Ноосны үнэ өссөний зол ба зовлон

Манай улс 30 гаруй сая хонь, 1.2 сая сарлаг, тэмээтэй бөгөөд жилд 33 ор­ чим мянган тонн ноос авдаг. Үүний дийлэнхийг хонины ноос эзэлдэг ба 60 гаруй хувийг нь угаах болон дараагийн боловсруулалтад оруулан Хятад, Орос руу экспортолдог аж. Үлдсэн ноос нь дотоодын үйлдвэрлэгчдэд ногддог байна. Хэдхэн жилийн өмнө нэг кг нь 500 төгрөгт хүрч үнэгүйдээд байсан хонины ноос энэ жил 3500-д хүрчээ. Энэ нь нэг талаас сайшаалтай боловч нөгөө талаас бэрхшээл дагуулж буй аж. Олзуурхахын учир нь малчдын орлого нэмэгдсэн хэрэг. Харин үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдээ худалдан авч чадахгүйд хүрч буй нь бэрхшээл дагуулжээ. Ноосны үнэ өсөх болсон нь олон шалтгаантай. Юуны түрүүнд, дэлхийн зах зээлд нийлэг, химийн гаралтай материалаар хийсэн бү­ тээгдэхүүний хэрэглээ хумигдаж, байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн даавууны үнэ өсөх болжээ. Мөн Хөдөө аж ахуйн биржийнхэн энэ оны нэгдүгээр сард урд хөршийн түүхий эдийн томоохон биржтэй гэрээ байгуулсан нь ч нөлөөлж буй. Уг гэрээнд угаах болон дараагийн боловсруулалтад оруулсан ноосыг дундын зуучлагчгүй экспортлох боломжийг тусгасан учраас тэр. Үүний үр дүнд хонины ноос одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдэд тушааж, урамшуулал авах нөхцөлтэйгөөр кг нь 2500, хувь хүнд худалдахад 3000-3500 төгрөгийн ашгийг малчдад өгч буй.

Ноосны урамшуулал өгч эхэлснээс хойш өдий хүртэл 130 орчим тэрбум төгрөгийг малч­ дад олгосон байна. Энэ жил ч 27 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Харин урамшуулал хэрэгтэй, эсэхэд эргэлзэх хүмүүс бас бий. Ноосонд урамшуулал олгосноор үндэсний үйлдвэрүүд түү­ хий эдийн хомсдолгүй болж, үйл ажиллагаа нь хэвийн, тасралтгүй явагдах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, технологийн шинэчлэл хийх боломж бүрджээ. Түүнчлэн ноосноос био бордоо, барилгын дулаалгын материал, хөнгөн блок зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноор ажлын байр нэмэгдэж, ноосыг хаягдалгүй, бүрэн ашиглах болсон байна. Ноосны урамшууллыг даган хөдөө орон нутагт эсгийний 70 орчим үйлдвэр, нийслэлд ноосон даавуу үйлдвэрлэх, боловруулах үйлдвэрийн иж бү­ рэн шугам, барилгын материалын үйлдвэр зэрэг олон аж ахуйн нэгж үүдээ нээж, бүтээн байгуулалт өрнөжээ. Үүнийг дагаад 3000 гаруй ажлын байр нэмэгдсэн гэдгийг Ноос, ноолуурын холбооныхон дурдсан юм. Харин мал­ чид үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмждэг талаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Цогоо “Би өнгөрсөн өвлийн мал тооллогоор 110 орчим хонь тоолуулсан. Саяхан хоршоонд 240 кг ноосыг кг-ыг нь 2500 төгрөгөөр тушаалаа. Ирэх өвөл урамшуулалд тоолуулсан хонь бүртээ мянга буюу нийт 110 мянган төгрөг авах юм. Урамшууллын мөнгө авахад ажил ихтэй, удаж байж дансанд ордог нь бэрхшээлтэй” гэлээ.

Мөн Ховд аймгийн Дуут сумын малчин Ж.Чимэд-Очир “Ноосоо хоршоонд өгч урамшуулал авч үзсэн. Урамшууллын мөнгийг малчдад шилжүүлэх явц удаан байдаг. Мөн хувь хүнд борлуулах нь тухайн үедээ ахиу үнэтэй байдаг тул хоршоонд тушаахаа болисон. Үнэгүйдээд байсан ноос боломжийн ханштай болсон нь амьдрал ахуйд дэмтэй байна” гэлээ. Манай улс ноос, ноолуураар эцсийн бү­ тээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой ч одоогоор үйлдвэрлэл хөгжөөгүй, түүхий эдээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Дэлхийн ноос, ноолууран бү­ тээгдэхүүний зах зээлд 3.2 тэрбум “ногоон” эргэлддэг ч ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаар бүрдүүлэгч манай улсад нийт хөрөнгийн найм орчим хувь нь ногддог аж. Энэ тоо үнэхээр чамлалттай бөгөөд манайх дэлхийн зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төдийгөөр л оролцож буйн жишээ юм. Тэгвэл дэлхийд өрсөлдөхүйц эцсийн бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэх, түүхий эдээ дотооддоо бү­ рэн боловсруулах, мөн малын гаралтай түүхий эдийн ханшийг унагаахгүй байх талаар манай улс ямар бодлого баримталж буй бол? Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Бидний хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ажил бол малынхаа эрүүл мэндийг сайжруулах. Үүний дараа малаас гарах түүхий эд, ашиг шимийн талаар ярих хэрэгтэй. Одоогоор Мал эмнэлгийн ерөнхий газартай болж, Мал, амьтны эрүүл мэнд, Малын генетик нөөцийн тухай хууль батлуулсан нь нэг алхам боллоо. Түүнчлэн анхан шатны боловсруулалт хийгээгүй ноос, ноолуурыг экспортлохыг зогсоосон. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүү­ лэхийг зорьж буй. Төрийн бодлого ажлын байр нэмэгдүүлэх, түүхий эдээ бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангах, шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа” гэлээ.

Сүүлийн 20 гаруй жил бид малынхаа “биед” анхаараагүйн улмаас хонины амьдын жин гэхэд бараг 2-3 дахин багассан гэнэ. Мэдээж давжаарсан хониноос гарах бүх төрлийн түү­ хий эд бага. Харин идэш, тэжээлийн хувьд том, давжаа аль ч хонь адилхан иддэг гэнэ. Мөн шимэгчээс үүдсэн гэмтэл малын арьс, ширний 70 орчим хувийг эзлэх болжээ. Үнэ цэнэ бүхий нарийн, нарийвтар ноост хонины эзлэх хувь нийт сүрэгт тун бага байгаа аж. Өөрөөр хэлбэл, малын тоо толгой нэмэгдсэн нь ч ашиг шим нь бага, зарцуулах хүч, хөрөнгө их хэвээр байна. Хавартаа шинэ төлтэйгөө нийлээд 80 орчим сая мал адгуулах болсон манай улсад бэлчээрийн даац хэтэрч асуудал дагуулсаар байгаа. Мөн түүхий эдээ бүрэн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал бага тул дотоодын хэрэгцээнээс илүүдсэн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох нь зүйн хэрэг. Иймгүйсэн бол мөн л өрсөлдөөн багасаж үнэ буурах аюултай гэнэ. Түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн “барих” болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Хөдөө аж ахуйн биржийн ерөнхий менежер Б.Чулуунбаатар “Түүхий эдийн үнэ өсөхөд малчид баярлаж, үйлдвэрлэгчид гонсойдог. Одоогоор ноосны үнийн өсөлт үндэсний үйлдвэрлэгчдэд дарамт учруулаад байна. Тэд ноосны шимтгэл болох арилжааны үнийн дүнгийн 0.32 хувийг нэмэгдүүлэхийг хүссэн. Ингэснээр үнэ буурч, түүхий эд дотооддоо үлдэх боломжтой гэж үйлдвэрлэгчид тооцож буй. Бид зах зээлд оролцогч талуудын хэн, хэний эрх ашигт нийцсэн бодлого баримтлахыг хичээнэ. Шимтгэл нэмэх, эсэх асуудлаар судалгаа хийж байгаа” гэсэн юм.

Дашрамд дурдахад, ирэх онд багтаан Хөдөө аж ахуйн биржийн дэргэд том хэмжээний агуулах, нарийн шинжилгээний лаборатори ашиглалтад оруулах бөгөөд малчид түүхий эдээ дундын зуучлагчгүй борлуулах боломж бүрдэх гэнэ. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн нөөц бүрдэж, үнэ нь тогтвортой байж, үйлдвэрлэгчдэд ч өгөөжөө өгөх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)