Номхроогүй “Дагестан бүргэд” зодог тайллаа

UFC холбооны хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тамирчин Х.Нурмагомедов “UFC 254” арга хэмжээний үеэр АНУ-ын Ж.Гэтжиг хоёрдугаар үед буулгаж авснаар аварга цолоо гурав дахь удаагаа амжилттай хамгааллаа. Улмаар дагестан тулаанч зодог тайлж буйгаа зарласан юм. Тэрбээр замналынхаа турш 29 тулаанд оролцсоноос (үүнээс 13 удаа UFC-д) бүгдэд нь ялсан. Ийнхүү ялагдал гээчийг амсаагүй ховор амжилттай Хабиб тамирчны амьдралаа өндөрлүүлж, спорт сонирхогчдыг октагон дахь тулаанаараа дахин баясгахгүй боллоо. “Дагестан бүргэд”-ийг дэлхий даяар ийн магтаж байна.

- “1996 онд NBA-ийн финалын дараа М.Жордан нулимсаа барьж чадахгүй байсныг өнөөдрийн үйл явдал санууллаа. Тэр мөчийг санаж байна уу, аавуудын өдөр байсныг. Эцэг Жэймс нь амь үрэгдсэний дараах М.Жорданы анхны аваргын цом. Тэр мөчийг сагсан бөмбөг сонирхогчид хэзээ ч мартахгүй. Хамгийн агуу тоглогч шалан дээр хэвтээд бөмбөгөө тэврээд уйлж байсныг. Хабиб тун давамгай байгаа учраас түүний шийдвэрт итгэхэд бэрх. 1993 онд Жорданаас хойш нэг ч тамирчин оргил үедээ спортоо орхиж байсан тохиолдол үгүй”.

ESPN-ий сэтгүүлч А.Хельвани

- “Эцэг Абдулманап ард нь зогсож байсан ч энэ бол зодог тайлах төгс мөч байлаа. Хабибыг агуу тамирчин гэдгийг бүгд мэднэ. Гэвч тэр өнөөдөр өөрийгөө хүнд үед ч уйлдаг бидэн шиг энгийн хүн гэдгээ харууллаа”.

Yahoo!-ийн сэтгүүлч К.Йойл

- “Сайн тулаан, Хабиб. Би үргэлжлүүлэн тулалдана. Аавд чинь дахин хүндлэл болон эмгэнэл илэрхийлье. Мөн чамд, гэр бүлд чинь. Хүндэтгэсэн, Макгрегорын гэр бүл”.

Холимог тулаанч К.Макгрегор

- “Дийлдэшгүй”.

Хабибын өрсөлдөгч асан Д.Порье

- “UFC-ийн түүхэн дэх агуу аваргад баяр хүргэе. Биширмээр замнал. Чиний эсрэг тулалдсандаа үргэлж талархаж байх болно, анд минь. 29-0. Маргаангүй, ялагдашгүй”.

UFC-ийн аварга асан Д.Кормье

- “Хабиб бол миний мэдэх хамгийн агуу тулаанч. Хэзээ ч дийлдэшгүй”.

“Юта жааз” багийн төвийн тоглогч Р.Гобер

- “Хабибын эцэг түүнийг 30 дахь тулаанаа Жорж Сен-Пьерийн эсрэг хийхийг хүсдэг байсан. Чухам үүнээс шалтгаалж тэр эргэн ирж болох юм”.

АНУ-ын зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч Ш.Кинг

- “Баяр хүргэе, найз минь. Аав нь чамаар бахархаж байгаа”.

“Ювентус”-ийн довтлогч К.Роналду

- “Тулаанаас гурван долоо хоногийн өмнө Нурмагомедов хөлөө хугалсан. Тиймээс өнөөдөр түүний тулааныг үзсэн бид азтай. Дэлхий дээрх хамгийн мундаг хүмүүсийн нэг бол тэр”.

UFC-ийн ерөнхийлөгч Д.Уайт

Бэлтгэсэн: Н.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)