Норвегийн парламентын ерөнхийлөгчтэй уулзав

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын парламентын ерөнхийлөгч, хатагтай Тоне Уихельмсен Троэнтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсныхаа дараа уулзалтаа эхлүүлж, айлчлал амжилттай болсныг тэмдэглэв. Ингэхдээ айлчлалын хүрээнд хөндөж ярилцсан асуудлуудад өндөр хэмжээнд анхаарал хандуулахыг хүссэн байна. Ялангуяа Норвегийн баялгийн сангийн загвар, менежментээс суралцаж, хамтран ажиллах саналтай буйгаа бататгажээ. Хатагтай Троэн мөн “Норвег хүн бүр баялаг өөрийнх нь гэдэгт итгэдэг нь манай сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” тул үүнийг үүсгэн байгуулсан, өдий хүртэл амжилттай авч яваа мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Үүний хүрээнд тэд тус сангийн загвар менежментийг нь боловсруулсан мэргэжилтнүүдийг манай улс руу илгээх, хамтран ажиллах талаар ярилцсан юм. Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх талаар санал солилцож, салбарын болон өндөр, дээд түвшинд ямар чиглэлээр, хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)