Ноос, ноолууран бүтээгдэхүүний Технологийн төв байгуулах нь

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засаг, хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг бичигт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Дэ Фелип нар гарын үсэг зурсан бөгөөд манай улсын нэхмэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, хоёр орны эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор ноос, ноолууран бүтээгдэхүүн, нэхмэл, сүлжмэл эдлэлийн Технологийн төв байгуулах болсноо мэдээлсэн юм. 

Тус төвийг байгуулах судалгааг Монголын ноос, ноолуурын холбоо болон холбогдох албаныхан хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан Италийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар төлөвлөжээ. Ингэснээр манай улсаас дотоод, гадаадын зах зээлд гаргадаг бүрэн боловсруулсан, чанар сайтай, дэлхийн стандартад нийцсэн ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүний хэмжээ 50 хүртэлх хувиар өсөх төдийгүй эл салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх, анхдагч түүхий эдийнхээ чанарт хяналт тавих, сайжруулах боломж бүрдэх аж. 

Ташрамд дурдахад, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологиор Итали улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн онд манай үйлдвэрлэгчид тус улсаас 10.7 сая еврогийн тоног төхөөрөмж худалдан авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)