Ноосны урамшуулалтай холбоотой төсөвт ачаалал үүсэхгүй байх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” болон “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайд Д.Дорлигжав өргөн мэдүүлэв. 

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай“ Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол тус тус батлагдсанаар Монгол Улс малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэнд төрөөс анх удаа урамшуулал олгох болсон нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд эерэг олон нөлөөлөл авчирсан хэмээн үзжээ. 

Гэвч эдгээр тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь амьдрал дээр нотлогдсоор байгааг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

Тиймээс уг нөхцөл байдлыг харгалзан энэхүү асуудлаар 2015 онд Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлал, тогтоолын төслийг 2 удаа боловсруулж, Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас “тогтоол батлагдснаар гарах нэмэлт зардал, төсөв дээр ирэх ачааллыг тооцож, Сангийн яамтай тохирсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанд оруулах”-аар шийдвэр гарсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны батлагдсан төсвийн багцад урамшуулалд олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн тул энэхүү тогтоол батлагдснаар ноосны урамшуулалтай холбоотой төсөвт ачаалал үүсэхгүй юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)