Ноолуураар ноёлох боломж бий гэв

Монгол, Хятадын эдийн засгийн чадамж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ их ялгаатай. Гэхдээ бид нэг зүйлээр хоорондоо ойролцоо буюу дэлхийн зах зээлд нэг жилд бэлтгэн нийлүүлдэг ноолуурын хэмжээгээрээ бараг адилхан. Олон улсын зах зээлд жилд 23 000-25 000 тонн ноолуур бэлтгэдэгийн 90 хувийг Монгол болон ӨМӨЗО нийлүүлдэг. Үүний 10 000 орчим тонн буюу 40 гаруй хувь нь манай улсад ногддог бол үлдсэн хэсэг нь урд хөршид хамаарна. Харин Монгол бэлтгэсэн түүхий эдийнхээ 10 орчим хувиар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад урд хөршийнхөн дэлхийн ноолуурын зах зээл дэх бэлэн бүтээгдэхүүний 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл ӨМӨЗО, манай улс хоёр газар зүйн байршил, уламжлалт мал аж ахуй, түүхий эдийнхээ үнэмлэхүй нөөцөд тулгуурлан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хорших, хамтарсан үйлдвэр байгуулах, брэнд бүтээгдэхүүн ч гаргах боломжтой талаар гурав дахь удаагийн “Монгол, Хятадын экспо”-гийн үеэр зохион байгуулсан “Ноолуурын салбарын өндөр дээд хэмжээний хөгжлийн олон улсын форум”-аар талууд хөндлөө.

Уг форумын үеэр ноолуур бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэлийн салбарт ажилладаг монгол, хятад, япон, итали мэргэжилтнүүд илтгэл тавин, өөрсдийн зах зээлийн давуу болон сул тал, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцов. ШУТИС-ийн профессор, доктор Д.Энхтуяа Монгол Улс ноолуур боловсруулах, үйлдвэрлэлийн салбарт орчин үеийн техник, технологи ашиглан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, цаашид бүтээгдэхүүний чанар, загвар, өнгө үзэмжийг улам дээшлүүлэхээр ажиллаж байна” гэв. Тодруулбал, ШУТИС нь Италийн “Мидсан” фирмийн лаборатори, Японы “Шима сейки” компанийн орчин үеийн сүлжмэлийн автомат машинууд, хүний биеийн гурван хэмжээсийг тодорхойлох төхөөрөмжтэй дэлхийн жишигт нийцсэн лабораторитой болсон аж.

Олон улсын байгууллагуудтай хамтран манайд ноолуурын гарал үүслийн судалгааг хийж буйг дурдсан юм. Үүнд Германы Ноос судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Монгол ноолуурын чанарын тэмдэг 2+2” төсөл багтаж байгаа аж. Дээрх судалгаагаар манай улсын бүх үүлдэр омгийн ямааны ноолуурын бүтэц, шинж чанарыг нарийвчлан тогтоожээ. Ингэснээр монгол ямааны ноолуур нь Азийн сонгодог ноолуур болохыг баталсан аж. Мөн бусад орноос бэлтгэдэг ноолуурын чанартай харьцуулсан үнэлгээг гаргасан бөгөөд зарим орныхоос харьцангуй нарийн ширхэгтэй, хэмжээ нь урт болохыг тогтоосон гэнэ. Чанар сайтай ноолуур, ноос, хөөврийн гарцтай байх нь байгаль, цаг уур, уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалдаг байна. Тиймээс Монгол болон ӨМӨЗО-оос дэлхийн ноолуур бэлтгэлийн дийлэнх хувийг ханган, чанартай түүхий эд бэлтгэх бүс болдог байх нь.

Урд хөршийнхөн “Ноолуурын салбарын өндөр дээд хэмжээний хөгжлийн олон улсын форум”-д ӨМӨЗО-ыг тухайлан дурдан, бүс нутгийн онцлог, ноолуурын салбарын шинэчлэл, үйлдвэрлэлийн дэвшлээ танилцууллаа. Тэд өндөр чанартай ноолуурын зах зээлд Өвөр Монголын байр суурийг бататган, ноолуурын салбарын гинжин хэлхээний бүтээмжийг дээшлүүлж, жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүдийг тогтвортой, харилцан зохистой, “ногоон” байдлаар хөгжүүлэхийг зорьж буй гэлээ. Урд хөршийнхөн ойрын гурван жилд ноолуурын чиглэлийн ямааны аж ахуйн хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гадаад, дотоодын дэвшилт технологи, менежментийн туршлагыг ашиглан, үйлдвэрлэлийн хаягдлыг 0 хувьд хүргэх аж. Мөн түүхий эд худалдан авах, нэхмэл бүтээгдэхүүний нийлүүлэлтээ өсгөн, өндөр зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн бүтээгдэхүүний гарал үүслийг илтгэх, баталгаажуулах зорилгоор “Өвөр Монголын ноолуур” таних тэмдгийн загвар гаргуулж, чанарын зэрэглэлийн стандарт, нормыг батлан, дэлхийн зах зээлд сурталчлах ажлаа эхлүүлэхээр төлөвлөж буй юм билээ.

Ноолуур бэлтгэлийн ажлын зардал, түүхий эдийн үнэд бүтээгдэхүүн татан төвлөрүүлэх хугацаа, орон зай тодорхой нөлөө үзүүлдэг байна. Бас малчдад түүхий эдээ богино хугацаанд, бага зардал, өндөр үнээр борлуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын чиглэлийн ямааны аж ахуйн цогцолбор бий болгох, ноолуур үйлдвэрлэлийн парк хөгжүүлбэл зохилтойг Хятадын талаас форумд оролцогчид дурдсан юм. Тухайлбал, Ордос, Баяннуур, Бугат, Улаанцав, Хөх хотын аж ахуйн нэгжүүдэд тулгуурлан, оновчтой төлөвлөлт хэрэгжүүлэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг үйлдвэрлэлийн паркт төвлөрөн суурьшихыг уриалж эхэлжээ. Улаанхад хотыг тойрсон Шилийн гол, Тунляо, Хянган, Хөлөн буйр хотыг хамруулсан Хятадын зүүн бүс дэх ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн паркийг ашиглалтад оруулах гэнэ. Товчхондоо, урд хөршийнхөн “Өвөр Монголын ноолуур” гэсэн чанарын тэмдгийг дэлхий нийтэд таниулж ноолуур бэлтгэлийн төв цэг буюу нутгийн зүүн бүсдээ түүхий эд бэлтгэх, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн хэмжээний төв байгуулах ажилд ханцуй шамлан оржээ. Үүнээс гадна урд хөршийн ноолуурын салбарын эргэн тойронд бэрхшээлтэй асуудал олон байгааг дурдсан юм. 

Тодруулбал, богино хугацаанд өндөр ашиг олох зорилгоор Өвөр Монголын ноолуурын салбарт гадаад, дотоодын үр дүнгүй хөрөнгө оруулалт нэмэгдэн, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тоо олширч, бүтээгдэхүүнийх нь чанар ахихгүй байгааг онцоллоо. Үүнээс шалтгаалан зах зээлд түүхий эдийн эрэлт үүсэн, томоохон аж ахуйн нэгжүүд сул зогсоход хүрч буй гэнэ. Ойрын жилүүдэд эрэлт болон нийлүүлэлтийн зохист харьцааг хангахыг зорьж, үйлдвэрлэлийн бүтээмж өндөр, дэвшилт технологи нэвтрүүлсэн, хүчин чадал сайтай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, түүхий эдээр тасралтгүй хангах боломжийг яаралтай бүрдүүлэхэд анхаарна гэсэн. Мөн жижиг, дунд зарим аж ахуйн нэгж хоорондоо нэгдэх, бүтцийн өөрчлөлт хийж, хоцрогдсон технологи, төхөөрөмжөө үйлдвэрлэлээс халснаар үйлдвэржилтийг улам хөгжүүлэх боломжтойг онцолж байв.

Олон улсын зах зээлд нэг жилд ноолууран бүтээгдэхүүний худалдаанаас 1.7 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийдэг юм байна. Анхан шатны боловруулалтад оруулсан таваарыг эцсийн бүтээгдэхүүн болгоход 5-6 дахин их ашиг олох боломжтой байдаг аж. Тиймээс хоёр улс ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчнаас бэлэн бүтээгдэхүүн борлуулагч хүртэлх дамжлагад оролцогч бүрийн ашгийг өсгөх, тогтвортой ажлын байрыг хадгалах, эдийн засгийн өгөөж өгөх боломжийг байнга эрэлхийлэх хэрэгтэй гэнэ. Уг салбарт инновац, дэвшилт технологийг эрчимтэй нэвтрүүлснээр тодорхой хэмжээний түүхий эдээс гарах ашиг нэмэгдэх боломжтой аж.

Дэлхий нийтэд ноолуурыг “зөөлөн алт” хэмээн нэрлэдэг. Тиймээс ч ноолууран хувцас, эдлэл тансаг хэрэглээнд тооцогдон, эдийн засгийн өгөөж нь өссөөр байгаа. Гэхдээ ноолууран бүтээгдэхүүний түүхий эд боловсруулах явц нь мал болон байгаль орчинд ээлгүй, хүн, хүүхдийн хөдөлмөрийг мөлждөг гэх шуугиан дэлхий нийтэд түгэх хандлага нэмэгдсэнийг дурдлаа. Энэ нь ноолууран эдлэлийн зах зээлийг өөр ширхэгт сүлжмэл, даавуун бүтээгдэхүүнд булаалгах, бүтээгдэхүүний үнийг бууруулах магадлалтай талаар форумд оролцогчид санал нэгдэж байв. Тиймээс түүхий эд бэлтгэлийн үе шатыг олон нийтэд зөвөөр таниулах, сурталчлах хэрэгтэй гэдэгт мөн л санаа нийлэв.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү “Энэ удаагийн форумд манайхаас ноолуурын чиглэлийн 30 орчим ахуйн нэгж оролцож байна. Тэд урд хөршийнхөнд бүтээгдэхүүнээ сурталчлах, үйлдвэрлэгчдээс туршлага судлах, хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт татахыг зорьж ирсэн. Зөвшилцөлд хүрч, хамтран ажиллах цөөнгүй гэрээ хэлцэл байгуулж буй нь дамжиггүй. Цаашид манай хоёр улс ноолууран бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалах, дэлхий нийтэд эерэг ойлголт төрүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг ханган, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд санал, зорилгоо нэгтгэн ажиллах шаардлагатай. Манай улсын хувьд ноолуурын салбар харьцангуй хөгжиж байна. Түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр өсөж буй. Өнгөрсөн жил гэхэд уг салбарт ажлын 1800 байр бий болсон. Энэ онд багадаа 500 ажлын байр гаргах төлөвлөгөөтэй” хэмээн ярив. Түүнчлэн форумын үеэр монгол, хятадын уран бүтээлчдийн урласан ноолууран бүтээгдэхүүний загварын шоу толилуулсан юм.

“Монгол, Хятадын экспо”-гийн үеэр Монгол, Хонконг, Макао, ӨМӨЗО-ы эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурлыг мөн зохион байгуулсан. Энэ үеэр ӨМӨЗО-ы байгаль цаг уурын таатай нөхцөл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжил, хот төлөвлөлт, ядуурлыг бууруулах чиглэлд хийж буй дорвитой бүтээн байгуулалтыг танилцууллаа. Дэлхийн үнэт чулууны нөөцийн 50 хувийг хөрсөндөө агуулдаг, байгалийн хий, нүүрсний томоохон ордуудтай, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Хятадад дээгүүрт жагсдаг ӨМӨЗО-ыг их өгөгдлийн сан хэмээн нэрийдэв. Улмаар Хонконг, Макао, Израил, Япон, Солонгосын зочдод Өвөр Монголын талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ашигтай хамтран ажиллахаа илэрхийлсээр байлаа. Харин хонконгчууд технологийн дэвшил, хиймэл дагуул зэргийг Өвөр Монгол болон Монгол Улсын мал аж ахуйд нэвтрүүлэх боломжтой буюу бэлчээрийн даац, үржил шим, гүний усны нөөцийг тодорхойлох, улмаар харьцангуй бага талбайн цаг уурын өөрчлөлтийг урьдчилан танддаг дэвшилт технологи, төхөөрөмжийг танилцуулсан. Мөн бэлчээр, бүс нутгийн өгөгдлийн сан үүсгэн хянах, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөхийн ач холбогдлыг дуулгалаа.

Үүнээс гадна манай улс гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдээ хэлэлцүүлэв. Нийт 60 гаруй төслийг нэрлэн, 41 тэрбум юанийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг Үндэсний хөгжлийн газрынхан дурдлаа. Түүнчлэн манай улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын болон бусад хөнгөлөлт, газар эзэмших журам зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)