. Сумын их дууч Сосорын Намхай, миний эцэг Баясгалангийн Дөнгөт, Мижидийн Бат, Хишигтийн Дэндэв арай сүүлд Ондогийн Хөгөнд, Тэрбишийн Дашням гээд “Түмэн эх”-ээ хэнхэр хэнхэр тавьдаг аралтай аралтай дуучдын дуу Сарваа цуцахын их хөндийн жаврыг жилдээ тэгж нэг үргээдэг байлаа. Тангад сөнчийнх нь сүртэй сүндэртэйг яана. Залуудаа хязаалан үрээн дээр мордоод ууцыг нь хугалж, насаараа тэмээ унасан түүнийг бухан Тангад гэдэг. Гар нь хүрзэрхүү, хөл нь хот цэвэрлэдэг гаапуурхуу гэдэг, манай сумыхан хүүхдээ хадны мангаагаар биш, Тангаад хэлнэ гэж айлгадаг байсан. Бараг бага гэрийн бүрээсэрхүү цагаан халаад өмсөж, өөртөө таарсан модон шанага барьсан Тангаа айраг аягалж, гангийнхаа дэргэд идэвхтэй нь аргагүй зогсоно. Нэг бэрх нь, сонинд ороосон, бядгүй эрийн долоовроос бүдүүн тамхиа сорж, утаа суунаглуулан хавийхнаа утаж гүйцэх. Ямар сайндаа нэг хүн наадам болох нь ээ гэхэд Дондивын хүрэнгийн тоос, бухан Тангадын утаа хоёроор утуулах нь дахиад л болчихжээ гэхэд, цаг амархан юм аа гэж нөгөөх нь хэлж байхав дээ. Тэгж байтал бөх гарах цаг болчихно. Зүүн талын засуул дээр заан Чоймбол, баруун талынхад цэргийн начин Дугаржав гэж засуулын хоолой хангинана. Хоёр ахмад бөх чухамхүү үүнийг бүтэн жил тэсэж ядан хүлээж байсан юм шиг дайчин, цогтой ч гэмээр яаруу тэвдүү ч гэмээр дэвэн дэлэн нүдээ анин, харан, мэхэс тахис мөн ч сүртэй гарна даа. Асрын өмнө засуулаа ганхтал Бүрэн, Хайрхан, Баян-Уул, Булгуудын хярыг нэг, Хоёр төхөмийн нуурыг нэг харан, дэвээд л байна дэвээд л байна. Бөх барилдах яах вэ, энэ хоёрын дэвэх шавах, өрөх их сайхан байсан болов уу. Ямар ч гэсэн бөхөө тавьж, Улсын заан мундаг Навааны төрсөн дүү Цэдэнсодном, Дүндэв заан, Цэвэгдоржийн хөвгүүд ах дүү өндөр Цэдэндамба, Цэрэнпүрэв, Даваагийн Дугаржав гээд сайхан эрс барилдаж л байна, давж унаж, давж түрүүлж л байна.

Цавчир, Улаанхудаг хүрч эргэсэн морьд Сарваа цуцахын их талыг туулан барианд орж. дараах насны морьд гарч л байна. Уралдаан ч тэр барилдаан ч тэр сайхан болно оо. Бөх морь будилна, самуурна гэж үгүй. Монгол газарт наадаж байхад тоомсог, эрлийз давхиж үймүүлнэ гэж байх биш. Мөрддөг өндөр ёс, мөргөж шүтдэг бурхан шүтээнтэй хүмүүс тэгдэггүй юм. Шороотой бөх дэвэх, нас гарааны будлиантай моринд пайз атгуулахыг нэг нүдээр үздэггүй наадам минь!

Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууныхан 1924 оноос Бүрэн сум гэгдсэн үеэсээ л магадгүй түүнээс ч өмнө наадаж сурсан ард зон гэвэл манай сумынхан даа. Наадмын хуушуургүй ямар наадам байх вэ, дөвийлгөлгүй хэлэхэд энэ сумын хуушуур л гэж иймнэг (амьтад) байдаг юм байлгүй гэмээр зузаан зузаан шар хуушуур өмнөө овоолчихсон хот айлаараа, саахалтаараа тойроод суучихсан бүр нэг идэж, ууж байгаа царайтай улсын нүүр царай одоо ч харагдах шиг болж байна. Манай залгаа суманд ардын ерөөлч Нарангийн Тэрбиш наадам үзэж явжээ.

-Чи их сүрхий цэцэн цэлмэг хүн гэнэлээ. Наадмыг маань ерөө гэцгээсэн юм биз дээ. Ерөөлч ерөөж өгөхгүй цааргалаад цаадуул нь шахаад байжээ. Сүүлдээ булиа Норов бөхтэй, бухын махан гуанзантай... гээд ерөөж эхэлсэнд хүмүүс шуугьж,

-Тэрбиш минь боль боль дараа ирж ерөөгөөрэй гэсэн шиг явдал Бүрэнд гарч байсангүй ээ. Наадам гэгч ганц ходоодны баяр ч байсангүй. Сумын улаан буланд “Учиртай гурав” тоглоно. Улаанбулангийн гадаа морьд шаваастай. Ренчинмядаг, Гангадар, Юндэн болж байна. Загд, Должин, Сугар Нансалмаа болоод... гэлцэж байв. Сүүлдээ улаан хошуут Цэдэндамбаа, элбэг Батсүх. Юндэн, багш Улаанхүүхэн Нансалмаа болоод гэлцдэг байлаа. Ганц энэ биш ер нь энэ нутгийнхан хэзээний дуу хуур, инээд наргианд дуртай түүнийг нь дагадагсан уу содон, сонин хүн ч их төрдөг газар. Дээр өгүүлдэг Тангад бол сониноос сонин хүн. Ер бусын том тэр хүн насаараа амьтны амь хороогоогүй, ная гартлаа цагаан хоол хэрэглэж явсаар буцсан. Дээнэн гэдэг сонин нэртэй, онцгой хурдан хүн байв. Тэр ямар ч морьтой уралдсан хоцордоггүй. Нохой өдөж зориуд юм хаяж өгөөд сумын урд Булгуудын хярын Шарга толгойн араас Тарвагатын ар оруулж эцээгээд хоцролгүй очиход нохой нь эцэж, Дээнэн дажгүй сууж байсан гэх. Зудтай, адуу, тэмээ сөхөдсөн их цасанд нутгийнхаа айлуудын гэрийг үүрч, өвгөд, эмгэдийг дээр нь суулгаад нүүлгэдэг байсан бөх Содном гэгч их хүчтэний тухай буурлууд одоо ч ярьдаг.

1990 он гэхэд Монгол Улс уртаашаа ганц зурхайчтай байсан гэхэд болмоор. Дашдамба тавин жил цаг тооны бичиг зохиож, монголчууд Цагаан сар сайн, муу өдрөө ялгахтайгаа байлаа. Одоо морины хөлс хусаж зодогтой, зарим нь дээлтэйгээ барилдаж, наадам үзэж амжаагүй айл хунарынхандаа аваачиж өгөх гэж наадмын хуушуур боож хариад баярын сонин бүтэн жил ярих гэж ам хамар нь загатнаж яваа энэ хүмүүсээс Монгол Улсын нэгэн цагийн хаан Жамсрангийн Самбуу төрсөн юм.

Наадам оройхондоо уяачдын майхнаад шилжинэ. Тэнд айраг цагаа, алиа зугаа аль аль нь сав дүүрэн. Дуулахгүй дуугарахгүй айраг цагаа гэж үгүй. Түр зоосон уяан дээр амгай халган гоё гоё мөнгөн чимэг нь сарны туяанд цайрсан эмээлээ шилгээн зогсоогүй сайхан хүлэг ч тэнд ховор. Хэзээ нэгтээ ажаагийнхаа, ахынхаа эмээлийг тохож томдсон бүрхээр нь гоёод наадамлаж явсан миний ижил ямар олон хөвгүүн Бүрэнгийн зартай сайхан хүүхэн Баднайнямбуугийн Зэдэгмаа, Доржпаламын Дуламжав, Цэнддаваагийн Шоох нарын охин хонгор нас хойч үеийхэндээ буцаад буцаад ирсэн юм шиг хэчнээн олон хар нүдэнг наадмын талбай, уяачдын майхан морины уяаны дэргэд анх удаа нүүр тулан харж, хөлтэй наадмын хаахна эмнэг сэтгэлээ булгилууланхан учраа бол доо! Тэдний хэд хэчнээн нь эргэн эргэн уулзаж, бие биенээ санасаар Бүрэнгийнхээ альхан дэнжид утаагаа гаргаж, уур, нүдүүрээ дуугаргаж явдаг юм бол доо. Тэд минь Бүрэндээ, Бүрэнгээрээ, Монголоороо яваасай билээ гэж би улам их бодох болжээ. Наадам дуулаад л баймаар сайхан дуу шиг, үзэж ханашгүй сонин сүүдэр ший шиг, хэчнээн сайхан ч дорхноо дуусна. Наадам дуусахад хойтон жилийн наадам хол байна даа гэх шиг бодогдоод сэтгэл жаахан гунигтай болдог. Майхан сав энээ тэрээгээ ачин дэлгүүрээр шурхийн хүүхэд хөгшдөдөө нүдийг нь хуурах юм аваад, гэр гэрийн зүг буцахад наадмын талбай шарласхийн үлдэж, тэмээ ачаан дээр урт ишт гар хадуур сэрэлзэх нь намрын их ажлын өдрүүд эхэлсний дохио билээ. Наадамд уралдсан морьд хөтлүүлсээр их замаар буцаж явахад хөхөлд нь цэнхэр хадаг хийсэж, ирэх жилийн наадам руугаа явж байгаа юм шиг их талаар морьтны цуваа гэр гэрийн зүг цуварна. Ертөнцийн хамгийн сайхан наадам-сумын наадам-Бүрэнгийн наадам энэхэн удаа өндөрлөжээ, хөөрхий.

1990 он


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)