“Но”-той нэг хувь

Жижиг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэг хувь болгох сонирхол үнэн хэрэгтээ Засгийн газарт байхгүй. Төсвийн орлого бүрдэхгүй зовоох болсон, үүнээс гадна өрөнд баригдсан энэ үед тэд нэг төгрөг ч болтугай илүү цуглуулахыг бодно. “Хүсээгүй хүүхэд” гэдэг шиг татварыг нэг хувь болгож буй нь УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлэх, орон нутгийн сонгуульд оноо нэмэхийн тулд хүчээр хийсэн ажил. Тиймдээ ч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, татварыг нь нэг хувь болгох саналыг бэсрэг хүрээнийхэнд зориулжээ.

Хүнсний бүтээгдэхүүн, нэхмэлийн болон хувцас, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагааны татварыг хөнгөлөх саналыг Засгийн газар гаргасан. Өдгөө УИХ-аар хэлэлцүүлж буй хуулийн төсөлд “...жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бөгөөд дор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг, ... татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж тусгажээ. Дор дурдсан гэдэгт хөнгөлөлт үзүүлэхээр санал гаргаад буй дөрвөн салбар багтаж буй юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны төсвийн тухай хуулийг өргөн барьсныхаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэрээ дээрх дөрвөн салбарт ажиллаж буй 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үндсэн үйл ажиллагааны ашигт 10 хувиар ногдох татварыг есөн пунктээр бууруулан, нэг хувиар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж ярьж байв. Аж ахуйн нэгжийн орлогод ногдох татварыг нь 90 хувиар хөнгөлснөөс ашигт ногдох татварыг нь бууруулбал Засгийн газарт ашигтай. Засгийг газрын үндсэн зорилго төсвийн орлогыг нэмэгдүүлэх, алдагдлыг нь бууруулах, өрийн дарамтыг багасгах шүү дээ. Тиймээс багахан хөнгөлөлт үзүүлээд амлалтаа биелүүлсэн нэр зүүх нь тэдний үндсэн зорилгод нийцнэ. Дашрамд дурдахад, Сангийн сайд шүүмжлүүлэнгүүтээ хуулийн төслөө ашигт биш, нийт орлогод ногдох татвараас хөнгөлнө гээд засчихсан бололтой.

“Дотоодын түүхий эдийн боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох замаар гадагш урсаж буй валютын урсгалыг зогсоох зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт орууллаа” гэж Сангийн яамныхан тайлбартаа бичжээ. Ийм шалгуураар л тэр дөрвөн салбарын татварыг хөнгөлөхөөр сонгож. Дээрх дөрвөөс өөр шалгуурт тэнцэх салбар байсан уу, үгүй юү? Эдгээр нь онцгойлон татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай салбарууд мөн үү гэдэг асуулт хариулт нэхнэ. Лавтай “төрийн асрамж”-нд байдаг газар тариалангийн салбарт татварын хөнгөлөлт эдлүүлэх шаардлагагүй мэт. Тариаланчдад жил бүр улсаас татаас өгч байгаа. Түүнчлэн маш бага хүүтэй хөнгөлөлттэй зээлээр байнга тэтгэдэг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тэд одоогийн байдлаар 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүртээд байгаа юм. Тооцож үзвэл, 1500 га талбайтай, нэг га-гаас 15 центнер ургац хураадаг компани татварын хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Энэ бол том талбайтай компанид тооцогдоно. Тэгэхээр тариалангийн бараг бүх компани татвараа хөнгөлүүлнэ гэсэн үг. УИХ, Засгийн газрын гишүүдийн лообийгоор ч газар тариалангийн компаниудын татварыг хөнгөлж байна гэж хардах үндэстэй. Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ гээд цувуулан бичвэл Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтийн сав газарт тариалангийн талбайтай улстөрчдийн жагсаалт цааш хөвөрнө. Барилгын материалын үйлдвэрүүдэд ч Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл олгож байсныг санах хэрэгтэй.

Хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нар нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, Г.Занданшатар мэдээллийн технологийн үйлчилгээнийхний татварыг хөнгөлөх санал гаргасан. Мөн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ нар программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа, О.Батнасан мод, жимс, жимсгэнэ үржүүлэх аж ахуй эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах санал гаргасан юм. Тэдний саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн. Ийнхүү татварын хөнгөлөлт эдлүүлэх салбарын тоо ес болж үржээд байна. Сангийн яамныхны “Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, ам.долларын гадагшлах урсгалыг зогсоох” гэх мэт итгэл төрүүлэм үзэл баримтлал ч лөөлөө боллоо. УИХ-ын гишүүн бүр их бага хэмжээний бизнестэй. Тэд бизнесийн бүх салбарт гар, хөлөө дүрсэн гэхэд хилсдэхгүй. Иймээс л Засгийн газрын тайлбарыг үл харгалзан татварыг нь хөнгөлөх салбарын тоог нэмсээр байгаа хэрэг.

Жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалт хийдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид бүгд л татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүсэж байгаа. Хэн ч гадуурхагдаж хоцрохыг хүсэхгүй. Барилгын материалын болон хэвлэх үйлдвэр юугаараа ялгаатай вэ? Хэвлэх үйлдвэрүүд ажилласнаар ном хэвлүүлэхээр Хятад руу урсгадаг мөнгө багасаж л байгаа. Тэгэхээр импортыг орлож байгаа үйлдвэрлэл биш үү? Нийтийн хоол, ахуйн үйлчилгээнийхнээс үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж буй компани юугаараа ялгаатай вэ? Дээрх есөн салбарыг онцгойлбол шударга ёсонд нийцэхгүй.

Тодорхой хязгаар тогтоон татвараас хөнгөлөх нь өөр нэг сөрөг талтай. Тэр нь компаниуд хуваагдах, олон жижиг аж ахуйн нэгж болж задрах явдал. Борлуулалтын орлого нь хоёр тэрбум төгрөгт хүрдэг блокны үйлдвэр хоёр компани болж хуваагдах магадлал тун өндөр. Ингэвэл орлогын албан татвар нь 90 хувиар буурна. Жилд орлогын албан татварт 200 сая төгрөг төлдөг байсан бол 20-хон саяыг хураалгах юм. Татварыг нь хөнгөлсөн салбарын компаниуд бүгд ийм боломжийг ашиглахыг хичээнэ. НӨАТ-ын төлөгчийн босго 10 сая төгрөг байх үед нэг хүн 60 компани байгуулсан тохиолдол гарч байсан гэдэг. Жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай том компаниуд хуваагдаад эхэлбэл яана вэ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав л гэхэд жилд сая тоннын хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийн эзэн. Магадгүй барилгын материалын үйлдвэрийн татварыг хөнгөлүүлэх лообийг “барилгачин” гишүүд хийсэн байх ч магадлалтай. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” компани барилгын салбарт маш идэвхтэй ажилладгийг олон нийт мэднэ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг одоогийн хувилбараар нь баталбал манайд нэг хувийн татвартай нэг хэсэг жижиг компани, салбарын ялгаанаас шалтгаалаад нэг хувийн татварт багтаагүй гэсэн “гомдолтой” 10 хувийн татвар төлдөг бас нэг хэсэг аж ахуйн нэгж бий болно. Мөн нууж хаах, хуваагдах боломжгүй, 10 хувийн татвараа үг дуугүй төлдгүүд, 25 хувийн татвар төлдөг томууд бий болно. Товчхондоо, Монголын татварын орчин нэг, 10, 25 хувийн гэсэн гурван шатлалтай болох юм. Үүнийг УИХ-ын зарим гишүүн, судлаач алдаатай бодлого гэж үзэж буй. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Жижиг аж ахуйн нэгжүүдээс 10 хувийн татвараа ялгаварлалгүй хураах ёстой. Харин дэмжих салбарууддаа 90 хувийн татварыг нь эргүүлэн олгож урамшуулах хэрэгтэй. Татварыг нь шууд хөнгөлөх биш, дараа нь урамшуулах бодлого баримталбал зөв бодлого болно” гэсэн байр суурь илэрхийлж байгаа.

Манай татварын шатлал, урамшууллын бодлогыг өөрчлөх цаг зайлшгүй ирсэн. Гурван тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 25 хувийн татвар төлдөг. Иймээс компаниуд олон жижиг хэсэг болж хуваагдах, хуурамч тайлан гаргаж, татвараас зугтах явдал газар авсан. 1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжээс 10, 10 тэрбумаас дээшихээс нь 20 хувийн татвар хурааснаар компаниуд татвараа шударгаар төлдөг болно гэсэн тооцоог өмнөх Засгийн газрын үед хийсэн байдаг. Харин 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд татварын урамшуулал олгож болно гэдэгт улс төрийн гол хүчнүүд санал нэгдэж байгаа. Яаран ялгаварласан, олны эгдүүцлийг төрүүлсэн шийдвэр гаргах хэрэг байна уу. Жижиг аж ахуйн нэгжүүдэд татварын ямаршуухан хөнгөлөлт үзүүлэхээ сайтар судалсны эцэст татварын хуулийн багц шинэчлэлтэйгээ уялдуулан өөрчлөхөд ч хожимдохгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)