Нурах эрсдэлтэй 234 барилга байна

Барилгуудын чанарыг үнэлж, паспортолгох талаар манай улсад нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсан ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй. Тэгвэл уг ажлыг эхлүүлж, барилгуудыг үнэлж эхэлжээ. Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан 1937 барилга бий аж. Үүний 1413 нь орон сууц. Одоогоор 658 барилгын чанарыг үнэлж, дүгнэлт гаргажээ. Тэдгээрийн 93-ыг газар хөдлөлтөд тэсвэртэй болгон, хүчитгэх шаардлагатай гэнэ. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй буюу нурах эрсдэлтэй 234 барилга байгааг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. 

Нурах эрсдэлтэй барилгад амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тус газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд баталснаар шаардлага хангахгүй барилгыг буулган, шинэчлэн барих эрх зүйн орчин бүрдсэн. Бид дээрх хуулийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх талаар оршин суугчдаас санал асуулга авч байгаа. 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжлээ. Одоогоор 27 орон сууц буулгаж, 931 айлын есөн байр ашиглалтад оруулсан. Энэ онд багтаан дахин хэд хэдэн орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж буй” гэв.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)