“Ноён уулыг тусгай хамгаалалтад авах төслийг энэ долоо хоногт өргөн барина”

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Уг төслийн дагуу зургаан аймгийн 13 сумыг хамрах газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.2 сая га буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэх аж. Хамруулах гэж буй газар нутгийг тодруулбал;

  1. Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  2. Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж, байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  4. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа, Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  5. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан-Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
  6. Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  7. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур, Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  9. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар,
  10. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөн, хилийн заагийг өөрчилж, төрийн тусгай хамгаалалтад авах юм.

324.8 САЯ ТӨГРӨГ ШААРДСАН ТӨСӨЛ

Үүнтэй холбоотойгоор Онон, Балжийн болон Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчийн тоог таваар нэмж, жилийн төсөвт 30.4, Хомын талын, Ачит нуур, Дэвэл арлын болон Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газарт шинээр хамгаалалтын захиргаа байгуулж, жилийн төсөвт ойролцоогоор 294.4 сая төгрөг тусгах шаардлагатай болж буй аж. Харин байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авч буй дөрвөн газрын хамгаалалт, менежментийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулах гэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн Ноён уулыг тусгай хамгаалалтад хэзээ авахыг тодруулсан. Мөн Монгол Улсын газар нутгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн бүс нутаг болгон төрөлжүүлэн хөгжүүлэх нэгдсэн бодлого бий, эсэхийг лавлаж байлаа. Ноён уултай холбоотой маргааныг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул энэ долоо хоногт багтаан тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих гэж буйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэв. Мөн тэрбээр юуны түрүүнд уул уурхайн бүс нутгаа тодорхой болгох чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ажиллаж байгааг хэллээ.

Дараа нь Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив. Өдгөө манай орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст, дээд ургамал бүртгэгдээд буй. Үүнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) бүхий 70 зүйл ургамал бий аж. Эдгээрээс 3160 зүйл гуурст, дээд ургамалд үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүссэнийг сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Үүний зэрэгцээ нийт бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь ямар нэг байдлаар доройтсон нь ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөргөөр нөлөөлж, түүний бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтэц өөрчлөгдөх гол шалтгаан болж буй аж. Нөгөө талаас байгалийн ургамал ховордож буй шалтгааны 59.3 хувь нь хүний нөлөө, 38.6 нь нөөцийн хэт ашиглалт, 47.3 нь байгалийн гамшгаас үүдэлтэйг тогтоожээ.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ БОЛ УРГАМАЛ ТҮҮЖ, БЭЛТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Эдгээр асуудлыг шийдэхэд 1995 онд баталсан Байгалийн ургамлын тухай хууль шаардлага хангахгүй, олон улсын жишгээс хоцорсон гэж үзэж Засгийн газраас эл хуулийн төслийг санаачилсан байна. Онцлог заалтуудаас нь дурдвал, нутаг орны хэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд тарималжуулан, хадгалан хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын гений санд хадгалан хамгаалах гэнэ. 

Үүний сацуу экосистемийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулах, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох юм байна. Одоогоор 82 харь зүйл ургамал бүртгэгджээ. Дээрх ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин, үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр тусгажээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж, бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, эл үүргээ биелүүлээгүй бол ийм зөвшөөрөл дахин олгохыг хориглох аж. Мөн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж, бэлтгэх хэмжээг тодорхой болгох юм байна. Ингэхдээ зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар, зөвшөөрөлтэйгөөр ашиглахаар хуульчлах нь. Үүний зэрэгцээ мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой зохицуулалтыг нэгдэн орсон конвенц болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуультай уялдуулах аж.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хууль батлаад орхих бус, салбарын яам, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэд, малчдыг соён гэгээрүүлж, тэднийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах, мэдээллээр хангах шаардлагатайг хэлж байлаа. Сайд Н.Цэрэнбат цаашдаа ургамлын банк байгуулж, тусдаа судалгаа хийх, доройтсон бүс нутагт дахин эко систем бий болгож, сэргээх нөхцөлийг уг хуулиар нээж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)